С.Эрдэнэбат: Оюутолгойн асуудалд засаг ч, үйлдвэрчний эвлэл ч хатуу байх ёстой
2013-08-23

“Оюутолгой” компанийн далд уурхайн ажил зогссоноос 2000 хүний ажлын байр баталгаагүй болоод буй. Тэдний ажлын байрыг хадгалж үлдэх, эрх ашгийг хамгаалах талаар ямар ажил хийж байгаа талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.

.

-Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа зогссоноос болоод ажилгүй болоод байгаа ажилчдын асуудал өнөөдөр ямар шатанд явж байна вэ?

-Оюутолгой ХХК далд уурхайн үйл ажиллагаа зогссонтой холбоотой 63 ажилтныг чөлөөлөх мэдэгдлийг өгсөн байгаа. Тэндхийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ асуудлаар компанийнхаа удирдлагуудтай хэлэлцээр хийхээр явж байгаа. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлөх мэдэгдлийг цомхотгол хэлбэрээр ажлын байрыг чөлөөлөх, түр чөлөө болгох, өөр ажилд шилжүүлэх, эсвэл түр зогсолт гэсэн байдлаар шийдүүлэх саналыг тавьсан байгаа.

Хуулиараа 45 хоногийн хугацаанд хэлэлцээр үргэлжилнэ. Тэгэхээр компанийн зүгээс одоогийн байдлаар 10 хүнийг өөр ажилд шилжүүлээд авах шийдвэр гаргаж байх шиг байна. Харин бусад ажилчдын асуудал хэлэлцээрийн шатанд үргэлжилж байна. Ажилчдыг хаана шингээх тухайд компани ч гэсэн судалж байгаа байх.

.

-“Оюутолгой” төслийн гүйцэтгэгч компаниудад асуудал ямар байна?

-“Оюутолгой”-д 25-800 ажилчинтай, 22 гүйцэтгэгч компани байна. Хамгийн гол масс ажил гүйцэтгэгч Рэд патт, Мэжер дрилинг, АйСиӨү гэсэн компани нь 700-800 орчим ажилчинтай. 800 ажилчинтай Рэд патт компани 300 ажилтандаа ажлаас чөлөөлөх мэдэгдэл одоогоор өгсөн.  Бөөнөөр халж байгаа тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байдаг. Энэ хугацаанд асуудал нааштайгаар шийдэгдэхгүй бол хөдөлмөрийн гэрээ цуцална гэдэг байдлаар тэдгээр хүмүүсийг орон нутаг руу нь буцаагаад татсан байгаа.

Энэ хугацаанд үйлдвэрчний эвлэл хэлэлцээр хийх саналаа хүргүүлсэн. Хэлэлцээрээр тэтгэмжийн асуудал, ажлын байранд эргээд ажилчдыг авах эсэх зэрэг нарийн ширийн асуудлуудыг ярилцаж байгаа. Оюутолгой хэлэлцээр хийх тал дээр идэвхтэй ажиллаж байна. Харин Рэд патт нь судалгааны шатандаа тэтгэмжийн асуудлыг үйлдвэрчний эвлэлтэй ярилцах байр суурьтай байгаа. Бусад компанийг мэдээлэл өг гэсэн ч заримд нь үйлдвэрчний эвлэл байдаггүй. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагагүй учраас шууд хууль эрх зүйн туслалцаа аваад юмаа ярихад төвөгтэй байх шиг байгаа юм. Тиймээс хүмүүс хувиараа ирж уулзаж байна.

Эцсийн дүндээ Засгийн газар Рио Тинтотой уулзаж учраа олох л асуудал. Үйлдвэрчний эвлэл мянга тэмцээд бас төдийлөн амжилт олохгүй.

.

-Засгийн газар асуудалд хойрго хандаж байна гэж үү?

-Засгийн газар шуурхай арга хэмжээ аваад хүмүүстэй уулзаад харьцангүй гайгүй ажиллаж байна. Гэхдээ үйлдвэрчний эвлэл, засгийн газраас баримталж байгаа бодлого бол төслийн хэмжээнд хичнээн ажилчин байна вэ тэр хүмүүсийг хууль эрх зүй мэдэхгүй, эрхээ хамгаалах чадваргүйг нь далимдуулаад шууд ажлаас чөлөөлөх тухай ярьж байгаа бол засаг ч хатуу байр суурьтай байх ёстой, үйлдвэрчин ч мөн хатуу байх ёстой. Ер нь гадаадын төслийн хүмүүсийн үг, амаар эргээд бизнес олдох байх гэдэг ч юмуу, монгол хүмүүсээ шууд золиосонд гаргаж бүдүүлэг байдлаар авирлахгүй байх хэрэгтэй л дээ. Эргээд компанийн нэр хүндийн асуудалд нөлөөлнө. Ер нь тогтвортой ажлын байрыг л шийдэхгүй бол гэрээт, гэрээтийн гэрээт гээд байхаар дуртай үедээ хүнийг ажиллуулаад дургүй үедээ хэрэггүй гээд шууд халж байгаа нь эрсдэл л дээ.

Үндэсний хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн шилжилт болж байгаа. Хөдөлмөрийн зах зээлийн бодлогын тухайд маш олон жил сараар төрийн мөнгөөр бэлтгэгдсэн энэ хүмүүсийг тогтоож барих хэрэгтэй. Нэг хүн өөрийн дадсан ажлаа биш огт өөр ажил хийгээд ирэхээр бүтээмж буурна. Хэрэгтэй газар нь хэрэгтэй хүнийг ажиллуулах. Үүний тулд л тэдгээр хүмүүсийг сургасан. Өөр төслийн томоохон уул уурхайн компаниудад боловсон хүчин дутагдалтай байгаа шүү дээ. Хэнд ч хэрэггүй хүмүүс биш учраас 2000 мянган ажилчинг тийш нь шингээх бололцоотой.

.

-Ажилтайгаа уялдуулаад амьдралаа төлөвлөсөн хүмүүс гэнэт халагдахад уналтад орно л доо. Эргээд ажилчид маань хууль эрх зүйн талаас мэдлэг мэдээлэл хэр байна?

-Өнөөдөр харьцангүй өндөр цалинтай байж болно, харин маргааш ажлын байр чинь хэр баталгаатай байгаа вэ гэдэг чухал. Өдөр тутмын амьдралд хөдөлмөрийн харилцаа харагдана шүү дээ. Гэтэл шагнал гардаж авч байгаа юм шиг ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөхөд үг дуугүй авчихдаг байж болохгүй. Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд үйлчлэх ёстой. Гэхдээ хүн өөрийнхөө эрхийнхээ төлөө тэмцэж байх ёстой. Ажил олгогчдоо санаа бодлоо ойлгуулах ёстой. Хамаагүй тэмцвэл эргээд ажилд ороход хаалт болно гэх маягаар зарим хүмүүс хойрго хандаж байгаа. Нэгэнт гэрээтээр ажиллаж байгаа бол ийм зүйл гаргуулахгүй. Оюутолгойд ч олон ажилчин хэрэгтэй, 2-р үе шат эхэлсэн учраас. Ажилчдын 75-аас дээш хувьд монгол ажилчдыг авсан байх ёстой.

.

Ажлаас халахдаа Оюутолгойд 2-3 сарын, бусад компанид 12-15 сарын цалинг өгдөг байж болохгүй

.

-Хэлэлцээрийн шатанд талууд юун дээр анхаарч ажиллаж байна?

-Компани ч бас тэнэг хүмүүс удирдаагүй учраас ухаантай бодлого баримталж байгаа. Хүмүүсээ алдах юм бол эргээд олж авч чадахгүй. Монгол Улсад өнөөдөр 3-4 сая төгрөгийн цалин бол гайхаад байх дүн биш болсон. Хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой бодлогыг баримтлахад талууд ажиллах ёстой.

Нэг талаас энэ бол мухардмал байдал л даа. Засагтай учраа олохгүй байна гэхээр эцсийн дүндээ засаг шийд гаргах ёстой. Нөгөө талаас монголчуудын эрх ашгийг харж байж шийдэх ёстой. Ялангуяа нийгмийн түнш байгууллагууд үүн дээр ухаан зарж ажиллах ёстой.

2000 ажилчин биш цаана нь хорин мянган ажлын байр бий болгох юман дээр тээг тавиад байж болох. Засгийн газрын яриад байгаа хөрөнгө оруулалтын үр өгөөжийн асуудлуудыг буруутгах аргагүй. Монголд орж ирэх хөрөнгө төслийн мөнгө цаанаа бас төлөвлөгдсөн байгаа. Оюутолгой Монгол улсад ноогдох ашгаараа дараагийн олон мянган ажлын байрыг бий болгоно. Олон хүмүүсээ сургана, боловсролоо тэтгэнэ, жижиг дунд бизнесээ хөгжүүлнэ ашиг хуваарилна гээд мөнгө болгоны цаана эзэн байгаа. Зөвхөн энэ 2000 ажилчны тухай биш.

.

-Оюутолгойн гэрээг танайхаас ямар байдлаар харж байна, шийдэх ёстой асуудал байгаа юу?

-Оюутолгойд шийдвэрлэх ёстой асуудлууд байгаа юм билээ. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бол хүнтэй хөдөлмөрчидтэй холбоотой асуудлыг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль хамгийн доод жишгийг зохицуулах хэлбэр. Яагаад Оюутолгой компани 2-3 сарын цалин ярьдаг, энгийн адилхан татвараа төлөөд өшөө илүү ажлын байр бий болгож байгаа аж ахуй нэгжид өөрөөр ханддаг байна гэж. Гэтэл бусад компаниуд хүмүүсээ ажлаас халахдаа 12, 15 сарынх гээд цалин өгдөг, тэрэнтэй ялгаа юу байхав. Стратегийн орд үндэсний ажиллах хүчтэй холбоотой том асуудалд үйлдвэрчний эвлэл бүх талаараа хамтарч ажиллана. Гэхдээ ямар ч төсөл хөтөлбөр дээр хүнтэй холбоотой асуудлыг орхиж болохгүй. Газрын тосны Петрочайнатай хийсэн гэрээнд ажилчидтай холбоотой ямар ч заалт байгаагүй. Яагаад стратегийн чухал гэрээнд хүнтэй холбоотой асуудлыг дандаа орхидог юм бэ. Олон улсын жишиг ч бас байна шүү дээ. Ажилчдын хөдөлмөрийн харилцаа, ар гэр, ахуй амьжиргаанд нь хүртэл анхаарал хандуулсан байх ёстой байдаг.

.

Монгол компаниуд ч хуулиараа хариуцлага хүлээх ёстой

.

-Төслөөс ямар зүйлийг шаардсан байгаа вэ? 

-Оюутолгойн төслөөс хэд хэдэн зүйл шаардсан байгаа. Төслийн хэмжээнд ажиллаж байгаа монгол ажилчдын тоог мэргэжил ур чадвараар нарийн мэдээлэл өг. Цаашдаа ийм асуудал гаргахад хамтын гэрээ хэлэлцээрээ тодорхой болго.

Нөгөө талаар үндэсний компаниудын асуудал. Нэгэнт Оюутолгойд худалдан авалтын төсөл оруулна, хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэж байгаа бол ажиллах хүчнийхээ асуудал дээр ч хариуцлагатай хандах ёстой. Тэгэхгүй бол компаниуд маань Оюутолгой төслийн өмнөөс ажилчдаа халдаг, тэр ажилчдын тэтгэмжийг хэт багаар тогтоодог, энэ хүмүүсийг аргалчихна гэсэн буруу жишиг, бүдүүлэг арга хэрэггүй. Бид монголчуудаа хүндэтгэе л дээ. Тэр компанид худалдан авалт хийж байгаа монголын эрх ашиг байгаа. Яг хуулийн дагуу бол монгол компаниуд ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Оюутолгой төслийг гадаад захирлууд руу хамаг буруугаа чихээд байж болохгүй. Гэрээт компани бол ажилчдынхаа өмнө ямар үүрэг хүлээсэн түүнийгээ хэлэх ёстой. Үйлдвэрчний эвлэл гэхээр зарим компаниуд эсэргүүцдэг. Хүний эрхийг боогдуулаад, ажилчдынхаа цалинг багаар тогтоодог. Том том ашгаа өөрсдөө авчихаад, ажилчдаа шавхруун дээр байлгаад байдгийг болих хэрэгтэй.

Канадууд авчирч байгаа ажилчидаа олон улсын жишгээр цалинжуулж, ажиллах орчин, амьдрах нөхцөл болон гэр бүлийг нь авчирсан байгаа. Гэтэл монгол компани яагаад болохгүй байгаа гэж. Канад компани өөрсдийн иргэдээ бодож байна. Манай компаниудад сэтгэл дутдаг юмуу гэж харагдаад байгаа юм.

.

-Бас бүхнийг хараар будаад байх өрөөсгөл л дөө. Тэгвэл Оюутолгойд болоош дээ гэсэн ямар зүйл байна?

-Уг нь Оюутолгой компани үйлдвэрчний эвлэлтэй байхыг дэмжинэ гэсэн худалдан авалтын бодлоготой юм билээ. Олон улсын жишгээр манай компаниас худалдан авалт хийх аж ахуйн нэгж үйлдвэрчний эвлэлтэй бол давуу тал болно. Үндэсний компанийг худалдан авагчтай болгоно гэдэг нь цаанаа нэг компанийн эзнийг баяжуулах асуудал биш. Олон ажлын байр бий болгож ачаалал үүрч байгаа байгууллагыг төрийн бодлогоор дэмжиж, Монгол улсын уул уурхайн баялгийг ашиглаж байгаа компаниудаас өгнө гэсэн бодлого. Тэр үүднээс уг нь зөв бодлого барьж байгаа юм билээ.

Нөгөө талаар нарийн хэлэлцээрүүдээ сайн ойлгуулах хэрэгтэй. Манайх ийм хуультай, тогтсон жишигтэй, стандарт дүрэм журамтай, шууд хуулиар зохицуулагдаагүй ч амьдрал дээр ийм жишиг тогтсон, хөдөлмөрийн соёл нь ийм байдаг, цөөн хүн амтай, хүний нөөц хомс гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол 2000 ажилчинаа явуулчихаад дахиад 2000 ажилтан сургана гэвэл бас асуудал. Засаг мөнгө гаргах уу, Оюутолгой мөнгө гаргах уу гэдэг бас үр ашгийн асуудал.

.

-Дэлхийн жишигтэй харьцуулахад манай Оюутолгойн ажилчдын цалин хэр байна?

-Ер нь Оюутолгой төслийн хэмжээнд авч байгаа цалин олон улсын жишгээр маш доогуур. Жишиг бол 7000 ам.доллароос дээш. Оюутолгойд цөөнгүй ажилчин тийм хэмжээний цалин авдаг байх. Гэхдээ массдаа бол бага цалин авч байгаа. Засаг ч гэсэн үүн дээр дуугарах ёстой. Үндэсний ажиллах хүчиндээ илүү их цалин өгнө гэдэг бол илүү их зээл, хүн бүр гэр рүүгээ мөнгө шүлжүүлнэ, худалдан авалт хийнэ. Энэ нь дотоодын худалдан авалтыг хамгийн шударгаар дэмжиж байгаа хэлбэр.

.

Ц.Золзаяа

Shuud.mn
Сонин хачин
tumur:
Рио-Тинто-гоос нийгмийн асуудал,цалингийн асуудлаар нааштай шийднэ гэж "горьдох"хэрэггүй,яагаад гэдгийг үүх түүхээс нь хар,хохирсон бүх оронд хийдэг,ярьдаг зүйлийг тоть мэт дуурайгаад хэрэггүй,Ленин багшийн хэлсэн:"...Бид өөр замаар явна"гэдэг шиг креатив,инноваци санаа,алсыг харсан стратеги,сэргэлэн овжин тактиктай байх хэрэгтэй,түүнээс дүү минь чи хэнч биш хүний үг дамжуулагч байна шүүдээ
2013-08-23
tnmur:
1д:Рио-Тинто зүгээр л цайрчихсан өөрсдөд нь маш ашигтай гэрээтэй\баярцогтын хэлдэг жинхэнэ эрсдэлгүй гэрээтэй\,дээрээс нь дарамталж болох бохир удирдагч улс төрчтэй\ихэнхийг нь өөрсдөө бохирдуулж гартаа оруулсан,зарим нь ч өөрсдөө гүйж ирсэн,заримыг нь эртнээс өөрсдөө бэлтгэсэн\тиймээс зүгээр л Луйвардахаар шийдсэн,2д: блокчлон олборлох далд уурхайн арга нь маш бага зардал гардаг, 40%-50%-н хаягдал гардаг,түргэн маш бага хугацаанд хамаг олигтойг СОРЧИЛЖ авдаг технологи,барууныханы бусад орны баялгийг ховх сордог үндсэн технологи,тэгэхэд хуучин ЗХУ-д энэ технологийг уурхайнуудынхаа 21%-д ашиглаж байсан.ЭНЭ ерөөсөө ШИНЭ-NEW технологи биш шүү.3д:манай Монголын талаас санхүүгийн ямарч Хяналт байхгүй,чадах ч үгүй байгаа магадгүй тэгэх сэтгэлч байхгүй байгааг ашиглаж Зардлаа өсгөж сул зөв зүгээр тэрбумаар доллар "цохих",дээр нь бас энэ зардлаа нөхөж авна гэж дахин давхар тэр бумаар нь "цохиж"\байгалийн баялагаас, манай авах ашгаас\хамах Луйврын ажиллагаа эхэллээ 4д:одоо дэлхийн эдийн засгийн хямралыг далимдуулж тэртээ тэргүй үйл ажиллагаа явуулсанч харьцангуй ашиг нь бага буурсан тул эргээд огцом өсөх нь ойлгомжтой тэр болтол "Маневр" хийж Суворов генералиссимусын хэлсэнчлэн:"Дайны урлагт чухал нь МАНЕВР" гэдгийг сонгодог утгаар хийж байна 5д:америкт очиж ярилцана гэдэг нь манайхан "Хэн" тэд нар "хэн"гэдгийг хэлж өгөөд байна хэрвээ орсуудтай ингээд Москва явсан бол баабар балай,баларүүл мэтүүд яаж ГууГчих байсан бол,одоо тэд бүлх залгичихсан мэт таг дуугай байгаа биздээ,хэдэн жилийн дараа хамаг бузар булай илэрнэ,хөөрхийсүүд баригданадаа баригдана
2013-08-23