Чөлөөтийнхөн Красноярскт эхний тэмцээндээ өрсөлдөнө
2011 он бол спортынхны хувьд өндөр хариуцлагатай жил. Тамирчдыг 2012 оны Лондонгийн олимпийн эрхийн оноо авах тэмцээн уралдаан хүлээж байгаа. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан 2011 оны тэмцээнийхээ салхийг удахгүй Красноярскт болох ОУ-ын тэмцээнээр хагалах гэж байна. Тэдний өрсөлдөх эхний тэмцээн бол хойд хөршид болох ЗХУ-ын ГД Георгий Дмитрович Мендешвилийн нэрэмжит чөлөөт бөхийн ОУ-ын тэмцээн юм.
Красноярскт болох ОУ-ын тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан, зарим клубын тамирчидтай нийлэн баг бүрдүүлэн өрсөлдөх юм байна. Үүний дараа чөлөөтийнхөн Красноярскт энэ сарын 27-30-ны өдрүүдэд болох Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд зодоглоод тэндээсээ Буриадыг зорихнээ. Учир нь 2-р сарын 4-6-ны хооронд Буриад улсын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн А зэрэглэлийн тэмцээнд оролцоод мөн 2-р сарын 3-5-нд АНУ Колорада мужид Дев Шульцийн нэрэмжит ОУ-ын А зэрэглэлийн тэмцээнд зодоглохнээ. Мөн энэ тэмцээний дараагаар чөлөөтийн тамирчдыг буурал Европт явагдах хэд хэдэн тэмцээн хүлээж байгаа юм байна. Харин эрэгтэй тамирчид хойд хөршид болох тэмцээнд өрсөлдсөний дараа Турк болон Иранд тэмцээнд оролцох юм. Тэгвэл эмэгтэй тамирчид Турк, Францад болох тэмцээнд зодоглох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Хойд хөршид болох тэмцээнд зодоглох багийн тамирчдыг голдуу залуу тамирчдаар бүрдүүлсэн гэдгийг чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном хэлж байлаа. А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ