
Монголын Регбигийн Холбооноос зохион байгуулж буй “Регби Фестиваль 2013” тэмцээн нь энэ сарын 17, 21, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.
Регбигийн Холбооны 10 жилийн ойн хүрээнд болж байгаа уг тэмцээнд Англи улсын Оксфордын Их сургуулийн Хертфорд коллежийн баг хүрэлцэн ирж байгаагаараа онцлог.
“Регби фестиваль 2013” нь Монгол улсад шинэ тутам эрчимтэй хөгжиж байгаа Регбигийн спортыг сурталчлах, монголын спорт сонирхогчдод таниулах зорилготойгоор 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.
Энэхүү тэмцээн 7 хоног үргэлжлэх бөгөөд 3 цуврал тоглолтыг хийнэ. Тэмцээний эхний өдрийн тоглолтыг Монголын Их дээд сургуулийн төлөөлөл болох Батлан Хамгаалахын Их сургуулийн нэрэмжит баг Хертфордын коллежийн багийн эсрэг тоглох ба тэмцээний 2 дахь өдөр Олимпийн наадмын төрөлд багтсан “Регби 7”-ийн төрлөөр Монголын Регбигийн Холбооны харъяа 4 клуб болон Хертфорд коллежийн баг оролцон тоглоно.
Харин гол тоглолтыг “Улаанбаатарын дайчид” клуб, Хертфордын коллежтэй тоглохоор төлөвлөжээ. Хертфордын коллежийн баг нь Регбигийн спортын өлгий нутаг болох Английн Их сургуулийн томоохон баг ба тамирчид нь тус коллежийнхоо салбар сургуулиудаас бүрджээ.
Цаашид энэ фестиваль нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар болсныг албаны хүмүүс нь мэдэгдлээ. Дашрамд дурдахад, 3 өдрийн тоглолтын тасалбар 3000 төгрөгийн үнэтэй юм байна.
Д.Одончимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ