
“XX зууны монголын уран зохиолын үнэлэмж, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 15-17-ны өдрүүдэд болно.
Тус хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол судлалын үндсэний зөвлөл, Олон улсын Монгол судлалын холбоо, МУИС-ийн Улаанбаатар сургууль хамтран зохион байгуулж байна. ХХ зууны монголын яруу найраг, хүүрнэл зохиол, монгол жүжгийн судлалаар болон онолын сэтгэлгээ, судлал шүүмжлэл, харилцаа холбооны асуудал чиглэлээр гадаадын 19, дотоодын 25 эрдэмтэн судлаач илтгэлээ хэлэлцүүлнэ Эрдэм шинжилгээний хурал XX зууны монголын уран зохиолын онолын сэтгэлгээний хөгжлийн ололт, дутагдал, уламжлал шинэчлэлийн асуудал болон үүсгэн байгуулагчид, гол төлөөлөгчдийн туршлага, нийгмийн нөлөөлөл тусгал гажуудал зэрэг үнэлэмжтэй холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэж нэгдсэн ойлголттой болох талаар шинэлэг санал дүгнэлт дэвшүүлэх зорилготой юм.
Мөн XX зууны монголын уран зохиол судлаачдын арга барил, дадлага, туршлагыг нэмэгдүүлэх, ахмад эрдэмтэдээс суралцах, шинэ баримт хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэд нэвтрүүлэх зэрэг ач холбогдолтой.
МУИС-ийн Улаанбаатар сургуулий зөвлөх багш, ШУ-ны доктор профессор Д.Цэдэв “Бид Монголын XX зууны уран зохиолыг төрийн шагналтай хэдэн зохиолчдоор төсөөлдөг. Энэ үед хэлмэгдсэн олон чадварлаг зохиолчдыг гарган ирж судлах, хэрэгтэй. Тухайлбал, БНХАУ-д С.Буяннэмэх судлал ид цэцэглэж, 10 гаруй хүн түүний зохиол бүтээл дээр суурилан магистр, докторын зэрэг хамгаалсан байдаг. Гэтэл манайд байхгүй. Мөн тэрээр амьд сэрүүндээ 10 гаруй ном бүтээсэн байдгаас олдохгүй байсан нэг жүжиг нь Японы эрдэмтэнд хадгалагдаж байсан. Энэ мэт асуудлууд байна. Үүнийг нэг тийш цэгцэлж, бидэнд судалгаа хийхэд ойрхон мэт санагдаж байгаа ч баялаг түүх агуулсан нэгэн зууны уран зохиол судлалыг дэлгэрүүлэх шаардлагатай байгаа юм” гэлээ.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ