У.Уранчимэг: Сайн кино хийхийн тулд гурвуулаа л дайраад байсан
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” МУСК-ны дууны клип, трэйлерийн нээлтийн үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй цөөн хором ярилцлаа.
.
-Өөрийн найрулсан киноныхоо тухай?
-“Хувьсал” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл, дэлхийн хэмжээний техник технологиор чадварлаг зураглаачтай хамтарч ажилласан зэрэг онцлогуудтай. Хурц, сонирхолтой үйл явдал нь үзэгчдийг уйдаахгүйгээс гадна үр өгөөжтэй бүтээл болсон. Олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн сайн бүтээл болсон гэж бодож байгаа. Юуны өмнө биднийг ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлье.
.
-Киногоо өөрөө найруулаад, гол дүрд тоглох ямар байв?
-Хоёр хүний ажлыг хийхэд хүндрэлтэй зүйлүүд байсан. Би бол найруулагч биш. Жүжигчин хүн өөрийн мэдрэмждээ итгээд л үзээд алдсан. Маш их юмыг сурч авлаа.
.
-Бүтээсэн дүрийнхээ тухай?
-Миний урьд өмнө нь бүтээсэн дүрүүдээс огт өөр. Цогзолмаа гэх сайхан сэтгэлтэй эмэгтэйн дүрд тоглосон. Зохиолоо уншихад үнэхээр өрөвдөж, түүний оронд өөрийгөө тавьж төсөөлж чадахгүй байсан. Бусдыг нь киноноос маань хараарай.
.
-Киногоо яагаад ингэж нэрлэх болов?
-Нэрийг бид гурав ярилцаж байгаад өгсөн. Ямартай ч киноныхоо утга, агуулгатай бүрэн төгс зохицсон гэж бодож байгаа. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийг үзээд гарсан хүмүүс ийм учиртай байжээ гэж ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Сонирхуулж хэлэхэд А.Ганчимэг маань зургийн дарга хийсэн. Ямар хэцүү ажил болохыг нь мэдсэн байх. Ер нь маш сайн уран бүтээл хийхийн тулд гурвуулаа л дайраад байсан даа. /инээв/
.
-Зураг авалтын тухайд?
-Энэхүү кинонд зуны улирлын гурван өдрийн үйл явдлыг харуулдаг. Зураг авалтын 40 хувийг хотод, 60-70 хувийг хөдөө хийсэн.
Б.Будхүү
Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ