Г.Эрхэмбаяр: Бөхчүүд бид тансаг амьдралтай хүмүүс биш
Өнгөрсөн баасан гаригт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат шинэ аварга Г.Эрхэмбаярт зориулсан “Талархалын баяр наадам” Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод боллоо. Энэ үеэр Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын түүхт 92 жилийн ойн их баяр наадамд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны бөх, улсын аварга Г.Эрхэмбаяртай ярилцлаа.
.
-Юуны өмнө Монгол Улсын 21 дэх аварга болж наадамчин олноо баярлуулсанд баяр хүргье. Өнөөдрийн “Талархалын баяр наадам”-ын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж надад төрж байна. Би энэ бэлэг дэмбэрэлтэй ойн жил аварга болсондоо баяртай байна. Үндэсний бөхийн спортод олон жил, үнэн сэтгэлээс уйгагүй зүтгэснийхээ гавьяаг хоёронтоо хүртлээ. Аварга хэмээх энэ оргил амжилтад хүрэх нэг хэрэг. Харин энэ цолыг хамгаалж барилдах нь юу юунаас чухал гэдгийг би ард түмний харцнаас олж харлаа. Би хичээх болно. Намайг дэмжиж байсан Сэлэнгэ түмэндээ дахин дахин талархаж байна. Та бүхний минь залбирал Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээг аргадаж, надад хүч өгсөн.
.
-Та хоёр жилийн өмнө та их ойн баяр наадмаар ес даван үзүүрлэж, сэлэнгэчүүдийн 78 жил хүлээсэн хүлээлтийг тайлсан. Тэгш тоогоор төгссөн жилийн наадамд та үргэлж ийм өнгөтэй байдаг уу?
-Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222, Ардын хувьсгалын 92, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 82 жилийн тэгш тоо давхацсан баяр наадмаар түрүүллээ. Би чинь тэгш тоогоор төгссөн жилд цол авч, авсан цолоо мөн л энэ мөчлөгт ахиулсан байх юм. Сонин байгаа биз. Хоёрын тоо надад аз авчирдаг байж ч мэдэх юм.
.
-Та учраа бүрийг төвөггүйхэн буулгаж байгаа харагдсан. Бэлтгэл нь сайхан таарч дээ. Наадмын бэлтгэлийг хаана базаасан бэ?
-Барилдааны бэлтгэл сайхан таарсан. Би жил жилийн наадмын бэлтгэлээ “Төр хурах”-ын аманд хийдэг. Энэ хайрхан надад өгөөжөө олон хайрласан. Надтай таарч барилдсан учраа бүр хүчтэй байсан. Тухайлбал, дөрвийн даваанд надтай таарч барилдсан Баянхонгор аймгийн арслан Б.Эрдэнэхүү тун эвгүй байлаа. Түүнтэй тал таарахгүйгээс барилдааны эхэн үед нэлээн тэвдсэн. Харин тавын даваанаас хойш сандрах нь багассан. Учир нь тавын даваанаас хойш амлаад барилдчихдаг болохоор амлуулах бөхийнхөө сул талд зориулан наадмын бэлтгэлээ хангасан болоод тэр. Их шөвөгт үлдсэн бөхчүүдийн ихэнх нь надтай өмнө нь таарч барилдсан. Энэ нь надад нөлөөлсөн юм болов уу.
.
-Өнгөрсөн Сар шинийн барилдаанд төвөггүй найм давж түрүүлсэн таныг энэ жил аварга болно хэмээн олон хүн бөхийн тааварт нэр дэвшүүлж байсан?
-Монголчууд Сар шинийн барилдаанд түрүүлсэн бөхийг наадмаар сайн барилддаг хэмээн ярьцгаадаг. Би үүнийг баталж аварга боллоо. Баяртай байна.
.
-Таныг бөхийн удамтай гэж сонссон юм байна. Бөхтэй холбогдоход энэ нөлөөлсөн үү?
-Тийм ээ. Манай удамд Даншгийн босоо Шагдар, улсын заан Ц.Баярсайхан гээд бөхчүүд байдаг. Намайг өдий зэрэгтэй сайн барилдахад удам нөлөөлсөн биз. Миний аав намайг дунд сургуулийн хүүхэд байхад улсын арслан У.Мижиддоржийн гарт хөтөлж аваачин бөхийн спортод оруулсан. Яг энэ цаг үеэс би бөхтэй илүү ойр нөхөрлөсөн гэж боддог. Үүнээс өмнө үе тэнгийн найз нартайгаа дээл хувцсаа тасдуулан байж ноцолддог байлаа.
.
-Та анхныхаа цолыг сумын наадмаас эхлүүлсэн үү?
-Би сумынхаа Түнхэл тосгоны баяр наадамд түрүүлж сумын заан болсон. Харин 2001 онд Г.Элбэг багшийгаа дагаж Хөвсгөл аймгийн 70 жилийн ойн баяр наадамд зодоглосон. Энэ наадмын зургаагийн даваанд улсын начин Б.Бадралыг өвдөглүүлж аймгийн начин цолтой болсон. Энэ цолтойгоо төрийн наадамд хоёр жил барилдсан боловч доогуур даваанд унасан.
.
-Таныг аймгийн арслан болох гэж яарахаасаа илүү начин болох гэж яарсан гэж сонссон?
-Тийм. Би 2002 оны наадамд начин болох гэж их яарсан. Түүнээс өөр цолонд шунасан үе надад байхгүй. Учир нь тэр жил миний аавын бие тааруу байсан болохоор улсын цол авч аавыгаа баярлуулъя гэж л бодоод тэр. Аав минь намайг бөх болоход хамгийн их нөлөөлсөн хүн. Тиймээс аавыгаа амьд сэрүүнд нь улсын цол авч ачийг нь хариулъя гэж бодоод. Уг нь сайн судалбал би Завхан гаралтай хүн юм билээ. Манай аав, ээж Завхан аймгийн Баянхайрханы уугуул. Гэхдээ ажил, амьдралын гараагаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд эхлүүлж, үр хүүхэд биднийгээ төрүүлж өсгөсөн. Аав минь ч амьд сэрүүн байхдаа Сэлэнгэ аймгийн Мандал сум гэж дуудуулж, овоглуулж яваарай гэж захисан. Аав, ээж минь энэ сайхан нутагт төрүүлж өсгөөгүй бол би гэдэг хүн ямар ч байдалтай явж байх юм билээ гэж сая нутагтаа очиход омогшиж, баярлаж байна.
.
-Та Монгол Улсын 21 дэх аварга боллоо. Таны эрэмбэ улсын аварга О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат нарын дээр гарна. Өөрөөр хэлбэл, та аваргуудыг амлах эрхтэй гэсэн үг?
-Өнгөрсөн наадмаар би шөвгийн дөрөв, түүний өмнөх жилд үзүүрлэж арслан болсон. Тиймээс миний эрэмбэ дээшлэх байх аа. Харин аварга цолтой бөхийг амлах гэдэг арай л өөр хэрэг. Аварга цолтой бөхийг амлана гэхээр санаанд нэг л бууж өгөхгүй байна.
.
-Таныг аймгийн цолтой бөхчүүдийн зовлонг их сайн ойлгодог гэх юм билээ. Доошоо цолтой бөхчүүдээс илүү дээшээ цолтой бөхчүүдийг сонгож барилдах сонирхол танд байдаг юм болов уу гэж бодогдсон?
-Манай Сэлэнгэ аймгийнхан дээрээсээ татлаа, түтлээ гэчих том бөхчүүдтэй байгаагүй. Улсын ганц нэг начингууд байдаг ч гэсэн тэд маань арай л жулдаад байдаг байлаа. Энэ ч утгаараа манай Сэлэнгийн бөхчүүд бор зүрхээрээ явж ирсэн. Би ч гэсэн өөрөө цол авах гэж өвдөг чичрээд явж байсан үе бий. Тэр болгоныг анзаарч, мэдэрч байхад аймгийн цолтонгуудыг зовлон их. Энэ жил аймгийн цолтонгуудыг авах боломж байсан ч гэлээ ер нь больё доо гэж бодогдсон.
.
-Ноднин та бас начны таваанд улсын цолтой бөх авч барилдсан байх аа?
-Би улсын арслан болсноосоо хойш хоёр дахь жилдээ барилдлаа. Ноднин бас улсын начин Нямсүрэнг авч барилдсан. Ер нь ч энэ нь зөв юм билээ. Эс бөгөөс цолны даваан дээр аймгийн цолтой бөхийг аваад барилдчихаар нөгөө найраа гэх эвгүй ярианд орчих гээд байдаг.
-Найраа гэдэг зүйл үнэхээр байдаг юм уу. Гэхдээ бөхчүүд хэзээ ч хэлдэггүй?
-Бөхчүүд бид тансаг амьдралтай хүмүүс биш. Хэн нэгэнд олон саяар нь өгөх мөнгө байхгүй ээ. Аймгийн цолтой нэг бөх хамаг амьдрал, ар гэрээ хаян байж арай хийн улсын цолонд хүрэхэд найрааны начин гэх мэтээр цоллоод байвал урам зоригийг нь мохооно шүү дээ.
.
- Г.Өсөхбаяр аварга Н.Түвшинбаярт тахимаа өгсөнийг та хэрхэн харж байсан бэ?
-Г.Өсөхбаяр аваргын яриа, Н.Түвшинбаяр аваргын ярилцлагыг ч сонссон. Энэ үүднээсээ Г.Өсөхбаяр аварга зөв зүйтэй зүйл хийсэн болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл Н.Түвшинбаяр аварга Монгол эх орныхоо нэрийг тив дэлхийн тавцанд гаргасан хүн. Монгол хүн хөдөлмөрлөж чадвал ямар ч амжилтанд хүрч болдогийг залуустаа харуулсан. Ийм мундаг хүн үндэсний бөхийн спортдоо эргэж ирсэнд Г.Өсөхбаяр аварга баярласан байх. Бид бүгд ч баярлаж байсан.
.
-Амжилттай яваа эр хүний ард бүсгүй байдаг гэдэг. Та эхнэрийнхээ талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-Ар гэр маань энэ спортыг ойлгохгүй, янз бүрийн байдлаар асуудал гаргавал энэ амжилтанд хүрэхгүй. Одоо бодоход өнгөрсөн 11 жилийн хугацаанд ганц бие хүн шиг явж байхад гэр бүлийн маань хүн амь амьдралыг минь авч явж, бөөцийлж ирсэн. Үүний хүчинд өнөөдөр ийм сайхан үйл явдал болж байна. Миний хань сэтгэлзүйч, тогооч, асрагч гээд бүх л төрлийн мэргэжилтэн. Ханьдаа их баярлаж явдаг даа. Бид намайг цол, хэргэм аваагүй, оюутан ахуй цагтаа л гэр бүл болсон. Түүнээс хойш 11 жил болж байна. Үйл хөдлөл, зан ааш, бүх л зүйлээрээ ижил дасал болчихож. Бид Ариунзаяа, Саруулзаяа хоёр хөөрхөн охинтой.
.
-Өнөөдрийн наадмаар танд бэлгийн хур нэлээд бууж байх шиг харагдаж байна?
-Бууж байна аа. Нутаг орныхоо буянтай улсууддаа их баярлаж байна. Би төрийн наадамд 16 дахь жилээ барилдаж байна. Энэ сайхан хөдөлмөрийг маань нутгийн ах дүү нар маань үнэлж байгаад баярладаг. Буяндорж ах маань намайг залуу байхаас авахуулаад дэмжиж, улсын цолонд хүрэхэд маш их нөлөөлсөн.
.
-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.
-Баярлалаа.
Б.Одон
Гэрэл зургийн Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ