Хүүе... бид бас хийж чаддаг юм шүү
Наадмын дараах хуйсагнуур өдрүүд эхэлж байна. Гэхдээ цаг агаар биш шүү. Олонтаа улигласан эдийн засгийн хямрал нүүрлээд ноцтой төвшинд хүрснийг аль аль нь мэдлээ. Төр ч, ард түмэн нь ч тэр мэдэрлээ. Чингис бондын 1.5 тэрбум хаачив гэж шургуу асуух болов. Дийлэнх нь хэзээ бүтээн босгогдох нь тодорхойгүй хөрөнгө оруулалт руу ниссэнийг ч анзаарчихлаа. Таван жилийн дараа татвар төлөгчдийн нуруун дээр буух нь ч тодорхой болов. Буруу бүтээн байгуулалтын ард бас зөв бүтээн байгуулалт байна аа. Тэр нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл. Засаг атгасан нударгаа тэнийлгэн байж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 500 сая хүртэлх төгрөгийн зээл өгч эргэн төлөгдөх хугацаа зээлийн хүүн дээр хөнгөлөлт үзүүлэв. Чингис бондын 1.5 тэрбумын хусам л төдий.
1
Гэсэн чинь нөгөө ад үзэгдээд байсан нөхөд авралын од болдог байна шүү. Зээлийн эргэн төлөлт бараг 100 хувь. Олон алаг цоогтой гэдгээр 5-6.6 хувийн эрсдэл гарч л байна. Гэхдээ алдарт Ш.Батхүү, Ц.Мянганбаяр нарын толгой цохисон найдваргүй зээлдэгчийн хөрөнгөөс хэд дахин багыг зээлсэн мөртлөө буцаагаад л өгч байна. Тэгсэн хэрнээ ашигтай шүү. Дурдвал өч төчнөөн тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байна. Ноднингийн үзүүлэлтээр 10 хувийг гаднаас авдаг байсан гутал л гэхэд энэ жил 20.1 хувьд хүрч байна.
1
Хүүе. Бид хийж чаддаг юм байна. Бэл хоосондоо л үйлдвэрлэлээ өргөжүүлж чаддаггүй байж. Нөгөөтэйгүүр төр нь дэмждэггүй бүгдийг гаднаас авна гэж боддогоос энэ салбар хөл дээрээ босч чаддаггүй байж. Сонин шүү өөрснийгөө болохоор татаж унагачихаад гадныхныг болохоор уруул дэвсээд суучихдаг. Эцэстээ ингээд үйлээ үзэж суудаг. Аман дээрээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, импортын бараанаас татгалздаг хэрнээ ийм сайхан гэгээн нүх байгааг яагаад анзаараагүй юм бол. Аль эсвэл бодлогтойгоор асуудалд хандаад байна уу. Яах вэ өнгө үзэмж, чанар хийцийн тухайд үндэсний үйлдвэрлэгчид гологдож болно л доо. Хилийн цаана үйлдвэрлэж, тээвэрлэгдээд чанар өнгө үзэмж тааруу, өртөг хямд гэж тооцож болно. Гэхдээ тэдэндээ хангалттай хөрөнгө оруулалт хийгээд бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлүүлж зах зээлээ импортоос хамгаалж чадвал ажлын байр бий болж, цалин хөлсний асуудал шийдэгдэж иргэдийн амьжиргаа дээшлэнэ. Үе үеийн Засгийн газрын толгойны өвчин энэ мөн үү. Мөнөөсөө мөн.
1
Танил маань Оюутолгойд ажлын хувцасны хантааз захиалгаар хийдэг юм. Оюутолгой жаахан будилаантай болох шиг боллоо, чи минь яах гэж байна даа гэхэд хариуд нь “өө манайх Хятадын хоёр ч компанитай ярьчихсан, биднийх илүү хямд баталгаатай байдаг болохоор” гээд ам тагладаг байгаа. Нэг метр даавуу үйлдвэрлэж чаддаггүй мөртлөө хамгийн их дүрэмт хувцас өмсдөг орны тоонд Монгол яах аргагүй орно. Цэрэг цагдаа, онцгой, эмч сувилагч, гааль мэргэжлийн хяналт, ЕБС-ийн сурагчид гээд л жагсаавал мөн чиг их тоо гарна. Даавуугаа хаанаас авч байна. Хятад, Солонгосоос.. Төсөлөөхөд ч арзасхиймээр их даавуу импортоор авч байна. Хөөрхий хэдэн оёдлын компани нийлээд бид даавуу үйлдвэрлэдэг үйлдвэртэй больё 800 сая төгрөгийн зээл өгөөч гэсэнд манай Засгийн газар таг. Тэгсэн хэрнээ яамд нь жил бүр дүрэмт хувцсаа шинэчлэнэ. Ялангуяа манай хамгийн залуу сайдын удирддаг Боловсролын яам.
1
Найзууд аа ингэхээ больё л доо. Импортын бизнес улстөрчдийн амин зуулга юм бол бидний амин зуулга юу байх вэ. Ажиллая гэж байна. Хийж бүтээе, бүтээн байгуулья гэж байна. Гай болохоор зай болоод өгч болдоггүй юм уу. Нэг л их ард түмэндээ хайртай улс. Эдийн засаг хямарчихаад байхад ганц ч гэсэн өөдрөг үр дүнг задлан шинжилж үлдсэн жаахан хөрөнгө оруулалтаа хийж болдоггүй юм уу. Мянгуужингийн замаа босгоно уу, түүхий эдийн үнэ өсөхийг хүлээн баахан өр зээл тавина уу өнөөдөр бидэнд огтоос сонирхолтой биш. Эдийн засгийн солонгоруулах жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжсэн шиг дэмжээч. Энэ улс орныг чинь түүнийг эрхлэгч дундчуул нуруундаа үүрч яваа юм шүү дээ.
1
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ