
Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн засварын ажлын явц 70 хувьтай байна. Нийслэлийн хэмжээн дэх төрийн өмчийн 116 сургуулийн 31-д, 186 цэцэрлэгийн 22-д их засвар хийж байна.
Дээвэр солих, сан техникийн шугам хоолой шинэчлэх, цонх солих, анги нэмж тохижуулах гэх мэт сургууль, цэцэрлэгүүдэд хийгдэх их засварын тендерт ялсан компаниудын ихэнх нь наймдугаар сарын эхээр ажилдаа орсон. Эдгээр компаниуд ажлаа энэ сарын 25 гэхэд дуусгана гэсэн гэрээний нөхцөлтэйгөөр ажил гүйцэтгэж байна. Гэрээнд заасан нөхцлөө биелүүлэхгүй нэг компани байгаа нь ХУД-ийн 15 дугаар сургуулийн засварыг хариуцсан “Мөнх од цацрал” компани.
Сургууль, цэцэрлэгийн их засварыг хийж гүйцэтгэх компаниудтай ажлын гэрээ хийхдээ гүйцэтгэл дууссаны дараа хөрөнгө оруулалтыг хийнэ гэж тусгасан. Харин энэхүү компани ажлын явц 70 хувьтай боллоо, бид цаашаа ажиллаж чадахгүй, хөрөнгөгүй болсон гэж засварын ажлаа зогсоожээ. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа энэ компанид дүүрэг, нийслэлийн боловсролын хэлтэс, газраас ажлаа дууссаны дараа хөрөнгө оруулалтыг хийнэ гэдгийг мэдэгдээд байна. Мөн Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн их засварыг “Хааны эрэл” төслийн хүрээнд хийж байгаа ч ямар ч хяналтгүй байгаа юм. Дүүргийн боловсролын газрын мэргэжилтэн ажлыг нь шалгах гэвч, оруулдаггүй, төслийн удирдагчтай уулзуулдаггүй . Хэдий төсөл хөтөлбөрөөр, үнэ төлбөргүй их засвар хийж өгч байгаа ч чанарын шаардлагыг хангасан байх ёстой гэсэн шаардлагыг НБГ-аас тавиад байна.
Мөн Японы засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалттайгаар хэд хэдэн сургууль, цэцэрлэг их засвартай байна. Жишээ нь 73 цэцэрлэгт 136 сая төгрөгөөр хэмжигдэх их засварыг уг төслийн хүрээнд хийж байгаа юм. Одоогоор ажлын явц хэвийн, хугацаандаа багтаж ажлаа дуусгахаа илэрхийлсэн.
Хөрөнгө оруулалт нь зогссон нэг цэцэрлэг байгаа нь Гордокт баригдаж байгаа шинэ цэцэрлэг юм. Дээврийг нь хийгээд дуусах боловч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын санхүүжилт удаашралтай байгаа тул ажил зогсонги байдалд орсон.Их засвар оруулаад ч хүүхэд авах боломжгүй, амь насанд халтай гэсэн дүгнэлттэй 9 сургууль, цэцэрлэг нэрлэгдээд байна. Эдгээрт БГД-ийн 73 дугаар сургууль, 38 дугаар сургууль, 57 дугаар цэцэрлэг, 47 цэцэрлэг, СХД-ийн 26 дугаар цэцэрлэг, БЗД-ийн 146 дугаар цэцэрлэг, 10 дугаар цэцэрлэг, ЧД-ийн 18 цэцэрлэг, ХУД-ийн 32 дугаар цэцэрлэгүүд орж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч барилгын ашиглалтын үйл ажиллагааг зогсоох дүгнэлтийг гурван сургууль дээр гаргасан. Бусад зургаан сургууль, цэцэрлэгийг НИТХ-ын 2012 оны тогтоолоор хөрөнгө, барилгыг актлахаар шийдвэрлэсэн юм. Эдгээр сургууль, цэцэрлэгт хүүхэд оруулж болох эсэхийг дахин нягталсны эцэст Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргах болоод байна. Тиймээс эдгээр цэцэрлэг, сургуульд сурч, явж байсан хүүхдүүдийг ойр сургууль, цэцэрлэгүүдэд нь тараан байрлуулах зохицуулалтыг боловсруулж байна. Энэ зохицуулалтыг хичээл эхлэхээс өмнө олон нийтэд танилцуулна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ