Б.Бат-Эрдэнэ: Монгол бөхийн ёс жудаг, эр хүний сайхан чанар төлөвшилтийг орхигдуулж болохгүй

img

Эрт эдүгээгийн алдарт хүчтэнүүдийнхээ адил хөдөө нутгийн ариун дагшин хөрс шороон дээр төрж өсч, Өмнөдэлгэрийн сургуулийн танхимаас  барилдааныхаа гарааг эхэлсэн, эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутгийн хүү Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бол “Монгол Улсын дархан аварга” хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн цөөхөн хүчтэний нэг, ард түмэн, бөхчүүддээ “Их аварга” хэмээн хайрлагдан хүндлэгдэж явах хувь тохиосон хүн билээ.

Радио телевиз, хэвлэл мэдээллийн ажилтнууд Б.Бат-Эрдэнэ аваргатай баяр наадмын дэвжээг чимж ид барилдаж явахад нь олонтаа уулзаж, ярьж хөөрч явсан ч өөрийнх нь тухай тун цөөн зүйлийг сонссон байдаг. Тэрбээр “Би жирийн нэг тамирчин, онцгой гавъяа байгуулчихсан хүн биш шүү дээ” гэж нэгэн ярилцлагадаа өгүүлсэн нь бий. “Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэдэг дээ. Бодвол аварга бөхийн дэвжээнд бүхнээ хэлсэн, хэлнэ гэж боддогоос нэг их юм ярьдаггүй байсан болов уу. Харин одоо өөрийнхөө тухай цөөн боловч үг хэлж ярьдаг болсон.

Энэ их бөхийн барилдааных амжилтын намтар түүхийг өгүүлсэн сурвалжилсан тэмдэглэл, бодол эргэцүүлэл, дурсамж ярилцлагын “Монгол Улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ” хэмээх ном бичиж өргөн олны хүртэл болгохоор шийдэж энэ номынхоо “Сэтгэлд мөнхрөн үлдэх дурсамжууд” гэсэн бэсрэг бүлгийн хойморт их аваргыг урьж, Л.Бадмаанямбуу аав, Д.Цэнд ээжийн хүү болж хорвоод мэндэлсэн тэр цаг мөчөөс өнөөдрийн өдрийг хүртэлх амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхэд, барилдааны намтар түүх, бөхийн ёс жудаг гээд өргөн дэлгэр сэдвээр хуучилсан юм. Энэ хууч ярианаас нутаг ус, аав ээж, бөхийн ёс жудаг, эр хүний эрхэм чанар, төлөвшилтийн талаар юу гэж өгүүлснийг уншигч олондоо хүргэе.

-Монгол орны ариун дагшин хийморлиг нутгийн нэг нь Хан Хэнтий аймаг. Ой хөвчөөр баян, рашаан ус нь ундарсан энэ сайхан нутаг усанд төрж өссөн хүн. Нутаг ус, хүүхэд ахуй насны тань гэгээн  сайхан  дурсамжаар  ярилцлагаа  эхлэх  үү? -Би Хан Хэнтийд төрж, Хэрлэн голын усаар ундаалж өссөн хүн. Хүний унасан газар, угаасан ус гэдэг цаг үргэлж сэтгэлийн үзүүрт уяатай, жил ирэх, нас ахих тутам улам их санагддаг болох юм. Өндөрхаанд төрж, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр сумын нутагт хүүхэд ахуй нас минь өнгөрсөн. Миний төрж өссөн нутаг ус даанч сайхан нутаг л даа. Уултай устай, тал хөндий, ой хөвч хослосон сайхан нутаг. Би тэнд анх хөлд орж, хурга тугалд гүйж, голынх нь хөвөөнд үеийнхэнтэйгээ ноцолдож унахдаа унаж, хаяхдаа хаяж, усанд нь шумбаж умбаж өссөн хүн. Хүүхэд ахуй насны минь эгэл борхон амьдрал өчигдөрхөн юм шиг санагдаж байна.

Аав, ээж, ах, эгч нартайгаа хамт байсан хүүхэд ахуй насныхаа гэгээн сайхан үеэ эргэн дурсахад сайхан байна. Бидний үеийнхэн хатуу гараар зөөлөн хүмүүжсэн улс. Нэг мөнгийг хоёр болго гэхээс нэг мөнгийг алга болго гэж бидэнд сургаж байсангүй. Тэр жилийн наадмаар 8 төгрөгтэй яваад 5 төгрөгөөр нь дүүтэйгээ хуушуур авч идээд, үлдсэн 3 төгрөгийг аавдаа буцааж өгч байлаа. Би чинь аавынхаа 48, ээжийнхээ 43-тайд төрсөн хүн шүү дээ. Аав ээж хоёрынхоо хайр энэрэл дор өнгөрүүлсэн хүүхэд ахуй нас минь, аав ээжтэйгээ элэг бүтэн байсан тэр он жилүүд хүний амьдралын хамгийн гэгээлэг сайхан, жаргалтай  үе  байж  дээ.

-Тийм ээ, үнэхээр ариун дагшин нутаг ус. Түүний дээр эзэн Чингисийн маань өлгий нутаг гэхээр таны сэтгэлд илүү дотно, омог төгөлдөр  буудаг  байх? -Манай түүхэнд Чингис хааныхаа нэрийг чангахан хэлэх эрхгүй он жилүүд байсан. Харин нилээд тодорхой ойлголт суусан үе гэвэл яах аргагүй ардчиллын он жилүүдээс эхтэй. Монгол улсын үндэсний бахархал бол эзэн Чингис хаан маань л юм байна гэж тэр үеэс л хэн хүнгүй бодож эхэлсэн байх. Энэ хүн монгол үндэстнийг нэгэн жолоонд оруулж, нэгдсэн Их Монгол улсыг байгуулсан. Их сэтгэгч, онолч, цэргийн гарамгай жанжин байлаа. Түүнтэй эн зэрэгцэх хүн дэлхийд ховор гэж эрдэмтэн мэргэд судлаачид үздэг.

Энэтхэгийн ерөнхийлөгч асан Жавахарлал Неру гуай “Юлий Цезарь, Македоны Александр, Наполеон Бонапарт нар Чингисийн дэргэд юу ч биш” гэж бичсэнийг олж уншсанаа санаж байна. Дэлхийн аль ч улс оронд, хаана ч явсан Чингис гэхээр Монгол, Монгол гэхээр Чингис гэж биднийг таньж хүндэтгэж байх жишээтэй. Биднийг ийм өндөр түвшинд хүлээж авч хүндэлдэгийг бодохоор эзэн Чингисээрээ  бахархахгүй  байхын  аргагүй.

-Аав ээж, эцэг өвгөдийнхөө тухай арай дэлгэрүүлж хуучлахгүй юу? “Б.Бат-Эрдэнэ аваргын аав бид нэг нутгийн үлс. Өвөө нь Орвоон дархан гэж их том биетэй, нутагтаа нэртэй тохьтой хүн байсан. Л.Бадмаанямбуу гуайн дүү Л.Намшир нь миний нагацтай нас чацуу, цэрэгт цуг мордож, хамт алба хааж байсан юм. Одоо ч гэсэн жигтэйхэн дотно шүү” хэмээн Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч, зохиолч сэтгүүлч Л.Дашням дурсан ярьсан байдаг. -Миний аав Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн хүн. Багадаа Булган сумын Баатарынх гэдэг айлд үрчлэгдсэн юм билээ. Аавын төрсөн эцэг Лувсандорж гэж хүн байсан. Манай тэр өвөг эцгийг нутгийнхан нь Орвоон дархан гэцгээдэг. Их том биетэй, хар төмрийн дарх л хийдэг, алт мөнгөний дарх гээд нарийн зүйл хийдэггүй, зөвхөн хар төмрөөрөө дагнасан хүн байсан гэдэг. Манай аав Булган суманд бага насаа өнгөрүүлсэн хүн. Хүн эмнэлгийн сургуульд орсон ч биеийн эрүүл мэндийн байдлаас болоод сургуулиа төгсөж чадаагүй орхиж, дараа нь багшийн сургуульд суралцан төгсөж, Баянхонгор аймгийн Баянлиг, Баацагаан, Бууцагаан зэрэг суманд багшилж байсан. Одоо ч гэсэн аавын шавь нар нь гээд настай хөгшчүүл байдаг юм.

Багш, эмч нарыг цэрэгт татдаггүй байсан болохоор аав Халх голын дайнд оролцоогүй. Харин 1942 онд цэрэгт татагдаж цэргийн ерөнхий сургуульд суралцаж төгсөөд танкийн механик, жолооч мэргэжилтэй болж 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явжээ. Дараа нь Хэнтий аймгийн төвд байрлаж байсан танкийн бригадад алба хаагаад энх цаг ирж цэрэг армийг цөөлж цомхотгох үед 1952 онд халагдаж, ээжтэй гэр бүл болж Хэнтий аймагт суурьшсан хэрэг. Багшийнхаа ажлыг хийлгүй шууд жолооч болсон юм. Хэнтийн авто тээврийн аравдугаар бааз, Өндөрхааны сангийн аж ахуйд олон жил жолооч хийсэн дээ.

Миний ээж Даржаагийн Цэнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, хуучнаар Сэцэн хан аймгийн Мэргэн гүний хушууны Агийн Даржаа гэдэг хүний хүүхэд, хошуу ноёны удмын хүн. Ээжийн дээр хоёр ч эрэгтэй хүүхэд гараад багадаа арав орчим насандаа эндчихсэн гэдэг. Хоёр ах нь бүтээгүй болохоор ээжийг их энхрийлж, хүмүүсээс нууж, манай нутгийн Хүүхэн хутагтынд аваачиж орхиод хөлд орсон хойно нь авсан юм билээ. Хүүхэн хутагт гэдэг хүн бол Өмнөдэлгэрийн баруун залгаа Жаргалтхан сумаас тодорсон, Халхын тамгатай хутагтуудын нэг. Ээжийг бүр том болтлоо буруу энгэртэй дээл өмсдөг их энхрий хүүхэд байсан гэж 96 нас сүүдэр зооглосон манай эмээ ярьдаг байлаа.

Харин Даржаа өвөө идэрхэн насандаа бурхан болсон гэсэн. Манай ээжийн хамаатан Цэнджав буурай “Агийн Даржаа бол их өндөр сайхан биетэй, морь уядаг хүн байлаа. Би морийг нь их унасан. Танай ээж бие томтой хүүхэд болохоор хурдны морь нэг их унаагүй. Манайхан Агийн Даржаа гэдэг хүнийг “ажаа” гэж авгайлдаг байсан. Манай ажаа баян айлын эрх дураараа өссөн хүүхэд. Олон сайхан хурдан морьдтой хүн байж билээ. Нас гүйцсэн морины дэл засаж, хөхөл боож байгаа нь дааганы дэргэд зогсож байгаа юм шиг харагддаг. Хүмүүс ажаатай ярихдаа бараг дээшээ өлийж байж ярьдагсан” гэж хуучилж байсан. Тэгэхээр хоёр талын өвөө нар минь аль аль нь бие томтой улс байсан байгаа юм.

-Таны өвөө Орвоон дарханыг Баянхонгор аймгийн уугуул гэж ярихыг сонсож явсан. Бас таныг Жамбал гэж барилддаг хүний охины хүүхэд, бөх удамтай гэж ч бичиж  байсан?.................... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
urgeljlel bhgui bnshtdee
2013-03-10