
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр “Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал” сэдвээр нээлттэй сонсгол хийлээ.
Өнгөрсөн жил шинэчлэн баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүрээлэгч орчны аюулгүй байдалтай холбоотой нэлээд шинэлэг заалтууд орсон бөгөөд УИХ-ын гишүүд ойрын үед байгаль орчинтой холбоотой 60 гаруй хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа тул хууль, бусад шийдвэр гаргах үйл явцад иргэд, мэргэжлийн байгууллага, иргэний нийгмийн төлөөллийн саналыг авах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаагаа УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Я.Батсуурь сонсголыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд болсон энэхүү сонсголд төрийн байгууллагуудаас БОАЖЯ, ХХААХҮЯ, ҮАБЗ-ийн Ажлын алба, МХЕГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, ОБЕГ, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС-ийн Биологи, биотехнологийн сургууль зэрэг байгууллагын ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагуудаас Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Ногоог загалмай нийгэмлэг, Монголын байгаль хамгаалах хөдөлгөөнүүдийн эвсэл зэрэг байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагуудаас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ДБХС, Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчид оролцов.

Сонсголд БОАЖ-ын сайд Л.Гансүх “Хүрээлэн байгаа орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын үр дагаврыг бууруулах нь”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын орлогч дарга З.Батбаяр “Усны нөөцийн хомсдолоос сэргийлэх нь” сэдвээр илтгэл тавилаа. Мөн хүрээлэгч орчны бохирдлоос үүдэлтэй олон асуудал дотор тэр бүр яригдаад байдаггүй хоёр сэдэв байсан нь “Биологийн олон янз байдлын хадгалалт, ашиглалт ба хамгаалалт” болон “Хүрээлэн байгаа орчин ба цэргийн үйл ажиллагаа” гэсэн илтгэлүүд байлаа.
Сонсголд оролцсон Байнгын хорооны гишүүд илтгэгчдэд хүрээлэгч орчин, түүний дотор агаар, ус, хөрсний бохирдол, бэлчээрийн даацтай холбоотой олон асуулт тавьснаас хамгийн их анхаарал татсан нь усны нөөцийн асуудал байв. “Хамгийн үнэ цэнтэй атлаа хамгийн үнэгүйдэж, замбараагүй хэрэглэгдэж байгаа, байгаль орчны №1 асуудал болох усыг үндэсний хэмжээнд бодлогын том асуудал болгон, олон улсын хамтын нийгэмлэг, дэлхийн түвшинд гаргаж тавихгүй юм уу? Энэ асуудал нэгэнт гамшгийн хэмжээнд хүрчихээд байна шүү дээ” гэсэн Д.Тэрбишдагва гишүүний асуултанд Л.Гансүх сайд хариулахдаа, Усны асуудал бол олон жилийн турш хуримтлагдаж ирсэн, цааш олон жил яригдах том асуудал. Урьд өмнө эдийн засгаа л хөл дээр нь босгоход анхаараад байгаль орчны асуудлыг орхигдуулж ирсэн. Байгаль орчны салбар хамгийн сүүлийн хуваарилалтаар төсвийн үлдэгдлээс санхүүжилт авдаг байсан бол одоо хүрээлэгч орчноо сэргээх ойлголт концепцоороо өөрчлөгдсөний дотор усны төлбөрийн асуудлыг олон хуульд оруулж ирж байгаа. Ус ашигласны болон бохирдуулсны төлбөрөөс орох орлогоор усаа цэвэршүүлэхэд хөрөнгө оруулах, гүний усны мониторинг хийх, гадаргын усны эргэлтийг үр өгөөжтэй ашиглах, гол мөрдийн урсцыг тогтвортой байлгаж усыг нь тогтоон барих, эргийн усны хэрэглээг хягаарлах, хур боороны ус хуримтлуулах байгууламж барих зэрэгт их том бодлого, ихээхэн хөрөнгө шаардлагатай юм. Засгийн газраас “Ус” үндэсний хөтөлбөр боловсруулан баталж, усны үнэлэмжийг шинэ түвшинд гаргах, усны хяналтыг чангалах зэрэг арга хэмжээ аван, энэ жилийг “Усны жил” болгон зарлаад явж байна. Эхнээсээ аль болохоор зөв бодлого баримталж, усны асуудал эрхэлсэн шинэ бүтэц бий болгон, усны салбарын санхүүжилт, бүтэц, зохион байгуулалтад анхаарч, ус нь усаа санхүүжүүлэх зарчимд шилжмээр байна... гэсэн юм.
Түүнчлэн бэлчээрийн харилцааг зохицуулсан эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор УИХ-ын 19 гишүүн санаачлан, эрдэмтэд, яамны ажилтнуудтай хамтран боловсруулж, орон нутгийн 15 мянга гаруй хүний саналыг тусгаад УИХ-д өргөн барьсан “Бэлчээрийн тухай хууль” яагаад хойшлогдоод байгаа, монгол малын махны бүтэц өөрчлөгдөж буй нь байгаль орчны доройтолтой холбоотой эсэх, уул уурхайн олборлолттой холбоотойгоор усны нөөц хомсдож байхад Тавантолгой болон бусад уурхай усны хайгуул хийгээд гүний ус татах тохиолдолд гадны компаниудын ус ашиглалтын үнийг нэмэх шаардлагатай эсэх зэрэг олон асуудал энэ үеэр хөндөгдсөн юм.
“Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор парк барина гэж байна. Гэтэл том гүрнүүд хүрээлэгч орчноо хамгаалахын тулд нефть-химийн үйлдвэрүүдээ нутгаасаа шахан гаргаж байна. Манайх нефть, нүүрс болон бусад баяжмалыг ямар хэмжээнд хүртэл нь боловсруулах үйлдвэр барих гээд байна вэ?” гэсэн Г.Баярсайхан гишүүний асуултанд Д.Гансүх сайд:
-Бид овойж оцойтол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх. Тийм боловсон хүчин ч байхгүй, гаднаас л ажилчид авах байх, хагас бэлэн бүтээгдэхүүн л үйлдвэрлэх хэмжээнд байна гэж бодож байна гэж хариулав.
Н.Ганбямба гишүүний хувьд хүрээлэн байгаа орчныг гол бохирдуулагч нь уул уурхайн салбар учраас монгол даяар тархсан лицензүүдийг цэгцэлж хүчингүй болгох талаар ажиллах боломжтой эсэхийг лавлаад шинээр лиценз олгохыг л хориглосон, харин лиценз худалдах явдал хэвээрээ байгаа нь ийн асуухад хүргэж буйг тайлбарласан юм.
Илтгэлтэй холбоотой асуулт-хариулт дууссаны дараа иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөд үг хэлэх боломж олгоход “Ойчид, цэцэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн Р.Баярбилэг ойн баялгийн асуудал нэн чухал болохыг онцлоод Ойн судалгааны төв буюу Ойн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах саналаа илэрхийлсэн бол “Гамшгийн эсрэг үндэсний төв” ТББ-ын төлөөлөгч Ж.Ганбаатар “Хүрээлэгч орчны бохирдолд бизнесийн байгууллагуудын нийгмийн хариуцлага нэн чухал, бизнесийн байгууллагууд зүгээр л мөнгө өгдөг байх биш, тэдний бүтээгдэхүүн нь өөрөө нийгмийн харицлага болдог байх ёстой” гэсэн санаа дэвшүүллээ.
Нээлттэй сонсголыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Я.Батсуурь “Үндэсний аюулгүй байдлын анхны үзэл баримтлалыг баталсан 1994 онд байгаль орчны асуудал ийм хурцаар тавигдаж байгаагүй. Шинэ үед Мэдээллийн аюулгүй байдлаас авахуулаад олон шинэ асуудал гарч ирж байна. Өнөөдөр бид хүрээлэгч орчны аюулгүй байдалтай холбоотой өргөн хүрээтэй асуудлаар богино хугацаанд олон чухал илтгэл сонслоо. Байгаль орчны асуудал маш өргөн хүрээтэй учраас ус, агаар, газар, бэлчээрийн доройтол, байгалийн гамшиг, цэргийн экологийн асуудал зэрэг сэдэв тус бүрээр нь тусгайд нь сонсгол хийн хэлэлцэх нь илүү үр дүнтэй байж болох юм. Эдгээр илтгэлд олон талын тодорхой заалт, санал дэвшүүлсэн байгааг Байнгын хороо анхааран хүлээн авч, нэгтгэн судалж үзээд зохих түвшинд нь уламжилна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ