“Монгол” кино үргэлжилнэ
ОХУ-ын нэрт найруулагч Сергей Бодров Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн “Монгол” киноныхоо үргэлжлэлийг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэрээр 2007 онд “Монгол” киног дэлгэцнээ гаргаж, шилдэг гадаад кино номинацид “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан юм.
Дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж чадсан уг киноны талаар С.Бодров ОХУ-ын “Кинопоиск” цахим хуудасны сэтгүүлчид ярилцлага өгчээ. Уг ярилцлагад “Чингис хааны тухай киноны дараагийн үргэлжлэл зохиол бараг л бэлэн болсон. Одоо зураг авалтын газраа сонгох ажил хийгдэж байна.
Киноны зураг авалтыг Монголд хийх үү, Хятадад хийх үү гэдгийг хараахан шийдэж чадаагүй байна. Миний хувьд энэ хоёр улсын алинтай ч гайгүй харилцаатай.
Би Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн гурамсан кино бүтээхээр анхнаасаа эрмэлзсэн. Хоёр дахь кинонд энэ аугаа хүний хижээл насны тухай өгүүлэх юм. Уг нь зураг авалтыг энэ зун эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч амжсангүй. Гэхдээ зураг авалт тун удахгүй эхэлнэ” хэмээн өгүүлсэн аж. Сонирхуулахад С.Бодров одоогоор Холливудын Жефф Брижес, Жулианна Мур, Бен Барнс зэрэг одуудын тоглосон “Долоо дахь хүү” адал явдалт киноны зураг авалтаа дуусгаад байгаа аж. Уг киноны нээлт ирэх жилийн нэгдүгээр сард болох юм байна.Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ