Шинэ станцын тендерт “IP/Suez” булхайцаж эхлэв үү

.
V ДЦС-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Барих Ашиглах Шилжүүлэх /БАШ/ нөхцөлөөр хийгдэх бөгөөд Засгийн газрын зүгээс уг төслийг манай улсад нэн чухал хэрэгтэй, ирээдүйтэй томоохон төслүүдийн нэг хэмээн үзэж байгаа билээ. Тэгэхээр тендерийн ялагч тодролгүй нэлээд удсаныг ойлгож болмоор. Маш том, чухал төсөл учраас бид долоо хэмжиж, нэг огтлохоос өөр замгүй. Олон улсын цахилгаан станцын тендерийн жишгийн дагуу тунаж үлдсэн хоёр компанийн техникийн үзүүлэлт болоод үнийн дүнг мэргэжилтнүүд болоод олон нийт сонирхон харж эхлэв. “Самсунг” компани дэлхийд тэргүүлэгч “Foster Wheeler”-ийн зуухыг ашиглана гэдгээ аль эрт мэдэгдсэн бол “IP/Suez” тендерийн анхны шалгаруулалтад “Hyundai heavy industry”-гийн зуухыг худалдаж авах хатуу гэрээтэйгээр ашиглах нөхцөлтэй байсан ч, “Самсунг”-ын мэдэгдлийн дараа хоёр дахь шатны шалгаруулалтад гэнэтхэн шийдвэрээ өөрчилж, “Foster Wheeler” болон түүнтэй адилтгахуйц гэж техникийн тайландаа санаатайгаар өөрчлөлт оруулсан аж. Энэ нь үнэлгээний процедурыг будлиантуулж, тендерийн журмыг ноцтой зөрчжээ.
.
Дэлхийд сүүлийн үед баригдсан томоохон ДЦС-уудад зуух нийлүүлсэн, техник технологийн шинэ боломжуудаараа гайхагдаж буй “Foster Wheeler”-тэй өрсөлдөх байтугай адилтгах юм олдохгүй гэж салбарын мэргэжилтнүүд ярьж байгаа нь оргүй үг биш ээ. Тиймдээ ч “IP/Suez”-ийн эргэж, буцсан энэ шийдвэрүүдийг илтэд гайхсан янзтай байна.
.
Бас нэг гол зүйл бол тариф. Хямд бөгөөд найдвартай байх гэдэг шалгуур тендерийн эцсийн дүн гарахад онцгой нөлөөтэй байх нь дамжиггүй. Олон улсын жишгээр RFP буюу тендерийн удирдамжид заасан шаардлагын дагуу хоёр оролцогч санхүүгийн саналаа илгээсэн ч дахиад л “IP/Suez”-тэй холбоотой асуудал дэгдсэн тухай эх сурвалж мэдээлэв. Тэд “Самсунг” консорциумаас бага тариф санал болгож буй мэт харагдахын тулд татварыг тооцохоо хэргээр мартжээ. Үүнээс гадна, дулааны тарифыг нийт үнийн дүнгээс салгаж, тусад нь өгсөн байна. Харин “Самсунг” консорциум санхүүгийн саналаа өгөхдөө тендерийн удирдамжийн дагуу татвар болон холбогдох бүхий л зардлыг тооцон нэгтгэн нэгдсэн нэг тариф явуулсан талаар тодорхой хүрээний хүмүүсийн дунд яриа хүртэл гарсан байна. Хэдийгээр “IP/Suez”-ийн санхүүгийн санал цаасан дээр бага мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр “Самсунг”-ийнх тэднийхээс хамаагүй хямд, хамгийн гол нь бодитой үнэ санал болгосон гэсэн үг.
.
Манайд л хэрэгжихгүй байгаа болохоос биш олон улсад тендерийн явцад ийм хуумгай юм хийсэн оролцогчийг хасдаг жишиг байдаг. Учир нь ийм хэмжээний том бүтээн байгуулалт аль нэг компанийн бус, бүхэл бүтэн улс орны эрх ашигтай холбоотой байдаг учраас шударга, бас найдвартай байдлыг тэднээс нэхэх эрх бий. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэл хот маань гэрэлтэй, ирээдүй нь гэгээтэй байх эсэх энэ цаг үед эрчим хүчнээс шууд хамаарч байна. Тэр эрчим хүч нь одоо V ДЦС-ээс хамааралтай болох учраас дээрх хоёр компанийн техникийн үзүүлэлт, үнийн санал, тэгээд гол нь итгэлтэй, найдвартайг нь сайтар эргэцүүлэн шийд гаргахгүй бол болохгүй нь.
.
Б.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ