
“Хятадын орчин үеийн урлаг” уран бүтээлийн үзэсгэлэн маргааш “Маршал арт” галлерейд нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд 10 уран бүтээлчийн бүтээл тавигдах бөгөөд найман өдрийн турш үргэлжлэх юм. Эндээс олон мянган жилийн түүхтэй Хятад үндэсний уран зураг өнөөгийн цаг үед хэрхэн хувьсан хөгжсөнийг харж болох юм.
Уг үзэсгэлэн нь Монгол улсын ССАЖЯамны сайд Ц.Оюунгэрэл, Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн тэргүүн П.Цэгмид нарын урилгаар БНХАУ-ын Урчуудын эвлэлийн хорооны дарга, Дэлхийн зураачдын холбооны ерөнхийлөгч Лю Да Вэй тэргүүтэй хятадын уран зургийн нэрт төлөөлөгчид манай улсад айлчилж байгаатай холбоотойгоор зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр хоёр улсын дүрслэх урлагийн хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг илүү ойр болгохын тулд “Монгол Хятадын зураачдын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийг байгуулах аж. Мөн БНХАУ-ын зураачид Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаар аялж Монголын ард түмний аж амьдрал, байгалийн сайхантай танилцах юм байна.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ