“Шинжлэх ухаан – 90” үзэсгэлэн гарч байна

img

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан БСШУЯ, ШУТС, ШУА-иас “Шинжлэх ухаан – 90” үзэсгэлэнг энэ сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Уран зургийн галлерейн зааланд зохион байгуулж байна. Монголын шинжлэх ухаан улс, эх орны бүхий л салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж чадахуйц орчин цагийн бие даасан шинжлэх ухаан, технологийн тогтолцоо болтлоо өсч хөгжлөө. Манай эрдэмтэн судлаачид өнгөрсөн 90 жилд Монгол улсын Øинжлэх ухаан, технологийн үндэсний чадамжийг нэмэгдүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чиглүүлэн, шинжлэх ухааны боловсролыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх Монголын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин, царааг дэлхийн жишигт хүргэх үйлсэд зүтгэл гарган ажиллаж ирсэн. ШУА-ийн эрдэмтэд, судлаачид өөрийн орны түүх, соёл, эх хэлний судалгааг өргөн хүрээнд амжилттай явуулж эрдэс баялгийн шинэ ордуудыг нээх, хөдөө аж ахуй, анагаахын шинжлэх ухааны салбарт малын шинэ үүлдрүүд бий болгох,  хүн малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон төрлийн эм бэлдмэл бий болгох, техник технологийн салбарт шинэ шинэчилсэн технологи боловсруулах зэрэг ажлыг амжилттай хийж эдийн засгийн салбарт нэвтрүүлсэн байна. Анх  1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж байсан тэр үеээс хойш шинжлэх ухааны салбарынхан 1961 онд Шинжлэх ухааны академи болон өргөжиж, өдгөө олон чиглэлээр судалгаа явуулдаг орчин үеийн эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лабораториуд бий болж, эрдэм шинжилгээ судалгааны 70 гаруй байгууллагад ажилладаг 2500 гаруй эрдэмтэн судлаачидтай, болон хүрээгээ тэлжээ. Уг үзэсгэлэн нь салбарын түүх, хөгжлийн өнөөгийн түвшин, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны салбарын онцлох үйл явдал, шинжлэх ухааны нээлт, ололтуудыг тусган харуулсан. Мөн Шинжлэх ухааны академийн ууган хүрээлэнгийн нэг болох Хэл зохиолын хүрээлэнгээс түүхэн ойнг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд өөрийн хүрээлэнгийн эрдэмтэн, мэргэдийн туурвисан “Мянган номын баяр”-ыг хийнэ. Үзэсгэлэнд салбарын түүхийг 1921 оноос хойш 5, 5 жилээр хуваан, тухайн үед гарсан шинжлэх ухааны томоохон нээлтүүд, ололт амжилтуудыг дэлгэрэнгүй танилцуулан, эрдэмтдийн гарсан олон зуун бүтээл бүтээл, туурвил, хийгдсэн ажлуудыг дэлгэн харуулсанаараа тун онцлог болсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ