Төсөв 145 тэрбумын алдагдалтай байна

img

Монголын Үндэсний статистикийн хороо /МҮСХ/-оос өнөөдөр энэ оны эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар танилцууллаа. Өнгөрсөн долоон сарын хугацаанд шинээр төрсөн хүүхдийн тоо нэмэгдсэн, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо болон халдварт өвчинд өртөгсдийн тоо буурсан гээд нийгмийн салбарын хувьд олон сайн тал ажиглагджээ. Харин төсвийн болон гадаад худалдааны тэнцлийн алдагдал их байгаа, чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдсэн зэрэг эдийн засгийн хувьд зарим таагүй үзүүлэлтүүд гарсан байна.

.

Хүн ам 2 сая 900 мянгад хүрэв

.

Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард нийтдээ 45815 эх амаржиж, 46043 шинэ иргэн мэндэлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны долоон сартай харьцуулахад 3256 ээж, 3284 хүүхдээр өссөн үзүүлэлт аж. МҮСХ-ноос мэдээлж буйгаар ийнхүү жил бүр төрөлт нэмэгдэж буй нь 1980-1990 оны хооронд манай улсын хүн ам ихээр өссөнтэй холбоотой юм байна. Тодруулбал дээрх онд төрсөн хүүхдүүд өдгөө нөхөн үржихүйн насанд хүрсэн нь ийнхүү жил бүр манай улсын хүн амын төрөлтөд голлон нөлөөлжээ. Ингээд энэ оны 1 дүгээр сарын 1-ээс 7 дугаар сарын 10-ны хооронд манай улсын хүн ам 2 сая 900 мянгад хүрчээ.

Харин 0-1 насны хүүхдийн эндэгдэл өнгөрсөн оноос 24 хүүхдээр буюу 3.5 хувиар буурсан бол 1-5 насандаа эндсэн хүүхдийн тоо 6.4 хувиар буюу 9 хүүхдээр өссөн харамсалтай мэдээлэл гарсан байна. Түүнчлэн халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо долоон сарын байдлаар 24530 байгаа нь 2012 оны эхний долоон сартай харьцуулахад 2533 хүнээр буурсан үзүүлэлт юм байна. Учир нь энэ жилийн эхний хоёр улирлын хувьд салхин цэцэг, гахайн хавдар, тэмбүүгээр өвчлөгсдийн тоо буурчээ.

.

Бүртгэлтэй ажилгүйчүүд буурчээ

.

Эхний долоон сарын байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо сүүлийн 10 жилтэй харьцуулахад хамгийн ихээр буурсан дүн гарчээ. 7 дугаар сарын эцэст 38.9 мянган хүн ажилгүй хэмээн бүртгэлд хамрагджээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 6700 хүнээр буурсан тоо аж. Тэгвэл нийгмийн халамжийн тэтгэвэрт дээрх хугацаанд 61900 хүн хамрагдсан нь өнгөрсөн оноос 9.3 хувь, олгосон мөнгөний хэмжээ 9.9 тэрбум төгрөг буюу 31.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна.

“Хүний хөгжил” сангаас 18 хүртэлх насны 926700 хүүхдэд 130.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд өгчээ. Харин 154400 иргэнд 18.5 тэрум төгрөгийг 21000 төгрөгийн хувь хишигт, 4900 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 4.7 тэрбум төгрөгийг нэг сая төгрөгийг хувь хишгээр тараасан байна.

.

Гэмт хэргийн тоо өмнөх жилүүдээс өслөө

.

Улсын хэмжээнд гарсан гэмт хэргийн тоог 2012 онтой харьцуулахад энэ оны эхний долоон сарын байдлаар 15.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал нийтдээ 14816 гэмт хэрэг гарснаас өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэргүүд их гарсан нь нөлөөлсөн байна. Үүний улмаас 2013 оны 7 дугаар сарын байдлаар 5198 хүн гэмтэж, 614 хүн амь насаа алджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүний тоо 257, нас барсан хүний тоо нэгээр нэмэгдсэн байна.

.

Хамгийн өртөг өндөртэй аймгийг Говь-Алтай тэргүүлжээ

.

 МҮСХ-оос мэдээлснээр аж үйлдвэрийн салбарын өсөлт нь Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий хэмжээнд нөлөөлжээ. Эхний хагас жилийн байдлаар 7.6 их наяд төгрөг хүрээд байгаа бөгөөд энэ нь жилийн өмнөхөөс 11.3 хувиар өссөн үзүүлэлт аж.

Харин хэрэглээний үнийн улсын индекс/ХҮУИ/ энэ оны долдугаар сард өмнөх сараасаа 0.1 хувь, оны эхнээс 4.9 хувь, өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өсчээ. Үүнд хувцас, гутал бөс барааны үнэ 0.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 1.8 хувиар буурсан нь ихээр нөлөөлсөн байна. Гэхдээ 2011 оны энэ үед ХҮУИ 14.5 хувьд хүрч байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт аж. Мөн холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 0.2 хувиар буурсан сөрөг үзүүлэлттэй байна. Гэтэл согтууруулах ундаа, тамхины хувьд 150.3 хувь, боловсролын үйлчилгээ 115.2 хувь, хувцас бараа бүтээгдэхүүний үнэ 111.8 хувь өсчээ.

Улсын хэмжээнд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн өдөр байгаа аймгуудыг Говь-Алтай тэргүүлжээ. Тус аймагт ХҮИ 3.7 хувьтай байгаа бөгөөд үүнд хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сард 8.5 хувиар өссөн нь ихээхэн нөлөөлжээ. Үүний дараа Баянхонгор аймаг ХҮИ 1 хувь, Булган 0.8 хувиар нэмэгдэж, удаалсан байна. Харин Дархан-Уул аймагт хүнс, хувцас, бусад бараа бүтээгдэхүүний үнэ буурч, хэрэглээний үнийн индекс хамгийн бага буюу 0.9 хувиар буурчээ.

.

Татварын орлого 7.5 хувиар нэмэгджээ

 .

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2013 оны 7 дугаар сард 3 их наяд 40 тэрбум төгрөг байгаа бол зарлага, эргэн төлөгдөх зээлийн нийт хэмжээ 3 их наяд 185.7 тэрбум болж, 145.6 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Гэтэл сүүлийн 10 жилийг харахад эдийн засгийн хямралтай жилүүдэд л улсын төсөв ийнхүү алдагдалтай гарч байсан аж. Тухайлбал 2009 онд буюу манай улсын эдийн засаг хямралтай байх үед 281.6 тэрбум, 2010 онд 129.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байжээ.

Харин татварын нийт орлогын тухайд 184.2 тэрбум буюу 7.5 хувиар нэмэгдэхэд дотоодын бараа үйлчилгээний орлого болон нийгмийн даатгалын шимтгэлийн орлого томоохон нөлөө үзүүлсэн байна.

.

Чанаргүй зээл сарын дотор 136 тэрбумаар өслөө

.

Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 7 дугаар сарын эцсийн байдлаар 9.1 их наяд төгрөгт хүрчээ.  Энэ нь өмнөх сараасаа 509 тэрбум төгрөг, өмнөх оны 7 дугаар сартай харьцуулахад 42 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 162 орчим тэрбум, чанаргүй зээл 453 орчим тэрбум төгрөг байгаа аж. Энэ нь хугацаа хэтэрсэн зээл өмнөх сарыхаас 11.6 тэрбум төгрөг, чанаргүй зээл 136 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 89.5 хувиар өссөн байгаа бол чанаргүй зээл 48.1 хувиар нэмэгджээ.

Харин мөнгөний нийлүүлэлт 7 дугаар сарын 31-ний байдлаар 8 их наяд орчим төгрөг болж, зургаан сараасаа 1.1 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 832.2 тэрбум төгрөг болж, зургадугаар сараас 3.6 тэрбум төгрөг, оны өмнөхөөс 30.8 тэрбум төгрөгөөр буурчээ. Түүнчлэн сүүлийн үед манайд үүсээд буй валютын ханшийн савлагаа болон “Хадгаламж” банк татан буугдсантай холбоотойгоор гадаад валютын хадгаламж өсчээ.

.

Нүүрсны экспорт 3 сая тонноор буурав

6

Манай улс он гарсаар эхний долоон сард дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6 их наяд 39 орчим сая ам.доллар байгаа аж. Гэсэн хэдий ч энэ жил манай улсын экспорт буурч 2 их наяд 400 орчим сая ам.доллар, харин импорт 3 их наяд 600 гаруй тэрбум төгрөг байгаа нь гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын алдагдалд оруулжээ. Энэ нь манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, цайр, төмрийн хүдэр, жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний гадаад зах зээл дэх эрэлт буурсантай холбоотой юм байна. Тухайлбал энэ оны 7 дугаар сарын байдлаар 8.3 сая тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 3 саяар, төмрийн хүдэр 70 мянган тонноор буурсан байна. Харин зэсийн баяжмал 2.1 мянган тонноор өсч, 332.2 мянган тонн болжээ. Мөн газрын тос 2.6 сая баррелл, алт 4.7 тонныг экспорлосон нь өнгөрсөн оноос өссөн үзүүлэлт юм байна.

Дашрамд дурдахад төмөр замын зорчигч тээврийн тоо он гарсаар 100 орчим мянган хүнээр буурсан ч ачаа тээвэр 250 орчим мянган тонноор өсчээ. Орлогын хэмжээ нь 241 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 3 тэрбум төгрөгөөр буурсан байна. Агаарын тээврийн тухайд оны эхний 7 сарын байдлаар ачаа болон зорчигчид нэмэгдсэнээр орлогоо 12.9 хувиар өсгөж, 125.4 тэрбум төгрөгт хүргэсэн байна.

Аж үйлдвэрийн салбарын хувьд ч энэ онд өсчээ. Тухайлбал цайр болон зэсийн баяжмал, газрын тос, алт зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.2-73.9 хувь, бусад хүнс, бараа, барилгын материалын үйлдвэрлэл 5.2 дахин нэмэгджээ. Энэ нь манай улсын аж үйлдвэрийн салбарын өсөлтийг нэмэгдүүлж, 1 их наяд 300 орчим тэрбум төгрөг болж, өмнөх оноос 8.6 хувийн өссөн үзүүлэлт юм байна.

6

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
гадаад худалдааны нийт бараа эргэлт 6 их наяд 39 орчим сая ам.доллар байгаа аж. Enhjargalaa too toolj sur.
2013-08-12