Д.Цогтбаатар: Дипломат алба бол аливаа нэгэн тендергүй, мөнгө цааснаас хол шүү дээ
“Үндэсний шуудан” сонинд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарын өгсөн ярилцлага.
- Одоо бол тамхины наймаанд нэр нь холбогдсон бол уучлаарай та гэрээгээ зөрчсөн гээд хариуцлагын асуудлыг ярих юм байна. Тийм үү? - Одоо бол ийм хэрэгт орооцолдвол “уучлаарай, Монголд ирэхэд зүгээр байхгүй шүү. Хуулийн хариуцлага хүлээлгэнэ шүү. Түүгээр ч зогсохгүй давхар давхар төлбөр нэхэмжилнэ” гэдэг ойлголтыг эрх зүйн хүрээнд тодорхой бөгөөд хатуу суулгаж өгсөн байгаа. Хуучин тамхины хэрэгт холбогдсон дипломатууд буцаад ирэхэд нь Монгол Улсын өмнөөс тэдгээрт гаргасан зардлыг нь хэн ч нэхэмжилдэггүй байв. Тэдгээрийг сайн ажиллана хэмээн итгэж, Монгол Улс гэр бүлийнхний хамт томилогдсон улсад нь нүүн суурьших бүх зардлыг хариуцдаг. Ажиллах хугацаанд нь цалин хөлс өгсөн байдаг. Гэтэл тэр бүх зардлаараа Монгол Улс хохирдог. Түүнийг нь хэн ч, хэзээ ч нэхдэггүй байсан. Харин одоо энэ гэрээгээр тэр бүгдийг Монгол Улс буцааж нэхэмжилнэ. Тэр хүн төлөх ёстой. Яагаад гэвэл, Монгол Улс тэр хүнд өчнөөн үргүй зардал гаргасан байна шүү дээ. Тэгэхээр тамхины хууль бус наймаанд холбогдсон бол “уучлаарай, та өнгөрсөн хугацаанд авч байсан бүх цалингаа эргэж төл, гэр бүлийнхийг чинь нүүлгэхэд гаргасан бүх зардлыг бас нөхөн төл” гэдэг зарчимд хамрагдана гэсэн үг. Гэрээнд оруулсан бас нэг хатуу заалт юу вэ гэхээр Монгол Улсын нэр хүндийг гутаасны төлбөрийг мөн давхар нэхэмжлэхээр заасан. Улсынхаа нэр хүндийг энэ хүн хамгаалаад явах байтал эсрэгээр ноцтойгоор гутаагаад хохирол учруулчихлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, та Монгол Улсын нэр хүндийг ноцтойгоор гутаасан бол бид түүнийг нь үнэлж энэ мөнгөө таниас нэхэмжилнэ. Монгол Улсын нэр хүнд гэдэг хязгааргүй үнэтэй. Тэгэхээр үнэлгээ тогтоох хэцүү мэт санагдах байх. Гэхдээ бид тодорхой зарчмыг төсөөлж байгаа юм. Тухайлбал, тэр этгээд хэдэн төгрөгөөр Монголынхоо нэр хүндийг зарахад бэлэн байсан юм бэ гэдгээр үнэлгээний багцаа гаргаж болно. Өөрөөр хэлбэл, машин дотроо хэдэн төгрөгийн “бараатай” явсан юм бэ гэдгийг амархан тооцолж болно. Тэгвэл тэр мөнгийг нэхэмжилж болно. Ингэх тохиолдолд тамхи зөөх эдийн засгийн утга агуулга нь алдагдана. Энэ бүгдийг гэрээнд суулгаж өгсөн. Өнөөдөр дипломат албаны гадаад томилолт аваад явж буй нэг ч ажилтан ийм гэрээгүй явдаггүй. Өөрсдөө ч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурдаг.
- Урьд өмнө энэ тухай ямар ч зүйл заалт байгаагүй болоод л дипломатууд дураараа загнадаг байжээ. Таны ийм хатуу байр суурьт эгдүүцсэн зарим нэгэн тийм яриа гаргасан байж болох уу? - Сая Польшид баривчлагдсан А.Батсайхан гэдэг хүнтэй байгуулсан гэрээ энэ байна (харуулав). Аливаа зүйлийг баримттай ярих хэрэгтэй л дээ. Гэрээний 3-ын 5-д тамхи болон аливаа хориотой бүтээгдэхүүний наймаа арилжаанд оролцохыг Монгол Улсын төрийн болон дипломат албаны нэр хүндэд харш, ноцтой зөрчилд тооцно гээд оруулаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, үүнийг зөрчвөл гадны хуулийн дагуу хариуцлага хүлээсэн эсэхээс үл шалтгаалан монголын хуулийн хариуцлагын шууд сөхөгдөж байгаа юм. Мөн дараах заалтад түүнд Монгол Улсаас гаргасан бүх зардлыг буцаан авч, Монгол Улсын нэр хүндийг нэхэмжилнэ гээд оруулаад өгчихсөн байгаа биз. Гэрээг хүлээн зөвшөөрсөн байгуулсан А.Батсайханы гарын үсэг энэ байна. Надаас өмнө нь ийм заалтуудтай гэрээг хэн ч хийж байгаагүй. Ийм учраас дээрх мэдээг би огт “бай”-гаа оноогүй хоосон яриа гэж хэлж байгаа юм. Ийм хатуу ял, хариуцлага тулгачихаад би өөрөө А.Батсайханд “тамхи зөөгөөд ир” гэвэл тэр хүн яаж хүлээж авах вэ? Тэнэг л биш бол эсэргүйцэнэ биз дээ. Цагдаагийн ажилтан хулгайч дээр ирээд “чи хулгай хийгээдэх дээ” гэвэл цаадах нь үгэнд нь орох уу. Түүнтэй адил шүү дээ. Огт логикгүй байгаа биз дээ. Тамхины асуудалд миний байр суурь хатуу. Шинэчлэгдсэн гэрээ байгуулахаас өмнө ийм зөрчилд оролцсон хүмүүсийн нэгийг ч би ажилд авахгүй байгаа. “Намайг байхад ийм асуудал байхгүй шүү” л гэж байгаа. Үүнд эгдүүцэж дургүйцдэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй.
Таны сонирхсон асуудлыг өөр нэг өнцгөөс бас үгүйсгэе. Хэрэв тамхитай холбогдсон ийм ёс бус үүрэг даалгаврыг манай яамны удирдлагууд өгөөд түүнийх нь дагуу дипломат хүн баригдаж хоригдсон байвал гэр бүлийнхэн нь зүгээр суулгах уу. Аль эрт л хэвлэлийн бага хурал хийлгээд, үүрэг өгсөн хүмүүсийг нь “хариуцлагаа хүлээ” гээд сууж байна биз дээ. Тэгэхээр аль ч талаасаа авцалдахгүй ийм л огт утгагүй хов нисч яваа юм.
- Гэрээ байгуулснаас хойш үр дүн гарч байна уу? Гэрээний дагуу хэн нэгэнд хариуцлага тооцов уу? - Манай нэг дипломат хар тамхитай холбогдсон хэргээр энд хариуцлага хүлээсэн. Харин дээр дурдсан шалтгааны улмаас тамхины хэргээр өнөөг хүртэл Монголд хариуцлага хүлээсэн нэг ч хүн байхгүй. Одоо бол ийм зүйл хийх нь их эрсдэлтэй болсон. Хэрэв би андуураагүй бол 2008 онд гэрээнд тодорхой хариуцлагын тухай заалтуудыг оруулснаас хойш тамхины асуудалтай холбогдон гадаадад баривчлагдсан ГХЯ-ны үндсэн дипломат ажилтан гараагүй. Та хэвлэлээр гарч байсан нэрсийг шалгаарай. Тэр дотор Гадаад яамны үндсэн кадр байхгүй. Харин өөр яамнаас гадагш томилогдсон эсвэл манайтай гэрээгээр ажилладаг гадаадад байнга оршин суугч хүмүүс зэрэг этгээдүүд тамхины асуудлаар баричвлагдсан байдаг. Батсайхан ч гэсэн сая явахдаа ямар нэгэн тамхи зөөвөрлөөгүй гэдгийг Польшийн тал албан ёсоор мэдээлээд байгаа. Энэ хүн эхнэр, хоёр хүүхэдтэйгээ Польшид зорчиж явсан юм билээ. Тэгэхээр манай үндсэн дипломат кадрууд ийм асуудалтай зууралдахаа больсон гэж би ойлгож байгаа. Гэхдээ аливаа нэг ухамсар мөчид хүн хийхийг, хийх гэж оролдохыг урьдчилан хэлэхэд хэцүү. Иймд, бүр 100 хувь арилсан уу, үгүй юү гэдгийг хэлж мэдэхгүй. Ямартай ч одоо бол хийсэн бол хариуцлагаас зайлахгүй гэдгийг хэлж чадна.
- ГХЯ-наас анх А.Батсайханыг тамхины хэрэгт холбоогүй гэж мэдэгдсэн. Гэтэл хоёрхон хоногийн дараа үнэн болж таарсан. Яагаад ингэж зөрүүтэй мэдээлсэн юм бэ. Үүний цаана хэргийг нуугаад өнгөрөх санаа байв уу гэдэг хардлага яваа? - Би дээр хэлсэнчлэн тэрээр сая баривчлагдахдаа тамхи зэрэг аливаа хууль бус үйлдэл хийгээгүй байсан. Өөрөөр хэлвэл тэрээр хэн нэгний захиалгаар тамхинд явж байгаагүй, зүгээр явж байсан. Харин баривчлах шалтгаан нь 2004-2007 онд (энэ үед би Гадаад яамны удирдалагад байгаагүй. Ерөнхийлөгчийн зөвлөх байсан) Польш дахь Монголын ЭСЯ-нд ажиллаж байхдаа тамхины найманд оролцсон байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаатай холбоотой юм билээ. Тэгэхээр тэртээ дээр тамхины наймаа хийж байсан юм уу, үгүй юу гэдгийг бид мэдэхгүйгээс хойш ямар байр сууринаас хандахыг тодорхойлох нь амаргүй байсан. Үүнээс болж цаг хугацаа жаахан хожимдсон хэрэг. Польшууд уг хүнийг шалгаад “уучлаарай бид андуурсан байна” гээд гаргавал яах вэ? Бид сонин хэвлэлээр толгой түрийгүй гөвөөд хаячихсан байдаг. Монгол Улсын иргэнийг гаднын нэг байгууллага шалгаад эхэллээ гэхэд л өөрийнхөө хүнийг газар дор ортол муулаад, уралдаад ёстой муу хүн гээд байдаг. Тэгсэн нөгөө хүн тийм биш байвал яах вэ. Ийм л нөхцөл байдал үүсээд байгаа.
- Ийм алхмыг хийх гэж нэлээдгүй судалсан байх. Таныг энэ албанд томилогдохоос өмнө хэчнээн хүн тамхины хэрэгт орооцолдож, гаднын улсад шийтгүүлж ял сонсч байв. Ийм судалгаа бий юү? - Судалгаа ч байлгүй яахав. Шууд цээжээр мэдэмхийрч хэлэшгүй нь. Ер нь цөөнгүй. Бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ өмнө нь тамхины хэрэгт холбогдсон хүмүүс энэ албанд эргээд янз бүрийн аргаар эргээд эвтэйхэн шургалчихсан тохиолдол байдаг л байсан. Харин намайг энд ирснээс хойш нэг ч хүн эргэж ороогүйг баттай хэлж чадна. Ер нь ямар даварсан тохиолдол гарсан гээч. Тамхины хэрэгт орооцолдож ирчихээд биднийг ажилд авахгүй байна гээд шүүхэд өгч хүртэл байсан шүү дээ. Би үүнээс нь болгоомжилж ухраагүй. Эцэст нь уг хүн харин нэхэмжлэхээ буцаан татсан.
- Гадаадад суугаа дипломат ажилтнуудын цалин хангамж ямар байдаг юм бэ. Амьдралд нь хүрэлцэхгүй болоод л унацтай ийм наймаа руу ингэж олноороо ордог юм болов уу? - Арай л бага байсан нь үнэн. Гэхдээ тэглээ гээд наймаа хийсэн байхыг би хэзээ ч зөвтгөдөггүй. Яг тэгж хэлдэг хүмүүс байдаг. “Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүйгээс л ингэлээ” гэх удаа байсан. “Уучлаарай, тэгвэл Монголдоо сууж байхгүй яасан юм бэ. Та нарын тэр бага цалинг аваад үнэнчээр ажиллах монгол залуус олон байна. Монгол Улс та бүгдийг чадах хэмжээгээрээ унаатай, байртай, цалинтай байлгаж байгаа. Тэр нь багадлаа гээд Монголын нэр төрийг гутаахыг би хэзээ ч зөвшөөрөхгүй” гэдэг л хариуг тийм улсуудад барьдаг даа. Гэхдээ нэг талаасаа ийнхүү хатуурхадаг ч нөгөө зөвхөн хатуугаар асуудлыг шийдэхгүй гэдгийг би ойлгож байсан. Ямар коммунизмын үе биш. Зөвхөн “толгойг нь цавчдаг” аргаар асуудлыг шийддэг үе өнгөрсөн. Иймд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болсноосоо хойш 3-4 сарын дотор гадаадад суугаа дипломат ажилтнуудынхаа цалинг дорвитой нэмэх саналыг шийдэмгий боловсруулж дээшээ оруулсан. Тухайн үеийн засгийн удидлага асуудлыг ойлгож дэмжсэн. Тиймээс цалин дорвитой нэмэгдсэн. Зөвхөн хариуцлага тооцоод хүмүүст ял тулгаад байх бус гэмт үйлдэл рүү хөтлөөд байгаа эх сурвалжийг шийдэх арга замыг хайсан гэсэн үг. Өнөөдрийг болтол ийм асуудал дахин гараагүй нь ганцхан хариуцлагын тогтолцоо бий болгосноос бус бас цалин хөлсийг боломжийн хэмжээнд хүргэснээс үүдэлтэй гэж үзэж болно.
- Дипломатын эрх ямба Польшид хүчингүй болох уу. Ялангуяа тэрээр амралтаараа явж байсан шүү дээ? - Батсайхан хувийн хэргээрээ - амралтаараа эх орноосоо өөр чиглэлд явж байсан учраас Оросын хил даваад л дипломат эрх ямба нь Польшийн хувьд үйлчлэхгүй болж байгаа юм.
- Манай талаас дипломат эрх ямба гэж ярих эрхгүй юм байна, тийм үү. Монгол Улсын иргэн гэдгээр л асуудалд хандаж таарах нь ээ? - Тэгнэ. Дипломат гэдэг утгаар нь бид очоод хамгаалаад өмгөөлөөд байх асуудал байхгүй. Түүгээрээ хэргээ шийдүүлээд үнэн мөнөө тогтоолгоод шударгаар гарч ирэх ёстой. Гэхдээ А.Батсайханы хувьд бид нэг юмыг хэлж байгаа. “Баривчлагдахдаа аливаа тамхи зөөвөрлөж хууль бус үйлдэл хийгээгүй учраас дипломат хүн гэдгийг нь бүү мартаарай. Хууль журмынхаа дагуу богино хугацаанд асуудлыг шударга шийдэж өгөөрэй” гэдэг шаардлагыг Польшийн талд тавьж байгаа. Мөн энэ хүн чинь Польшийн хувьд дипломат биш байлаа гээд Монгол Улсын иргэн байхаа болиогүй л байхгүй юү. Тиймд бид иргэнийх нь хувьд консулаараа дамжуулан очиж уулзаж байгаа. Өмгөөлөгчийг нь авч өгөхөд бас тусалсан.
- Польшоос өмгөөлөгч авсан уу? - Тэгсэн.
- Өмгөөлөгчийнхөө зардлыг тэрээр өөрөө хариуцах уу? - Тэгнэ. Түүнд бид оролцохгүй. Өөрөөр хэлбэл, хууль журмын дагуу оролцохоос илүү нэг ч алхам бид бас хийхгүй.
- Гурван сарын дараа уучлаарай энэ хүн буруугүй юм гэвэл яах вэ. Тухайн улсаас хариуцлага нэхэх үү? - Хэрэв тийм байвал асуудлыг тухайн үедээ л ярина даа.
Тамхины наймаатай холбогдсон мэдээлэл Польшийн тусгай албадад байдаг. Энэ мэдээлэл алга болохгүй. Тухайн улсын ой санамжинд байгаад л байна. Иймд тамхины наймаа хийж байсан улс бүгд анхаарах ёстой байх.
- Хэдхэн хоногийн өмнө гадаадад суух Элчин сайдуудыг томиллоо. Энэ удаад Япон улсаас Хүрэлбаатар сайдыг хүлээн авахгүй гэж цааргалсан тухай яригдсан. Тийм асуудал болсон юм уу? - Тэр худлаа. С.Хүрэлбаатар сайд бол нэр хүндтэй дипломат. Хойд Солонгост бас амаргүй газарт үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Бид ч хаая иймэрхүү л ташаа мэдээлэл дунд буруугүй хүнийг самгардуулж байх юм байна шүү дээ. Цуу яриаг дэгдээж, сайн хүний аль мууг нь үзэх гэдэг болсон ч юм шиг. Хүрэлбаатар сайдыг та хүмүүсээс асуу. Ийм хүнийг томилж явуулахдаа Монгол Улс ичээд хэрэггүй. Хэн нэгэн арын хаалганы хүнийг явуулах гээгүй биздээ. Үүнээс илүү яах юм бэ.
- Томилгоо хэр нүдээ олж байна вэ. Өмнө нь ар өврийн хаалгаар мэргэжлийн бус хүмүүсээр дүүрснээс та бид хоёрын ярьснаар хар тамхи, тамхины наймаа цэцэглэсэн гэдэг л дээ? - Дипломат алба аливаа нэгэн тендергүй, мөнгө цааснаас хол шүү дээ. Мундаг хатуу ёс жаяг, уламжлалтай. Уг нь боловсон хүчин сайтай. Гэхдээ ний нуугүй ярихад цус ойртолт, арын хаалга гэсэн дутагдлаар байнга л шуумжлэгдэж байдаг. Үүнийг бид бага гэлтгүй шийдэж чадахгүй бол эмгэнэл. Би үүнтэй эвлэрэхийг хүсдэггүй. Би боддог юм. Бүх юм арын хаалга болчихоор энгийн хүүхдүүд яаж энэ яам рүү орох юм бэ. Тэдэнд хаалга хаалттай байх ёсгүй. Дандаа нээлттэй байх ёстой. Хүн чадлаараа л урагшилдаг байх ёстой. Түүнээс биш мундаг нэр төртэй аавын хүчээр энэ албанд шургалчихаад өөрийгөө мундагт тооцоод явбал суурь зарчим алдагдаж байгаа нь тэр. Тиймээс энэ асуудалд дээр шударга зарчмыг мөрдлөгө болгоход анхаарч тодорхой алхамуудыг хийж байгаа. Үр дүн ч гарч байгаа. Гэхдээ хүссэнд арай л хүрээгүй байгаа.
- Байсхийгээд л улсын нууц задрууллаа, нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг гадныханд өглөө гэдэг асуудал сөхөгдөж, яригдах боллоо. Ер нь энэ талын хамгаалалт ямар байна вэ? - Улсын нууц бол улсын нууц. Тэрийг задруулбал төрийн өмнө хариуцлага хүлээнэ. Ийм хатуу зарчим байх ёстой. Нэг хэсэгтээ нэлээн задгай явсан. Одоо буцаад ач холбогдол өгч эхэлж байна. Ганц манай биш дэлхий дахины асуудал болчихоод байна. Маш их мэдээллийг нааш цааш чөлөөтэй шиддэг байлаа. Одоо харин энэ хумигдаж байна.
- Сүүлийн үед хар тамхины хэргээр манай улсын иргэд олноор саатуулагдах боллоо. Саяхан гэхэд л хоёр залуу Хятадад их хэмжээний хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдлаа. Энэ байдлыг яах вэ? - Бид уг асуудалд тухайн улс манай иргэнд шударга хандаж байна уу гэдэг талаас нь шаардлага тавьж ажилладаг. Гэм буруутай байлаа ч тэр хүнд хүнлэг ёсоор хандаж байх ёстой шүү дээ. Ялгаварлан гадуурхаж болохгүй. Ер нь бол энэ чиглэлээр бид чадах чинээгээрээ хичээн ажиллаж байгаа. Их зүйлийг хийж байна. Хэрэгт холбогдсон иргэддээ бид ямар ч байсан Монгол Улсын иргэн гэдэг үүднээс нь ханддаг. Энд хэлэхэд, “танд ямар ч мөнгө амлаж магадгүй. Гэхдээ үүний чинь хариу амь нас чинь байж болзошгүй шүү. Баригдахгүй өнгөрнө гэх магадлал бараг л тэгтэй тэнцэнэ шүү. Тиймээс амь дүйсэн ийм зүйлээс хол байгаач. Азаа битгий үзээч” гэж л захимаар санагддаг.
- Малайзад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт ахиц гарсан гэсэн. Ер нь энэ хэрэгт манай талаас хэр анхаарал тавьж чадаж байна вэ? - Бид ямар шийдвэр гаргах вэ гэдгийг өдөр болгон харж байгаагаа Малайзын талд хэлдэг. Аливаа улсын шүүхийн дотоод асуудалд оролцоно гэж байхгүй учраас хуулийн хүрээнд дипломат шугамаараа ажиллаж байгаа. Энэ хэргийг бол орхихгүй.
- Ирэх сонгуульд улс төрд хүч үзэх үү. Танд санал тавьж байна уу? - Одоогоор энэ тухай бодоогүй л явна.
“Үндэсний шуудан” 2011.11.22
СЭТГЭГДЭЛ БИЧИХ