К.Окада: Залуучууд жинхэнэ уран зохиолоос илүүтэй детектив зохиол унших болсон

img

  “ХХ зууны монголын уран зохиолын үнэлэмж, сургамж” олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна. Энэ үеэр Япон улсын эрдэмтэн К.Окадатай монголын уран зохиол болон түүний Монголыг үзэх үзлийн тухай ярилцлаа. - Монголын XX зууны уран зохиолыг яагаад судлах болов. Юу нь таны сонирхолыг татсан бэ? - Би 1973 онд Токиогийн гадаад судлалын сургуулийн Монгол хэлний ангид орсон. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод нэг жил болж байсан үе. Тэгээд оюутан солилцооны хөтөлбөрөөр 1975 онд МУИС-ийн хэл бичгийн факультетэд ирж суралцсан. Тэр цагаас эхлэн Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх нарын зохиол бүтээлийг уншиж эхэлсэн. Гэхдээ монголын уран зохиол судлаач болно гэж бодож байгаагүй. Нутагтаа очсоныхоо дараа аспирантурт сурч “Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж сургуульдаа туслах багшаар уригдсан. Түүнээс хойш 30 гаруй жил Монголын уран зохиолыг судалж байна.   -Д.Нацагдоржийг онцолж судалсан ямар нэгэн шалтгаан байгаа байх? - Оюутан байхдаа монголын орчин үеийн уран зохиолын тулгын чулууг тавьсан хүн гэж сонссон цагаасаа л сонирхож уншдаг байсан. Д.Нацагдоржийг уран бүтээлээ туурвиж байх үед Монголын уран зохиолд социалист реализм орж ирээгүй байсан. Гэтэл түүний зохиол бүтээл дорно дахины болон европын уран зохиолын аргыг шингээсэн. Нэг л өөр байсан.   -Тэр цаг үеэс ямар бүтээл таны сэтгэлд тод үлдсэн байна? -Анх уншиж байсан “Ламбугайн нулимс” өгүүллэг их тод үлдсэн. Ли Бай Хуа гэх хүүхний уран мэхэнд орж өөрийн амьдралаа үрж буй Лодон гэвшийн дүр гээд тэр өгүүллэгийн үйл явдал одоо ч мартагдаагүй байдаг.   - Та өчигдөр “Г. Жигжидсүрэнгийн найруулсан “Их Нацагдорж” баримтат уран сайхны киноны тухай” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн. Яагаад энэ сэдвийг сонгох болов?   - Энэ киноноос түрүүнд ийм бүтээл байсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ кино миний сонирхолыг их татсан болохоор нэгэн танилаасаа DVD-г нь олж аваад тухтай үзэж, судалгаа хийсэн. Баримтат уран сайхны аргыг маш сайн хослуулсан бөгөөд түүхэн баримтын дунд драмын жүжиглэлт ордог. Мэдээж бага зэрэг хачир, уран сайхны хэтрүүлэл нэмсэн тал байгаа. Урьд нь миний сонсож байгаагүй түүх, кинонд орсон яруу найрагч, зохиолчдыг ярьсан зүйлүүд их сонирхолтой байсан.   - Уран бүтээл, намтар хоёр ямагт зэрэгцэн оршдог. Та Д.Нацагдоржийг нэг өгүүлбэрээр дүгнэж хэлбэл? - Д.Нацагдорж бол уламжлал шинэчлэлийг өөртөө шингээж, ардын аман зохиол, бичгийн уран зохиол, европын уран зохиол гэх гурван арга барилыг гайхалтай эзэмшсэн уран бүтээлч юм. Тэр бол монголын орчин үеийн уран зохиолын тулгын чулууг тавьсан.   -Та өөрийн дэмжлэг, санаачлагаар Монгол улсад эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байсан гэсэн. Энэ тухайгаа яривал? - Монголч эрдэмтэдийн IX их хурал 2006 онд болж байсан. Тэр үеэр танай улсын С.Байгальсайхан багш, Өвөрмонголын нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэн бид гурав монголын уран зохиол судлаач эрдэмтэдийн олон улсын хурлыг зохион байгуулах тухай ярилцаж байсан. Тэр биелэлээ олж 2010 онд X их хурал зохион байгуулагдсан. Миний дэмжлэг биш санаачлагаар л болсон зүйл юм.   -Японд монголын уран зохиолыг хэр судалж байна вэ? - Дэлхийн хоёрдугаар дайны өмнө сонгодог уран зохиол болох Монголын нууц товчоо, Алтан товч зэрэг бүтээлүүдийг судалдаг байсан. Харин 1960-аад оны сүүлч 1970-аад оны эхээр Монголын орчин үеийн буюу XX зууны уран зохиолыг мэддэг болсон. Түүнийг Япончуудад танилцуулсан хүн бол  Мацуда Тадонори гэх эрдэмтэн. Манай улсад түүх, угсаатны зүй, хэл шинжлэл гээд монголын тухай судалдаг олон эрдэмтэн бий. Үүнээс уран зохиол тэр дундаа XX зууны уран зохиолыг дагнан судалдаг, их сургуульд орон тооны багш хийдэг хоёрхон хүн байдаг. Нэг нь би, нөгөөх нь Шибаяма гэдэг эрдэмтэн. Ер нь бол танай улсад сурч байгаа болон гэртээ суугаад орчин үеийн уран зохиолын орчуулга хийдэг залуу судлаачид байгаа.   -Монголын XX зууны уран зохиолыг Япон улсын тухайн цаг үеийнхтэй харьцуулахад ижил төстэй зүйл ажиглагддаг байх? -Японд дэлхийн хоёрдугаар дайн дараа ард түмэн эрх чөлөөтэй болсноор урлаг, уран зохиол нь ч дагаад шинэчлэгдэж өөр болсон. Энэ нь Монголын 1990 оны хувьсгалын дараах үетэй адилхан байна. Социалист реализмаас өөр аргаар бичигдэггүй байсан уран зохиолын сэдэв, арга, сэтгэлгээ гээд бүх зүйл өөрчлөгдөж, чөлөөтэй болжээ.   -Монголын уран зохиолын одоогийн чиг хандлагын талаар таны бодол? - Үнэнийг хэлэхэд яг одоогийн монголын уран зохиолын тухай сайн мэдэхгүй, судалж амжаагүй байна. Хүмүүсийн ярианаас сонсоход Г.Аюурзана, Л.Өлзийтөгс зэрэг зохиолчдын өгүүлэг, романыг их уншдаг болсон гэх юм. Мөн сүүлийн үеийн залуучууд жинхэнэ уран зохиолоос илүүтэй детектив зохиолыг унших болсон юм шиг санагдлаа. Ямар ч байсан маш чөлөөтэй цаг үе ирсэн. Цаашдын хандлагыг Монголчууд өөрсдөө шийдэх асуудал. Монголд ямар байгааг нь сайн мэдэхгүй, Японд лав зохиол бичих хүсэл, сонирхолтой залуус цөөрч байгаа.   - Та монгол хэлийг сайн эзэмшихийн зэрэгцээ монголч бичгийг их сайн сурсан нь ажиглагдлаа. Хаана сурсан бэ? -Манай Токиогийн гадаад судлалын их сргуулийн оюутнууд нэгдүгээр курсээс крилл үсэг сурдаг. Харин хоёрдугаар курсээс монгол бичгийг зэрэг заадаг.  Оюутнуудыг ажиглахад бичлэг, дуудлага хоёр нь ялгаатай болохоор монгол бичгийг сурахад хэцүү байдаг юм шиг байна. Миний хувьд япон, хятад ханзыг бодоход гайгүй шүү.   -  Энэ асуултаар уран зохиолын тухай яриагаа өндөрлөе. Та монголын XX зууны уран зохиолыг юу гэж дүгнэж байна?  - Монголчууд цөөхөн хүн амтай хэдий ч тусгаар тогтнолоо тунхаглаж чадсан. Аливаа улсын тусгаар тогтнолыг илтгэж, ард түмнийг нь нэгтгэж байдаг зүйл бол хэл, соёл байдаг. Түүний нэг хэсэг нь уран зохиол юм. Үүнээс харахад Монголын уран зохиол хөгжсөөр энэ хүртэл ирсэн нь  жам ёсны хэрэг. Гэхдээ социализмын үеийн уран зохиолыг үгүйсгэх нь буруу. Энэ цаг үеийн бүтээлүүд дотор Монголын нийгэм цаг үеийн түүх, соёл, уламжлал хадгалаатай байгаа.   -Монгол орны юу нь таны сэтгэлийг татдаг вэ? -Монголчуудын хээгүй, “задгай” зан чанар таалагддаг. Харин Япончууд бол огт өөр, ичимтгий бүрэг зантай. Мөн хөдөөгийн байгаль, цаг агаарын байдал нь их сайхан. Оюутан байхдаа судалгааны ажлаар бусад гадаад оюутантайгаа хамт ачааны машин дээр суугаад л хөдөөгүүр нэг долоо хоног явж байсан. Тэрнээс хөдөөгийн байдлын нарийн сайхан зүйлийг нь сайн мэдэхгүй.   -Монголын нийгэм болон хүнийг та ямар нүдээр харж байна? - Хэцүү асуулт байна. Сүүлийн үед богино хугацаагаар ирдэг болсон. 1996 онд хагас жилийн хугацаагаар судалгаа хийж сууж байсан. Түүнээс хойш хүмүүсийн харилцаа, зан чанарт их өөрчлөгдсөн зүйл ажиглагддаггүй. Харин зах зээлийн системд шилжсэн болохоор мөнгө их чухал болсон болж, түүний үнэ цэнийг нь ойлгосон юм шиг санагддаг.   Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ