"Монголын эрүүл мэндийн салбарын тойм"-ыг танилцуулав

img

ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Маргарет Чан Монгол улсад Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар айлчилж байгаа билээ. Түүний айлчлалтай холбогдуулан ДЭМБ-аас гаргасан “Монголын эрүүл мэндийн салбарын тойм” товхимолын нээлтийг өнөөдөр хийж, олонд танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл Мэндийн сайд Н.Удвал, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий Захирал Маргарет Чан болон бусад эрүүл мэндийн салбарын түншлэгч байгууллагуудын төлөөлөгчид оролцов.

Монголын эрүүл мэндийн салбарын тоймыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын Номхон Далайн Баруун Бүсийн төвийн тусгай хөтөлбөр болох Ази Номхон Далайн Ажиглалт Судалгааны багаас гаргасан бөгөөд манай улсын эрүүл мэндийн тогтолцоо, бодлогын шинэчлэлд хийсэн цогц үнэлгээ юм. Энэхүү тойм нь бодлого боловсруулагч, шинжээч нарыг холбогдох мэдээллийг цаг хугацаанд нь хялбархан авах, судлах боломжоор хангаж байгаа юм. Монголын эрүүл мэндийн салбарын тойм нь эрүүл мэндийн тогтолцооны зохион байгуулалт, засаглал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт, хүний болон бусад нөөцүүд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх механизм, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн үндсэн чиглэлүүд зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг багтаажээ.

Мөн уг тоймд Монгол улсын эрүүл мэндийн тогтолцооны давуу талууд болон тулгамдаж байгаа асуудлуудыг хамтад нь тусгаснаараа онцлогтой юм. Тухайлбал, “Монголчуудын эрүүл мэндийн байдал 20-р зууны сүүлийн хагаст эрс сайжирсан. Энэ нь цаашид ч эрчимтэй үргэлжилнэ. Хүн амын эрүүл мэндэд гарсан энэхүү өөрчлөлт нь нийгмийн ангилал, орчин үеийн техник, технологи бүхий эрүүл мэндийн бат бэх тогтолцооны үр дүн юм. Төрөөс үзүүлж байгаа нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь бараг бүх хүн амыг хамарч байгаа бөгөөд нарийн мэргэжлийн эмчилгээг ихэнх суурин газруудад үзүүлж байна. Гэсэн хэдий ч халдварт бус өвчний өвчлөлт нэмэгдэж байгаа болон алслагдмал орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх асуудал нь эрүүл мэндийн тогтолцооны өмнө тулгамдаад байгаа бэрхшээлүүдийн нэг хэвээр байна” хэмээн бичжээ.

Монгол улсын эрүүл мэндийн салбарын тойм нь Ази Номхон Далайн Ажиглалт Судалгааны багийн гаргасан 4 дэх товхимол бөгөөд өмнө нь Фижи, Филиппин, Малайзын эрүүл мэндийн салбарын тоймуудыг гаргажээ. Эрүүл мэндийн салбарын тойм нь нийтлэг загвараар хийгддэг байна. Энэ загварыг Европын Ажиглалт Судалгааны баг мөн ашигладаг бөгөөд дэлхийн хэмжээнд хооронд нь харьцуулалт хийх боломжтой мэдээллийн сан бий болгохоор зорьж байгаа ажээ.

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд, анагаах ухааны доктор Н.Удвал “Улс төрийн эдийн засаг ба эрүүл мэнд” сэдвээр тун сонирхолтой илтгэл тавьсан нь хурсан олны анхаарлыг ихэд татаж байв. Тэрээр Монголын эрүүл мэндийн салбарын тойм товхимолын нээлт үндэсний хийгээд дэлхий дахины хэмжээний арга хэмжээ болж байгааг онцлоод уг ном нь Шинэчлэлийн засгийн газрын суурь үзүүлэлт болж буйг тодотгов. “Аль ч улс оронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд иргэн бүрийг хамруулахад улс төрийн эдийн засаг шууд нөлөөлдөг. Улс төрийн аливаа бодлого ч эдийн засагтай шууд хамааралтай. Тиймээс өнөөдөр Монгол улсад эрүүл мэндийн салбарт улс төрийн эдийн засаг хэрхэн нөлөөлж буйг ярих цаг болжээ” хэмээснээр Эрүүл мэндийн сайд Н.Удвал өөрийн илтгэлээ эхлүүлсэн.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Маргарет Чаны хэлснээр эрүүл мэндийн асуудал зөвхөн нэг салбар, яам, эмч, эмнэлгийн ажилчдын ажил биш гэдэгтэй тэрээр санал нэг байгаагаа илэрхийлэв. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар хүний эрүүл мэндийн 25 хувь нь эрүүл мэндийн байгууллагаас, 45 хувь нь иргэн өөрөөс нь, харин үлдсэн хувийг бусад салбарын бодлогоос шууд хамаардаг гэдгийг гаргажээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал илтгэлдээ, “Монгол улсын эрүүл мэндийн салбарт улс төрийн үзэл баримтлал нөлөөлж байна. Дэлхий дахинд социал демократ, либериал, консерватив гээд янз бүрийн үзэл баримтлалтай намууд бий. Тэдний эрүүл мэндийн салбарт баримталдаг бодлогыг товч танилцуулах нь зүйтэй болов уу. Ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах, нөөцийг бэлэн байлгах, санхүүгийн эрсдлээс иргэдийг хамгаалахыг зүүний чиглэлийн намууд зорьдог. Либериал намууд эрх чөлөө, засгийн газрын оролцоог багасгах либериалчлах бодлогыг баримталдаг. Харин консерватив нам нийгмийн тогтвортой байдлыг хангаж, эв санааг нэгтгэж, эрсдлийг бууруулах бодлогыг явуулдаг.  Монгол улсын хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах, тэгш бус байдлыг арилгаж, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйүзүүлэх, үзүүлж байгаа үйлчилгээгээ чанартай, хүртээмжтэй, үр ашигтай хүргэх улс төрийн бодлогыг барьж байгаа. Социал демократ үзэлтэй бусад улс орнууд тухайлбал, Финлянд, Швед, Норвеги зэрэг улсууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдлыг хангаж, хүн амын бүлгүүдийн хоорондох ялгааг арилгаж, тэгш бус байдлыг багасгахыг зорьдог байна. Үүний зэрэгцээ бусад салбарын оролцоог дэмжих стратегийг түлхүү явуулдаг учраас эрүүл мэндийн салбарын үзүүлэлт нь сайн байдаг. Либериал үзэлтэй улс орнуудад ихэвчлэн хувийн салбарын оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн бодлого зонхилдог. Харин Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоо нь нийгмийн баримжаатай, хүн амд тэгш хүртээмжтэй, санхүүгийн эрсдлийг төрийн бодлогоор хамгаалдаг. Сүүлийн жилүүдэд барууны орны чиг хандлага давамгайлах хандлага байгаа ч өндөр хөгжилтэй орнууд арилжааны тал руугаа техник, технолгийн дэвшлээр хэт өрсөлддөг сул талтай” хэмээн дурдлаа. Манай улсын хувьд улсын төсөвт эзлэх эрүүл мэндийн зардал 2000 оны байдлаас огт өсөөгүй байна. Хэдийгээр төрийн бодлогоор эрүүл мэндийн салбарыг улс төр, нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, хууль, эрх зүйн боломжтой орчинг бүрдүүлсэн ч бусад салбарын бодлоготой уялдахгүй байгаа нь өөрөө эрсдлийг дагуулах болжээ. Тухайлбал, эрүүл мэндийн салбар нийгмийн халамжийн бодлоготой уялдах ёстой. Улс төрийн сонгуулиар намууд эдийн засгийн тооцоогүй олон зүйлийг амалдаг. Жишээлбэл, хүүхдийн мөнгө, шинэ төрсөн хүүхдийн, шинэ гэр бүлийн гэх мэт нийгмийн халамжийн амлалтууд авч, энэ чиглэлийн бодлого хэрэгжүүлсэн. Эдгээр бодлого ч амжилттай хэрэгжсэн. Харин энэ бодлогын үр дүнд төрөлт нэмэгдсэн ч эхчүүдээ ямар эмнэлэгт эсэн мэнд амаржуулж, эмчлэх, хаана сургуулийн өмнөх боловсрол олгох гээд улс төрийн эдийн засгийн тооцоог огт хийдэггүй гэдгийг Эрүүл мэндийн сайд илтгэлдээ шүүмжиллээ.

Түүнчлэн төрөх газрыг яаж өргөтгөх, шинээр барих вэ? Тэнд үйлчлэх эмч, ажилтныг хэрхэн сургах, ажлын байраар хангах, цалин урамшуулал, төрөлтийн үеийн төсөв зардал гээд бүх зүйлийг урьдчилдан тооцож байж хэрэгжүүлэх учиртай. Хэрэв Монгол орон ядуурлаа бууруулах улс төрийн оновчтой бодлоготой бол ядуурлын өвчин болсон сүрьеэ өвчний тархалт буурах нийгмийн нөхцөл бүрдэх ажээ.

Тодруулбал, 2010 онд жилд 45 мянга гаруй хүүхэд төрж байсан бол өнөөдөр 80 мянга болтлоо өсчээ. Гэтэл нэг ч төрөх эмнэлэг нэмэгдээгүй ажээ. Хоёр дахин өссөн ачааллыг дааж ажиллахын тулд 685 эх барих, эмэгтэйчүүд, нярайн эмч, 450-600 ортой төрөх эмнэлэг шаардлагатай. Мөн өвлийн цагт албан байгууллагууд нийгмийн хариуцлагаа биелүүлээгүйн улмаас өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногт 1500 гаруй хүн хальтирч унан, гар хөлөө хугалсан. Хэрвээ албан байгууллагууд орчныхоо талбайг цас, мөсгүй, аюулгүй болгоход л эрүүл мэндийн зардал харьцангуй багасах боломж бий болох аж. Мөн нийгэмд худал ташаа мэдээлэл түгээж, иргэдийг төөрөгдүүлэх нь ч эрүүл мэндийн салбарын ажлыг удаашруулдаг талтайг салбарын сайд хэлсэн. Тэрээр хэлэхдээ, “ Саяхан гэхэд л Дархан-Уул аймгийн эмнэлэгт хэвтээд, эдгэрээд гарсан ихэр нярайг нас барсан гэж олон нийтийн хэвлэл мэдээллээр мэдээлсэн. Энэ нь эргээд иргэдийн дунд эмнэлэг, эмч нарт итгэх итгэлийг бууруулж, эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг нь унагааж байна. Хийсэн ажлыг нь үнэлэхгүй, гутаан доромжлуулдаг, хүндлэгдэхгүй, ачаалал ихтэй, цалин багатай ажилд хэн байхыг хүсэх билээ. Тиймээс энэ бүх асуудлаа цогцоор нь авч үзэх хэрэгтэй байна. Үүний хажуугаар сайн, санаачлага гаргаж байгаа иргэн, байгууллагууд ч Эрүүл мэндийн яам дэмжиж байгаа. Үүнд харшилгүй хот уриалгыг гарган, үйл ажиллагааг өрнүүлж байгааг хэлмээр байна” гэлээ.

Энэ бүх асуудлыг шийдэх зарим гарцыг ч Эрүүл мэндийн сайд Н.Удвал илтгэлдээ багтаажээ. Жишээлбэл, Эрүүл мэндийн зардлын ДНБ-д эзлэх хувийг ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн жишигт хүргэх явдал юм. Багдаа хүртэл эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж чаддаг эрүүл мэндийн сайн дэд бүтэцтэй цорын ганц улс гэхэд хилсдэхгүй манай улсын хувьд нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлэх нь чухал. Түүнчлэн улс төрийн эдийн засгийн тооцоог нарийвчлан гаргадаг тогтолцоог нэвтрүүлэхгүй бол нийгмийн бүх стресс эрүүл мэндийн салбарт хуримтлагдаж, сүүлийн 20 жилд “Стресс тайлдаг мишок” салбар болж хувирсан гэдгийг онцлон тэмдлэглэжээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ