
Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд манай улс эдүгээ дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Андоррагийн Хант Улстай энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.
Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг, Андоррагийн Хант Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Нарcис Касал де Фонсдэвьела нар гарын үсэг зурав.
Ийнхүү Андоррагийн Хант Улстай дипломат харилцаа тогтоосноор манай улс НҮБ-ын гишүүн 155 улстай дипломат харилцаатай болж, тус улстай хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцах, хамтран ажиллах илүүтэй боломж нээгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ