Захиалга өгөөгүй хүүхдүүдийг дүрэмт хувцасаар хангахгүй
Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн явцын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам/ҮХААЯ/-ны Хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар/ХҮБХЗГ/-аас мэдээлэл хийлээ. “Дүрэмт хувцас үйлдвэрлэх даавууг ерөнхийд нь Солонгосоос татаж дууссан” хэмээн тус газрын мэргэжилтнүүд хэлж байна. Эхний ээлжинд 1-3 дугаар ангийн хүүхдүүдийн хувцасыг оёж дуусгана. Одоогоор энэ ажил 40-50 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар 1400 ширхэг сурагчийн дүрэмт хувцас, 1500 ширхэг хүрэм, 1128 ширхэг цамц оёжээ. Улсын хэмжээнд сурагчийн дүрэмт хувцасыг нийтдээ 7 том үйлдвэр болон ээрэх, сүлжмэлийн, оёдлын зэрэг 100 гаруй жижиг үйлдвэрүүд оёж гүйцэтгэж байгаа. Эдгээр үйлдвэрүүд гэрээнийхээ дагуу энэ сарын 25-ны өдөр гэхэд 1-3 дугаар ангийн хүүхдүүдийн сурагчийн дүрэмт хувцасыг бэлэн болгохоор 3 ээлжээр ажиллаж байгаа аж. ХҮБХЗГ-ын дарга Ц.Баярмаагийн хэлснээр “Дүрэмт хувцасны даавууны чанар дээр эргэлзэх хэрэггүй. Бүгд нэг материалаар буюу Монгол хонины ноосон даавуугаар үйлдвэрлэж байгаа. Энэ жил сурагчийн дүрэмт хувцас шинээр оёх ажил орой эхэлсэн тул авсан захиалгаараа л ажлаа гүйцэтгэнэ. Захиалга өгөөгүй хүүхдүүд өмнөх жилүүдэд зах зээлд борлуулагдаж байсан дүрэмт хувцаснаас сонголтоо хийх боломжтой” гэнэ.
Манай улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуульд 540 мянган орчим сурагч байгаагаас энэ жил 350 мянга орчим хүүхэд шинэ дүрэмт хувцас өмсөх аж. Харин одоогоор сүлжмэл майк, задгай энгэртэй цамц гэх мэт дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдлийн захиалга 110 гаруй мянган иржээ. Дүрэмт хувцасны чанар, стандартад мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж байгаа бөгөөд энэ талаарх асуудлыг “Шилмэл загвар”, “Өэлүн менч”, “Төмөр трейд”, “Шүтэн-Уул”, ”Эрд сүлж”, “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” гэсэн компаниуд хариуцана. Түүнчлэн оёдлын үйлдвэрүүдийн туслах материалын татан авалтад сүүлийн үед үүсээд байгаа валютын ханшны өсөлт хүндрэлтэй тусч байгаа. Гэсэн хэдий ч анх байгуулсан гэрээний дагуу тогтоосон үнээр дүрэмт хувцасыг борлуулна. Ханшийн зөрүүний эрсдлийг үйлдвэрүүд өөрсдөө даан ажиллах юм байна.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ