Засгийн газар Монголбанкийг ганцаардуулж байна

. Ханшийн өөрчлөлтийг хэрхэн харж байгаа, ямар арга хэмжээ авах талаар Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлж, захын тогтвортой байдлыг хангах зорилгоор удахгүй валютын захад “том” оролцож, шаардлагатай зохицуулалтыг хийхээр зэхэж байгаа” гэсэн юм.
.. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь нөхцөл болсон макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд мөнгөний бодлогыг чиглүүлдэг байгууллага бол Монголбанк. Энэ ч утгаараа иргэд тус байгууллагад хариу нэхсэн асуултуудыг тавиад байгаа юм.
. Монголбанкнаас зарласан ам.долларын ханшийг долдугаар сарын сүүлч байдлаар 1495.70 төгрөг буюу төгрөгийн ханш оны эхнээс 6.9 хувиар суларч байсан. Үүнд, нэг талаас манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ унаж, БНХАУ-ын дотоод эрэлт буурснаас үүдэн экспортын орлого өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурсан нь нөлөөлсөн.
. Нөгөө талаас дэлхийн хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал, манай улсын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт 30 гаруй хувиар багассан нь ч нөлөөлсөн гэж үзэж байгаа. Энэ нь өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхэлсэн ч Монголбанкнаас зохих арга хэмжээг ээлж дараалан авсны үр дүнд ханшийн огцом хэлбэлзэл үүсээгүй байдаг.
. Харин сүүлийн хэд хоногийн ханшийн сулрал нь “Хадгаламж” банкийг Төрийн банктай нэгтгэж байгаа үйл явц валютын захын оролцогчдын хүлээлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Тухайн цаг үед Монголбанкнаас шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн учраас энэхүү үйл явц нь цаашид валютын захын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг хэлж байсан.
. Харин валютын захын нөхцөл байдлыг Монголбанк бүрэн анхаарч, ханшийн огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилгоор валютын дуудлага зохион байгуулж, дотоодын захад байнга оролцож байгаа. Ер нь бол жилийн эхний хагаст валютын эрэлт нь нийлүүлэлтээсээ давамгайлах байдал ажиглагддаг аж. Тухайн нөхцөл бүрт Монголбанкнаас захад валют нийлүүлэн ханшийн огцом хэлбэлзэл үүсгэхээс сэргийлж ажилладаг гэсэн юм.
. Түүнчлэн Монголбанкнаас Төв банкны болон Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмол хийн төгрөгийн нийлүүлэлтийг зохицуулж байгаа юм байна. Цаашид ч Монголбанк шаардлагатай тохиолдолд эдгээр арга хэрэгслээр дамжуулан захад оролцох учраас ханшийн огцом хэлбэлзэл үүсэхгүй гэж байгаа. Харин цаашид ам.долларын ханш чангарах уу, сулрах уу гэдэг нь макро эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалах юм.
. Нөгөө талаар валютын зах зээл дэх “том” оролцоо болох Монголбанкны хүч тарамдах вий гэсэн айдас ч бас бий. Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарт наяд, наядаараа орж ирэх хөрөнгө оруулалт тээнэглэзээнд орчихлоо. Учир нь “Оюутолгой”-н хоёр дахь төсөл хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байна.
. Манай улсаас “олигтой” хариу өгөхгүй бол хөрөнгө оруулалт “нам” зогсох ч магадлалтай. Монголбанк дан ганц валютын захад оролцвол энэ дарамтаас гарч чадахгүй. Засгийн газар Монголбанкийг ганцаардуулалгүй хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэй юм. Тиймээс оновчтой хариулт л их горьдлого, их хүлээлтийг үүсгээд буй.
. Н.Мөнхгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ