Д.Тунгалаг: Шинжилгээгээр тогтоохоос нааш импортын бүтээгдэхүүнүүдийг татахгүй
Хятадын хүүхдийн тэжээлийн үйлдвэрлэдэг “Dumex”, “Hangzhou Wahaha” болон “Кока Кола” компанийн тус улс дахь салбарууд, Францийн “Danone” зэрэг компанийн бүтээгдэхүүнүүд Clostridium botulinum хэмээх нянгаар бохирдсон байх магадлалтай аж. Учир нь амьсгал боогдуулж, булчингийн үйл ажиллагааг саажуулдаг энэхүү нян илэрсэн Шинэ Зеландын “Фонтеррад” компанийн 2012 оны 5 дугаар сард үйлдвэрлэсэн WPC80 код бүхий шар сүүний хатаасан уургийг дээрх компаниуд ашиглан хүүхдийн сүүн тэжээл, йогурт, өндөр хэмд ариутгасан ундны сүү, тамирчдад зориулсан уургийн бэлдмэлийг үйлдвэрлэжээ. Иймээс олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс Үйлдвэр хөдөө аж ахуйн яам/ҮХААЯ/-ныхан өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн юм.
.
Манай улсад 2012 оны байдлаар 24.9 мянган ам.долларын сүү, сүүн бүтээгдэхүүн гаднаас орж иржээ. Үүнд 4.7 мянган тонн хуурай сүү, 2.3 мянган тонн нь хатаасан шар сүү, 388.5 тонн жижиглэж савласан хүүхдийн хоол тэжээл багтаж байгаа аж. Гэтэл дээрх импортоор орж ирсэн сүү, сүүн бүтээгдэхүүний 90 орчим хувь нь дээрх нян илэрсэн Шинэ Зеланд улсаас орж иржээ. Иймээс Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/, ЭМЯ-наас дээрх бүтээгдэхүүнд дотоод нөөц бололцоогоо ашиглан эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай байгааг ҮХААЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар/ХҮБХЗГ/-аас анхааруулж байв. Тус газраас уг асуудалтай холбоотойгоор МХЕГ, Гаалийн ерөнхий газар/ГЕГ/-т албан тоот хүргүүлсэн байна. ГЕГ-аас өнөөдөр юм уу маргаашдаа багтаагаад дээрх нянгаар бохирдсон шар сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн компаниудын ямар ямар төрлийн бүтээгдэхүүн манайд орж ирсэнийг ҮХААЯ-нд мэдээлэх аж.
.
ҮХААЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Д.Тунгалагийн хэлж буйгаар манайд Clostridium botulinum нянгаар бохирдсон хатаасан шар сүүгээр хийсэн бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн байхыг үгүйсгэхгүй аж. Гэтэл үүнийг мэргэжлийн байгууллагууд шалгаж тодруулахад доод тал нь 7 хоног шаардлагатай юм байна. Иймээс нарийвчилсан шинжилгээний хариу гартал энэ төрлийн импортын бүтээгдэхүүнийг зах зээлээс татах боломжгүй гэсэн мэдээллийг тэрээр мөн өглөө. Өөрөөр хэлбэл дээрх төрлийн нянгаар бохирдсон эсэхийг тогтоохоос нааш энэ төрлийн бүтээгдэхүүнийг яаран зах зээлээс татах нь тухайн импортлогч компанийн нэр хүнд, эрх ашгийг хөнддөг гэнэ. Иймээс иргэд энэ хугацаанд импортын хуурай сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаж авахдаа л анхаарах үлдэж байна.
.
Clostridium botulinum нь өндөр хэмд ч тэсвэртэй бөгөөд хүнийг үхэлд хүргэх аюултай нян аж. Иймээс энэ нянгаар бохирдсон хүнсийг хэрэглэснээс хойш 18-36 цагийн дараа нүд бүрэлзэх, хэл яриа гацах, юм залгих боломжгүй болох, булчин сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Шинэ Зеландын “Фонтеррад” компани нь дэлхийн хүнсний үйлдвэрлэлээрээ эхний 3-т багтдаг бөгөөд одоогоор энэ төрлийн нянгаар бохирлогдсон байж болзошгүй 40 орчим тонн бүтээгдэхүүнийг улс орнуудад тараажээ. Тус компаниас тосгүй сүүнээс гаргасан хуурай сүүн бүтээгдэхүүн Clostridium botulinum нянгаар бохирдоогүй гэж мэдээлжээ. Гэсэн ч тус компанийн 2012 оны 5 дугаар сард үйлдвэрлэсэн шар сүүний хуурай бэлдмэлийн 18 тонныг Австарли улс импортлон хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэсэн бөгөөд үүнээс нь дээрх нян илэрсэн байна. Мөн дэлхийн нэртэй 8 компани энэ төрлийн нянгаар бохирдсон бүтээгдэхүүн авч үйлдвэрлэлдээ ашигласныг “Фонтеррад” компанийн ерөнхийлөгч Theo Spiering хүлээн зөвшөөрчээ.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ