Хамгаалалтын захиргаадын мэдээлэл
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадын мэдээллийг хүргэе.
Богдхан уулын УТХГ:
Графикийн дагуу байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, Зайсангийн амнаас Хүрхрээгийн ам хүртэл найман иргэн, аж ахуйн нэгжийг шалгаж, гурван ААН-д зөрчил арилгах хугацаатай албан шаардлага өглөө.
Дорнод Монголын УТХГ:
БОАЖЯ-ны ТХНУГ-аас гаргасан ТХГН-ийн менежментийн төлөвлөгөө боловсруулах зөвлөмжийн дагуу Дорнод бүсийн Дорнод Монголын улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийн төлөвлөгөөний боловсруулалт, зөвлөмж саналыг яаманд хүргүүллээ.
Хөвсгөлийн УТХГ:
УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолоор Хөвсгөлийн БЦГ-ын хилийн заагаас Хатгал тосгоны эдэлбэр газрыг /1470 га/ чөлөөлүүлсэнтэй холбогдуулан Хатгал тосгоны ЗАА, БОХБТ хамтран Хөвсгөл аймгийн Газрын алба, БХБ-ын газрын албанаас мэргэжилтэн оролцуулан иргэдэд газар өмчлөлийн талаар мэдээлэл, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хангайн нурууны БЦГ:
Их тамир сумын Хан-Өндөр, Хөхнуур багийн иргэдэд Байгаль орчны тухай хууль, ТХГН, ТХГН-ийн орчны бүсийн тухай хууль тогтоомж, хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, байгаль хамгаалах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, экологи, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Байгаль хамгаалах өдөрлөг” зохион байгууллаа.
Хар-Ус нуурын УТХГ:
Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай Соёны бүсийн Ховд дахь салбар, Норвегийн тусламжийн байгууллага, Чандмань сумын ИТХ, ЗДТГ, Эмэгтэйчүүдийн зөвлөл зэрэг байгууллагатай хамтран тус суманд “Аавуудын анхдугаар чуулга уулзалт” зохион байгууллаа.
Онон балжийн БЦГ:
Японы ядуурлыг бууруулах сан, Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Онон голын сав газарт хэрэгжүүлж буй “НИТБНМЯБ” JFPR9125-MON төслийн Удирдах зөвлөлийн өргөтгөсөн 5 дугаар хурал 11 дүгээр сарын 16-нд Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын тамгын газарт болов.
Хөгнө Тарнын БЦГ:
Рашаант сумын ЗДТГ-аас пүрэв гарагийн 17.00 цагаас байгууллага бүр хуваарийн дагуу эрхзүйн сургалт явуулж байх шийдвэр гарсан. Энэ дагуу Хөгнө Тарнын хамгаалалтын захиргаанаас 17-ны пүрэв гарагт ТХГН-ийн үндэсний хөтөлбөрийн талаар эрхзүйн мэдээлэл хийлээ. Мэдээлэл сургалтад ЗДТГ-ын албан хаагчид, сургууль цэцэрлэг, эмнэлгийн ажилтан 58 хүн хамрагдсан байна.
Орхоны хөндийн БЦГ:
Бат-Өлзий сумын II, IV багийн нутаг Мойлт, Могойт Хамар, Улаан ам, Агуйт зэрэг газарт Цагдаа, Байгаль орчны албатай хамтран дөрвөн удаа Ойн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, найман зөрчил илрүүлэв. Зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүй таван машин буюу 40м3 түлээний мод, 4 метрийн урттай нарсан гуайлан 19 ш, 2 метрийн урттай нарсан гуайлан 38 ш Бат-Өлзий сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүллээ.
Их Богд уулын БЦГ:
Сумын ИТХ-аар батлуулах “Орчны бүсийн менежментийн төлөвлөгөө”-ний төслийг дуусгалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ