Ногоон байгууламжийг харшил үүсгэгч ургамал бүрдүүлж байна
“Харшил урвал үзүүлдэг ургамлын төрөл зүйлүүд, тэдгээрийн тоосжилт, үрлэлтийг хязгаарлах” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Тус хэлэлцүүлэг нь ургамлын харшил тоосжилтыг хязгаарлах, нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг нэгтгэх, иргэд олон нийтэд мэдээлэл олгох зорилготой юм. Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газраас санаачилсан уг хэлэлцүүлэгт эрүүл мэндийн газар, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн болон олон нийтийн төлөөлөлүүд оролцсон.
Харшил үүсгэгч ургамал ургах шалтгаан нь нийслэлийн агаарын болон хөрсний бохирдлоос үүдэлтэй. Үүнтэй иргэн бүр тэмцэж хашаан доторх шарилжаа устган, оронд нь зүлэгжилтийн ургамал тарьж түүнийгээ ургуулах хэрэгтэй байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм.
Харин хэлэлцүүлэгт ирсэн иргэдийн дийлэнх нь ургамлын тоосноос үүссэн харшилтай бөгөөд харшил түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх аргыг мэдэх зорилготой байв. Холбогдох албаны хүмүүс тэдний асуултад хариулт өгсөн юм.
“Сүүлийн үед харшил нь зөвхөн ургамлаас гэхгүй хүний идэж байгаа хоол хүнс болон хэрэглэж байгаа эд зүйлээс үүсдэг болсон. Тийм учраас өөрт харшил өгч буй зүйлийг хэрэглэхгүй байх нь сэргийлж болох хамгийн сайн арга юм. Харшил өвчин нь эдгэрдэггүй боловч эмчид үзүүлэн сорил тавиулж эмчлүүлэх хэрэгтэй” гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн хэлж байлаа.
Манай улсад харшилтай иргэдийн тоо сүүлийн 10 жилд ихээр нэмэгдэж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд 2000 оны байдлаар хамрын харшилтай иргэн 18 хувь байсан бол 2010 онд 24 хувь болон нэмэгджээ. Харин мөн онд багтраатай иргэн 2 хувь байсан бол 2010 онд 2,7 хувиар өсчээ.
Нийслэлд ургадаг 700 гаруй ургамлын 10 хувь нь харшил өгдөг
6
Ургамал судлаач Я.Дашжамцийн хэлснээр “Манайхан ногоон байгууламж байгуулахдаа согоовор, өлөнги гэх мэт хадлангийн ургамал тариад байна. Энэ нь буруу бөгөөд үүний оронд ботуул, ерхөг зэрэг зүлэгжилтийн ургамал тарих хэрэгтэй юм. Ийнхүү харшил үүсгэгч ургамал тариад түүнийгээ эргүүлэн устгах шаардлага тулгарч байна. Гэхдээ эдгээр ургамлыг ор үндэсгүй устгах бус ач холбогдлоор нь ялган эмийн болон тэжээлийн ургамал бэлтгэн ашиглаж болно.Үүнийг ургамал судлаачдын болон мэргэжлийн хүмүүсийн тусламжтай эхнээс нь л зөвөөр шийдвэрлэх ёстой. Тухайлбал, царван нь шарилжийн төрлийн буюу эмчилгээний ургамал бөгөөд харшлыг хамгийн ихээр үүсгэгч. Түүний дараа луулийн төрлийн ургамал ордог. Тэжээллэг учир малын бордоо, тэжээл хийхэд тохиромжтой байдаг” аж.
Улаанбаатар хотын хэмжээнд 700 гаруй ургамал ургадаг бөгөөд түүний 10 хувь нь харшил өгдөг байна. Яармаг, Хүй долоон худаг зэрэг бэлчээр нь далхлагдсан газруудаар их хэмжээгээр ургадаг байна.
Харшил үүсгэгч ургамлыг дүүрэг, хороодын иргэд зохион байгуулалттайгаар устгаж байгаа бөгөөд Баянгол дүүрэг өнгөрсөн амралтын өдөр 9 тонн шарилж, луулийн төрлийн ургамлыг устгажээ. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид 18 тонн шарилжийг устган био бордоондоо ашигласан байна.
6
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ