Ойрхи Дорнодод "цөмийн зэвсэггүй бүс" болгох чуулган Венад эхэллээ
Ойрхи Дорнодод цөмийн зэвсэггүй бүс (ЦЗБ) байгуулахад дөхөм үзүүлж болох бүтэн хагас өдрийн чуулган өнөөдөр Венад ажлаа эхлэв. Энэхүү чуулганыг ОУАЭА-ийн Ерөнхий захирал Ю.Амано санаачлан хийлгэж байгаа бөгөөнд түүнд цөмийн зэвсэггүй 5 бүс, ABBAC хэмээх Аргентин, Бразилийн цөмийн материалыг нягтлан бүртгэх агентлаг, Евратом болон ОУАЭА-ийн гишүүн орнууд уригдан оролцож байна.
Ерөнхий захирал Ю.Амано хурлыг нээж хэлсэн үгэндээ Ойрхи Дорнодод ЦЗБ байгуулах нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал байна гээд тийм бүс тэнд байгуулахад Латин Америк, Африк, Номхон далайн өмнөд хэсэг, Зүүн-Өмнөд болон Төв Азийн бүс нутагт байгуулсан ЦЗБ-ийн туршлага тус дөхөмтэй байж болох юм гэж үзэж уг хурлыг хийлгэж байгаа юм гэв. Тэрээр улс орнуудын туршлагын талаар ярихдаа цөмийн зэвсгээс ангид статустай болгох чиглэлээр Монгол Улсын авч буй арга хэмжээг үнэлж, туршлагаасаа хуваалцахыг онцлон хүссэн байна.
Хурлын үеэр таван ЦЗБ-ийн төлөөлөгчид туршлагаасаа туваалцахаас гадна Агентлагийн гишүүн орнууд ч мөн санаа бодлоо нэмэрлэх юм байна. Хурлаар ярилцсан зүйлс, гарсан саналыг тусгасан илтгэл гарах бөгөөд түүнийг Агентлагийн Ерөнхий бага хурал болон олон улсын холбогдох зарим бусад байгууллага, хурал чуулганд танилцуулах ажээ.
Ойрхи Дорнодод ЦЗБ байгуулах тухай асуудал 1974 оноос албан ёсоор яригдаж эхлэсэн байна. ОУАЭА нь цөмийн материалыг цэрэг дайны зорилгод ашиглахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй олон улсын байгууллагынхаа хувьд Ойрхи Дорнодод ЦЗБ байгуулахад дөхөм үзүүлэх шийдвэрийг 2000 онд гаргасан байна. Агентлаг Ойрхи Дорнодын улс орнууд болон цөмийн зэвсэгтэй орнуудтай бараг 11 жилийн турш ярилцаж, зөвлөлдөж ирснийхээ дүнд энэхүү хурлыг хийлгэж байгаа ажээ гэж Вена дахь ЭСЯ-наас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ