Санхүүжилтийн гэрээний төслийг зөвшилцлөө

img

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс хойш Төрийн ордны “А” танхимд болж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл"-ийн Санхүүжилтийн ерөнхий гэрээний төслийг хэлэлцэн зөвшилцөөд, дэмжсэн юм. Байнгын хороо энэхүү санал, дүгнэлтээ УИХ-ын АБГБ-ын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Засгийн газраас Монгол орны баруун бүсийн босоо тэнхлэгийн дагуу 743.1 км авто зам барьж, одоогоос долоон жилийн дараа буюу 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Тэрхүү авто зам Алтайн нурууг дамнан хийгдэж байгаа бөгөөд зам баригдах нөхцлийн хувьд нэлээд хүндрэлтэйд тооцогдож буй аж. Уг нь мөн л зургаа, долоон жилийн өмнө буюу 2005 онд 37.6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар энэхүү замын ажлыг эхлүүлж байсан түүхтэй. Харин эдийн засгийн хямрал, зарим түүхий эд, нефть бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалан авто зам баригдах ажил саатсан гэж болно. Тэгээд Азийн хөгжлийн банкнаас авах 170 сая долларын хөнгөлөлттэй зээлээр тэрхүү авто замыг барихаар зөвшилцсөн юм байна. Зээлийн хугацааг 32 жилээр тооцжээ. Түүнчлэн авто зам барихад БНХАУ-аас хөнгөлөлттэй зээл авах юм байна. Манай Засгийн газар ч хөрөнгө гаргахаар тогтсон аж. Ер нь л гурван эх сурвалжаас авто замыг барихаар төлөвлөөд байна. Сангийн сайдын хэлснээр, Ховд аймгийн Ярантаас Баян-Өлгий аймгийн Улаанбоомт хүртэлх авто зам, гурван гүүрний барилгын ажлыг Азийн хөгжлийн банкнаас авах хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэхээр болжээ. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Х.Баделхан, Ч.Улаан нарын гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн бөгөөд тэд зээлийн нөхцөл, зам яг хэзээ дуусах, баруун, зүүн бүсийг холбосон Мянганы зам мөн хэзээ дуусах зэрэг асуудлыг тодруулж хариулт авч байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ер нь аймгуудыг холбосон гол замуудаа л нэн түрүүнд хий л дээ. Энэ ажлын дараа тэр улсын хил рүү чиглэсэн замаа хийгээчээ. дотоодын аялал жуулчлалын гол замуудаа нэн түрүүнд хийвэл тэрийгээ дагаад иргэдийн амьжиргаа хөгжил ирнэ биз дээ.
2011-11-23