Д.Цогтбаатар:Ажлаа хийж чадахгүйг нь огцруулна
Төрийн өмчийн компаниуд алдагдалд орж, хувийн компаниуд ашигтай ажилладаг жишиг манайд тогтсон. Өнөөдрийн байдлаар төрийн өмчинд нийт 94 компани байгаагаас 2012 оны жилийн эцсийн байдлаар 14 компани 1-8.8 тэрбум, 13 компани 134-998 сая, 10 компани 3-98 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
ТӨХ-ны дарга Д.Цогтбаатарын ярьж буйгаар “Төрийн өмчийг толгойлохоор очсон дарга нар 4 жилийн турш өөрийнхөө хувийн компани юм шиг аашилж, өндөр цалин авах, хэт үрэлгэн загнаж тансаглах, зах зээлийн ханшнаас хэт дээгүүр үнэтэй бараа бүтээгдэхүүн авч, засвар үйлчилгээ хийх мэтээр аашилдаг байсан. Энэ нь манайд буруу менежмент хэрэгжиж байсантай холбоотой” хэмээв. Иймээс энэ жилээс эхлэн ТӨХ-оос төрийн өмчийн компаниудын ТУЗ болон дарга нарыг жилийн гэрээтэй ажиллуулахаар болжээ. Ингэснээр жилийн хугацаанд тухайн томилогдсон дарга болон ТУЗ-ын гишүүд тухайн компанийнхаа менежментийг сайжруулан, алдагдлаа бууруулж чадахгүй бол дараагийн хүнд ажлаа өгөх аж. Мөн томилогдон очсон хугацаандаа байгууллагадаа шинэ менежмент туршаад алдсан бол харж үзэж болох гэнэ. Харин огт шинэлэг зүйл хийгээгүй дарга нартай ТӨХ арга хэмжээ авахаар болжээ. Тэрээр мөн “Ажлаа хийж чадахгүй байгаа дарга нар өөрийн хүсэлтээр ажлаа өгдөг жишиг тогтооно. Ийм сэтгэлгээний өөрчлөлт бол нийгмийн сэтгэлгээний хувьсгал юм. Хэрвээ би ажлаа хийж чадахгүй бол надаас эхлээд огцордог жишгийг тогтооно” гэв.
6
МИАТ-ын үргүй зардлыг танах арга хэмжээ авч байгаа гэв
6
Тэрбумаас дээш төгрөгийн алдагдалтай компаниудад ихэвчлэн эрчим хүчний салбарынхан багтжээ. Тухайлбал ДЦС-3, 4 нийтдээ 16.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Мөн Багануурын уурхай л гэхэд 2012 оны жилийн эцсийн байдлаар 5.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Мөн тус уурхай нь хөрс хуулалтаа инженерийн бодлогоор хийгээгүй, усаа зайлуулаагүйгээс нүүрсний чанарт нөлөөлсөн зэрэг дутагдалтай байгаа аж. Гэтэл хувьчлагдсан Шарын голын уурхай 2009 онд 172 орчим сая төгрөгт хүрсэн алдагдлаа 2012 онд 98 сая болгон бууруулж чаджээ. Мөн тус компани техник технологио шинэчилснээр нүүрс олборлох зардлаа бууруулсан байна. Энэ талаар ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар ”ТӨХ-оос Багануур дээр нэмэлт хувьцаа гаргах, гадна дотны хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтлаж байгаа. Ингэснээрээ техник технологийн шинэчлэл хийхээр төлөвлөсөн” гэлээ. Түүнчлэн эрчим хүчний салбарынхан үнийн алдагдалтай ажилладаг тул Шинэчлэлийн Засгийн газар бондын хөрөнгөнөөсөө 75 тэрбум төгрөгийг гаргаж, эрчим хүчний салбарт үүссэн өрийн сүлжээг багасгахаар болсон. Мөн 8 дугаар сарын 5-наас эхлэн хэрэглээгээр нь цахилгааны үнэ нэмсэнтэй холбоотойгоор тус салбарын алдагдал буурах юм байна.
6
Харин тэрбумаас дээш алдагдал хүлээсэн бас нэг газар бол МИАТ. 2009 онд нэг тэрбум байсан алдагдлын хэмжээ 2012 онд 4.1 тэрбум төгрөг болж өсчээ. Тус компанийн алдагдлыг бууруулах тал дээр ТӨХ, Зам тээврийн яам хамтран ажиллаж байгаа аж. ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга Д.Болормаа “МИАТ-ын бүтцэд өөрчлөлт оруулж байгаа. Нисэхийн салбарт гадна, дотны олон компаниуд орж ирэн зах зээлийг нь хуваалцах болсон. Мөн өөрийн өмчийн онгоцгүй байж байгаад одоо нэг онгоцтой болсон байгаа. Цаашдаа хоёр онгоц нэмэх асуудал яригдаж байна” гэв. МИАТ-ын алдагдлыг бууруулахад зах зээлээ хамгаалах нь хамгийн чухал байгаа аж. Мөн тус компанийн захирлууд сардаа 6 орчим сая төгрөгийн цалин авдаг байсан мэдээлэл бий. Иймээс цалинг нэгдсэн системд оруулж, үргүй зардлыг танах арга хэмжээ авч байгаа гэлээ.
6
Монголын төмөр зам тэрбум орчим төгрөгийн алдагдал хүлээжээ
6
Харин 100 саяаас дээш алдагдал хүлээсэн компаниудын тухайд жишээ нь 2012 онд Монголын төмөр зам 998.5 сая төгрөг, “Эрдэнэс МГЛ” 688 сая, “Мон-Атом” 384 сая, Монголын Хөрөнгийн бирж 227 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Дээрх компаниудын алдагдал 2009 оноосоо дунджаар 54-820 орчим сая төгрөгөөр нэмэгдсэн харагдаж байлаа. Энэ нь мөн л дээр дурьдсан алдаатай, буруу менежменттэй шууд холбоотой аж. Тодруулбал алдагдал хүлээсэн төрийн өмчийн компаниудын дийлэнх нь буруу төлөвлөлттэй, технологийн насжилт хэтэрсэн, хүний нөөцийн чадамж муу, санхүүгийн удирдлага муутай зэрэг шалтгаануудаас үүдэлтэй юм байна. Иймээс ТӨХ эхний ээлжинд тэрбумаас дээш алдагдалтай компаниудтай уулзаж цаашид хэрхэн ажиллах талаар ярилцан, алдагдлаас гарах боломжийн талаар хамтран ажиллах аж. Харин үүний дараа 100-аас дээш сая төгрөгийн болон 3-100 сая төгргөгийн алдагдалтай компаниудтай уулзах юм байна. Түүнчлэн алдагдал хүлээгээгүй ч менежментийн хувьд хоцрогдсон Төрийн өмчийн компаниудтай ч уулзаж, зөвлөлдөхөөр болжээ.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ