Санхүүжилт “саасан” урт настай барилгууд

img

Хичээлийн шинэ жил эхлэхэд арваадхан хоног үлдээд байна. Энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусч, хүүхэд багачуудаа хүлээн авах бэлтгэл  ажил хийгдэж байдаг билээ.  Тэгвэл өчигдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц болон шал нь цөмөрч, дээвэр нь нурсан 59, 146 дугаар цэцэрлэгүүдийг шалгасан юм. Шалгалтыг Баянзүрх дүүргийн дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан, Засаг даргын орлогч Т.Батцогт, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын орлогч, боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Наранцэцэг, Боловсролын хэлтсийн дарга Ө.Алдармаа нарын албаны хүмүүс хийв.

.

Гурван он дамнасан цэцэрлэгийн барилга 180 сая төгрөгийн төсөвтэй эхэлжээ

.

Бидний эхний очсон газар нь Баянзүрх дүүргийн II хороо, 15 дугаар хороололд байрлах канад технологиор баригдаж буй 191 дүгээр цэцэрлэгийн барилга.  Тус цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэгч “БАЗ констракшн” анх 2010 оны 10 сард 180 сая төгрөгийн төсөвтэйгээр уг ажлыг эхлүүлсэн аж. Гэвч газрын маргаанаас үүдэн барилгын ажлыг гүйцэтгэхэд саад учирсан гэнэ. Он дамнан барилгын ажлаа эхлээд нэг давхараа дуусч байтал барилгын зураг буруу хэмээн дахин нураасан аж. Барилгын зураг нь тухайн үеийн Боловсролын яамны холбогдох албаныханы буруу гэдгийг гүйцэтгэгч компанийн инженер н.Батмөнх хэлсэн.  Ингэж зураг төсөл зөв, буруу гэж явсаар 2012 онд барилгын ажлаа үргэжлүүлтэл 2010 оны төсвөөр батлагдсан тул санхүүжилт нь дуусчихаж. Тиймээс шаардлагатай төсвөө тооцон  дахин 100 сая төгрөгийн санхүүжилт авах гэсээр байтал дахиад л он дамначихсан гэнэ. Гэтэл энэ онд дахин барилгын материалын үнэ өртөг нэмэгдсэн тул нэмж 100 сая төгрөг шаардлагатай хэмээн яамныханд хандвал “Эхлээд барилгаа барьчих, дараа нь гарсан зардлыг шилжүүлнэ” хэмээн мэдэгдсэн аж. Иймд гүйцэтгэгч байгууллага  нэгэнт эхэлсэн барилгын ажлаа ямар ч байсан дуусгах үүргээ хүлээн үзэн энэ сарын 1-ний өдөр дуусгахаар тохироод байжээ. Гэвч барилгын ажил үргэлжилсээр л. Тэд цэцэрлэгийн барилгыг ирэх ням гаригт бүрэн дуусгаж хүлээлгэж өгнө хэмээн амлалт өгөв.

Энэхүү 191 дүгээр цэцэрлэг нь автозамаас 3 метр хүрэхгүй зайд орон сууцны баруун талд баригдаж буй. Тиймээс цэцэрлэгийн багачуудын аюулгүй байдал юуны түрүүнд яригдах тул гадна тохижилт, хашааг хэрхэн шийдэж байгааг тодруулсан юм. Гэтэл гүйцэтгэгч компани зөвхөн цэцэрлэгийн барилга барина хэмээн тендерт оролцсон байх юм. Дүүргийн  зүгээс энэ тохижилтыг хийх боломжтой эсэхийг Засаг даргын орлогч Т.Батцогтоос тодруулахад “191 дүгээр цэцэрлэгийн тохижилтыг хийх ажил дүүргийн төсөвт суугаагүй. Асуудлыг шийдье гэвч дүүргийн хагас жилийн төсвийн тодотголд ороогүй. Боловсролын яам энэ барилгын тендерийг хариуцаж ажилласан. Анхнаасаа гадна тохижилт бүхий зураг төслийг тендерт шалгаруулах ёстой байсан. Яам ямар нэгэн хэмжээ авах ёстой. Яаж гадна тохижилтгүй үйл ажиллагааг нь эхлүүлэх вэ” гэж байв.

Харин тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Пүрэвцэрэн энэ талаар “100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 191 дүгээр цэцэрлэг анх баригдаж эхэлсэн үеэс л ашиглалтад орохыг хүлээж байна. Ирэх ням гаригт ашиглалтад өгнө гэж байна. Дотор тохижилтын асуудлыг яам  шийднэ. Тендер зарлагдсан санаа зоволтгүй гэсэн. Гол асуудал гадна тохижилт тул дүүргийн Боловсролын газарт хандсан. Дүүргээс нийслэлийн Боловсролын газарт хандан хүсэлт гаргахад энэ онд ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн. Арга ядаад өнгөрөгч долдугаар сарын 4-нд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Д.Арвин, Н.Ганхуяг нарт хувиараа хүсэлт гаргаад байна. Д.Арвин гишүүний туслахтай хоёр хоногийн өмнө холбогдсон. Хүсэлттэй чинь танилцсан, эргээд хариу өгье гэсэн тул хүлээж л байна” хэмээн учирлаж байлаа.

Ийнхүү гурван он дамнан баригдаж буй тус цэцэрлэгийн барилга анх  180 сая төгрөгийн төсөвтэй эхэлж байжээ. Гэтэл одоо 380 сая төгрөгийн санхүүжилт зарцуулагдаж байж энэ долоо хоногийн ням гаригт ашиглалтад орох гэнэ. Харин гадна  тохижилтын ажлыг хэн хариуцаж, хэрхэн шийдэх нь тодорхойгүй үлдэж байна. “Муу дээр муухай, муухай дээр улцан” гэгчээр хашааны баруун талд хажуугийн эмийн үйлдвэрийнхэн хогоо овоолчихоод ачиж, зөөхийг сануулсан ч үл тоодог гэх. Хамгийн гол нь Канад технолгийн модон караказ бүхий 20х40 харьцаатай хоёр давхар барилгыг 3-6 сарын хугацаанд хангалтттай барьж ашиглалтад өгөх боломжтой гэдэг юм билээ. Гэтэл захиалагчийн хариуцлагагүй зураг төсөл, гүйцэтгэгчийн хугацаа алдсанаас үүдэн төсвийн мөнгөнөөс дахин 200 сая төгрөг “хумсалсан”-ы хариуцлагыг хэн хүлээх вэ?

.

Шал нурсаныг засчихна, харин шалны суулт зүгээр яах ч үгүй гэжээ

.

Шалгалтынхан дараа нь тус дүүргийн VI хороонд байрлах 1968 онд баригдсан, насжилт хэдийнэ дууссан 59 дүгээр цэцэрлэгт очсон юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-д тус цэцэрлэгийн нэг давхарт байх угаалга, ариутгалын өрөөний шал цөмөрч, үйл ажиллагааг нь хугацаагүйгээр зогсоосон. Шал нурдаг яг тэр өдөр НИТХ-ын үеэр насжилт өндөртэй хэмээн тус цэцэрлэгийн асуудлыг ярьсан ч арай залуу хэмээн ирэх 2014 онд буулгаж шинээр барих талаар ярилцаж тохироод байсан гэдэг. Учир нь нийслэл хотод 1950-иад онд баригдсан барилгуудыг энэ онд буулган шинээр барихаар тогтсон аж. Шал нурснаас хойш тус цэцэрлэгийг дүүрэг, нийслэлийн мэргэжлийн байгууллагууд шалгаж, дүгнэлтээ гаргажээ. Тэдний дүгнэлт гарч, цөмөрсөн шалыг сэргээн засварлаж, энэ жилдээ хүүхэд багачуудаа аргалаад авах хэрэгтэй. Шинээр барина гэвч төсөв байхгүй гэсэн аж. Хэсэгчилсэн засварын ажлыг удахгүй эхлүүлнэ хэмээн нийслэлийн Боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай мэдэгдсэн гэнэ.

[caption id="attachment_268489" align="aligncenter" width="620" caption="сандал доогуур суулт өгсөн хэсэг харагдана"][/caption]

Цэцэрлэгийн ажилтнууд Э.Баярмагнайгаас “Зөвхөн цөмөрсөн шал гэлтгүй, 1-2 давхарууд хана цуурсан,  нэг давхарын баруун жигүүрийн ангийн шаланд нь суулт өгсөн байна хүүхэд хүлээн авахад аюулгүй байж чадах уу гэж асуухад “Засварын ажлыг хийж гүйцэтгэсний дараа  хүүхэд хүлээн авахад асуудалгүй. Шалны суулт зүгээр яах ч үгүй” гэсэн хариултыг өгсөн аж. Ингээд долдугаар сарын дундуур засварын ажил эхлэх байсан ч өнөөдрийг хүртэл таг чиг. Бид засварын ажил эхэлж магадгүй гээд өдөр бүр цэцэрлэг дээрээ өнждөг. Чимээгүй сууж байхад байшингийн хана туурганд чимээ гардаг. Хэзээ ч нураад ирэх юм билээ. Тиймээс цаг хугацаа давчуу байхад хагас дутуу засвар хийсэн болоод айлын бяцхан хүүхдүүдийг бүртгэж авахаас айж байна. Ямар ч эрсдэл дагуулах юм билээ хэмээн тус цэцэрлэгийн багш ажилчид өгүүлж байлаа.

.

Талбайн инженер нь барилгаа хэзээ ашиглалтад орохыг мэдэхгүй гэв

..

59 дүгээр цэцэрлэгтэй танилцсаны дараа бид тус дүүргийн 21 дүгээр хороо, хуучин Ганц худагийн баруун талд байрлах 650 хүүхдийн дунд сургуулийн барилгын ажлыг очиж сонирхов. Тус сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэгчээр барилга угсралтын “Сити палас” компани ажиллаж байгаа аж. Биднийг очиход тус барилга дээр ажиллаж бйагаа хүн үгүй мэт нам гүмхэн байв. Гэхдээ хашааны баруун хойд  хэсэгт хэдэн хүн гадна талбайд байх цахилгааны шитийг будаж байсан юм. Уг барилгын талбайн инженер гэх нэгэн залуу бидэн дээр ирсэн. Түүнээс хэзээ ашиглалтад орох, яагаад ийм нам гүм байгаа болон хэзээ ашиглалтад оруулах зэргийг тодруулахад тэрээр “Санхүүжилт зогссон, хэзээ ашиглалтад орохоор гэрээлсэнийг сайн мэдэхгүй байна” гэв. Тиймээс мэддэг хүн нь болох тус компанийн захирал н.Батнямтай утсаар холбогдож тодруулга авсан юм. Тэрээр энэ үеэр “Манай компани санхүүжилтэндээ тохирсон гүйцэтгэлээ хийчихсэн. Яагаад санхүүжилт шийдэгдэхгүй байгааг Боловсролын яамны Барилга захиалагчийн албаны мэргэжилтэн Болороо гэдэг эмэгтэйгээс асуу. Тэр хүн хэдэн төгрөгөөр хэдий хугацаагаар ямар барилга барьж байгааг хэлээд өгнө. Санхүүжилтээ шийдээд өгчихвөл бид дор нь дуусгачихна гэдэг тайлбар өгье дөө” гэлээ.

Энэхүү барилгыг 2012 оны 4 дүгээр сард  эхлүүлсэн гэх агаад ёсдүгээр сарыг дуустал идэвхитай ажиллан барилгын гүйцэтгэлээ 70 хувьтай болгосон аж. Гэвч санхүүжилт нь дуусчихсан тул ийнхүү энэ зуныг сул зогсон өнгөрүүлж байгаа нь энэ ажээ.

.

500 гаруй сая төгрөг салхинд хийсгэсэн хорооны цогцолбор

.

Ийнхүү асуудалтай гэгдсэн сургууль цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, шалгах эхний хэсэг өндөрлөсөн. Буцах замд Засаг даргын орлогч Т.Батцогт “Манай 27 дугаар хорооны ашиглалтад ороод удаагүй цоо шинэ барилга улсын  комисс хүлээлгэж өгөөгүй байхад ашиглах аргагүй болчихоод байна. Хэдүүлээ нэг ороод гарья” гэв. Биднийг очиход хороо, хэсгийн цагдаа, өрхийн эмнэлэг гэсэн хаягтай хоёр давхар өнгө алгалж, будаг нь ханхалсан барилга угтав. Харамсалтай нь тус барилга намагтай газар баригдсанаа суулт өгч, цуурсан ажээ.

Тус хорооны Засаг дарга Л.Батдэлгэр хэлэхдээ “Билгүүн шонхор” ХХК нийслэлийн хэмжээний бүх хороодын барилгын зураг төслийг гаргаж байгаа. Гэтэл тус компани энэ газрын хөрсний судалгаандаа 3 метр ухахад усны дусал ч гарч ирэхгүй гэж хуурамч дүгнэлт гаргуулан ажлаа эхэлсэн юм билээ. Гэтэл ажлаа эхлээд удалгүй эхний санхүүжилтээ аваа алга болчихсон. Дараа нь бид “Боршоо ундраа” гэх компанитай гэрээ хийж, уйгагүй хөөцөлдөж байж энэ байшингаа босгож авсан. Гэтэл бага Дондогдулам рашааны судал дээр барилгыг барьснаас суурийн давхарын хананаас ус нэвчин цууралт өгч эхэллээ. Сая хэд хоног тасралтгүй орсон борооны дараа суурийн давхарын тал нь усанд авчихаж байна. Энэ барилгыг барих ажлыг эхлүүлэхэд эхний компани хэчнээн төгрөг зарцуулсныг мэдэхгүй сүүлийн компани л гэхэд 530 гаруй сай төгрөг зарцуулсан. Төсвийн мөнгийг иймэрхүү байдлаар үрэн таран хийж байна. Одоо манай хороо гэхэд хүнсний дэлгүүрийн арын нэг өрөөнд түрээсээр байрлаж байна. Өрхийн эмнэлэг гэхэд бас л түрээсийн жижиг байшинд байрлаж байгаа. 15 мянган хүнд үйлчлэх ёстой гэтэл жижигхэн умгар байшинд эмч, иргэд  багталцахгүй хэцүүхэн байдалд үйл ажиллагаагаа явуулж байна.  Ямар ч байсан холбогдох албаны мэргэжилтгүүд хүрч ирэн дүгнэлтээ гаргасан. Анх хуурамч дүгнэлт гаргаж ажил эхлүүлсэн барилгын компанийг шүүхэд өгнө. Тэд нэмэлтээр гарсан зардалаа төлөх ёстой” гэлээ.

[caption id="attachment_268501" align="aligncenter" width="620" caption="15 мянган иргэнд үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлэг"][/caption]

[caption id="attachment_268502" align="aligncenter" width="620" caption="Наана харагдаж байгаа цагаан байшин нь өрхийн эмнэлэг"][/caption]

.

Цэцэрлэг яаж барьдагийг харуулна гэв

.

Засаг даргын орлогч буцах замдаа “иргэд дүүрэг ажил хийсэнгүй гэж их бухимддаг. Яагаад гэвэл дүүргийн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламж, сургууль цэцэрлэгийг хариуцах ёстой гэж үздэг юм. Гэтэл бидэнл эрх нь байдаггүй. Яам, аль эсвэл нийслэлийн мэдэлд байдаг. Дүүргийн боловсролын хэлтэс гэхэд яамны мэдлийнх. Бид иргэдийнхээ хүслээр ажил хийх гэхээр болдоггүй. Ардчилсан нам анх удаа Бяанзүрх дүүргийг өнгөрөгч оны 12 дугаар сараас эхлэн толгойлж байна. Ажлаа авснаас хойш үнэндээ өмнөх Засаг даргын үеийн балагийг засч залруулж байна. Замбараагүй газар олголт, нохой шувууны хөшөө барьж үр ашиггүй төсөв үрсэн гээд олон асуудал бий. Бидний хувьд дүүргийн мэдлийн 4.4 тэрбумыг хэрхэн заруцуулах талаар иргэдээс санал асуусан. Иргэд цэцэрлэг сургууль л хүсч байна. Тиймээс бид эхний ээлжинд 28 хорооныхоо огт цэцэрлэггүй зургаан хороонд канад технолгоор цэцэрлэг барина. Тэгэхдээ богино хугацаанд чанартай барилгыг яаж барьдагийг харуулна. Улсын төсвөөр хийгдэж байгаа ажил яаж удаж байгаа, дүүрэг төсвөө өөрсдөө мэдээд яаж зөв зарцуулж байгааг харуулна” гэлээ.

.

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ