
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн юм. Энэ үеэр өмнө нь хэлэлцэж байсан, УИХ-ын Ажлын хэсгээс гаргасан саналын томъёоллоор санал хураалгасан болно.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд эхлээд ажлын хэсэгт УИХ-ын гишүүдээс ирүүлсэн саналыг сонсож, хэлэлцэн дэмжсэн. Дараа нь төслийг зүйл, заалтын өөр хоорондын уялдааг хангахтай холбогдсон саналын томъёоллуудаар саналаа хураалгасан юм. Энэ зуурт төслийн 28 дугаар зүйлийн 28.6-дахь хэсгийн “захирал” гэснийг “удирдах албан тушаалтан” гэж өөрчлөх гэдэг дээр нэлээд саатан ярилцсан. Учир нь сонгуульд оролцох албан тушаалтан болон төрийн өмчит компанийн удирдлага хэрэв сонгуульд нэрээ дэвшүүлэх бол хашиж буй албан тушаалаасаа зургаан сарын өмнө чөлөөлөгдөх үү, эсвэл 1 сарын өмнө чөлөөлөгдөх үү гэдэг дээр УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нэлээд тойрон ярьж, санал бодлоо хэлж байлаа. Тэрээр энэ асуудалд эсрэг бодолтой буйгаа хэлж, төрийн өмчит компаниудын удирдлага төрийн алба хашигчдаас их өөр. Ийм байхад ид ажлын үеэр улсын төсөвт хөрөнгө нийлүүлэхээр зүтгэж байх хугацаанд нь албан тушаалаас нь чөлөөлөх маш буруу. Өөрөө хүсэлгүй байтал намын зүгээс нь шахсан бол яах вэ. Тийм болохоор зургаан сар гэдэг их урт байна. Нэг сарын өмнөөс ажлаас нь чөлөөлье гэж байсан юм.
Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, ер нь сонгуулийн жилд төрийн албаны ажил эзэнгүйддэг. Тиймд та нар сонголтоо өөрсдөө хий, эрсдэлээ ч хариуц гэж байгаа юм хэмээж байв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, улстөр, хөрөнгө мөнгө хоёрыг салгахын тулд өмнө нь нэг сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгддөг байсныг зориуд зургаан сарын өмнө болгосон юм. Тэгээгүй бол төрийн алба ажлыг цалгардуулж, тав, зургаан сараар ажлаа орхичихдог гэм бий. Тэрийгээ л боль гээд байгаа юм. Түүнчлэн төрийн албаны албан хаагчдыг мөн сонгуульд оролцуулах гээд байдаг тал бий. Тэгээд эцэст нь олон нийт төрийн үйлчилгээг хүртэхгүй хүндрэл гараад байдаг. Иймээс л өмнөх жилүүдэд гарсан дутагдал, сул талуудыг арилгах зорилготой заалт оруулсан гэсэн юм.
Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хэлэхдээ, Ерөнхийлөгчөөс мөн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан санал ирүүлэхдээ энэ яриад байгаа хугацааг гурван сар байхаар оруулж ирсэн гэж хэлсэн нь Э.Бат-Үүл гишүүнийг жаахан бухимдахад хүргэсэн. Тэрээр, юун бас нэг санал вэ, ирэх сонгууль луйвар болох нь гэж цаана чинь яриад байхад. Хэрэв Ерөнхийлөгчийнхөөр гурван сарын өмнө албан тушаалаас нь чөлөөлнө гэвэл парламентын гадна буй намууд чинь эсэргүүцдэг юм байгаа биз дээ. Уг нь энэ заалт бол тухайн албан тушаалтан эрсдлээ өөрөө хариуцаад, сонгуульд нэрээ дэвшүүлэх, эсвэл байгаа албан тушаалдаа үлдэх гэсэн сонголтыг л өгсөн хэрэг. Тэгээд ч УИХ-ын Сонгуулийн тухай хуульд намууд захирагдах хэрэгтэй гэж байв. Ингээд эцэст нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг нэлээд хумьж, боловсруулалтын түвшинд дуусгах тийшээгээ үйл явц ахиж байна хэмээн Байнгын хорооны дарга хэлж, гишүүд ч санал нэг байгаагаа илэрхийлэн, асуудлыг дэмжсэн юм.
Жирийн явагдаж байгаа алба, ажлыг улс төр болгодгийг болих хэрэгтэй
Дараа нь хэлэлцсэн асуудал бол Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл байлаа.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Тэмүүжин, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын гишүүд энэхүү хуулийн төслийг санаачилж, өргөн бариад удаагүй байгаа юм.
Ж.Сүхбаатар гишүүний танилцуулснаар, “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл нь сүүлийн үед нэлээд яригдаж байгаа УИХ-ын нэр бүхий есөн гишүүний Ерөнхий сайдыг огцруулах талаар санал гаргахтай холбоотой зохицуулалт зарим талдаа хуулинд нарийвчлан тусгагдаагүй нь зарим талаар мөн л бэрхшээл үүсгэж байна. Иймд Үндсэн хуулийн хүрээнд уг асуудлыг нарийвчлан тодотгож, ойлголтыг нэг мөр болгох зорилгоор дээрх хуулийн төслийг санаачилсан гэлээ.
Харин энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр хуралдаан нэлээд хурцатгах тал руу хэлбийж, санал бодлоо хэлж, асуулт тавьсан гишүүд үзэл бодлоо өөр өөрийнхөөрөө илэрхийлж байсан бөгөөд Э.Бат-Үүл гишүүн энэ тал дээр горимын саналтай байгаагаа хэлсэн. Тэрээр, өмнө нь /хавар/ Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал тавих гэтэл бүтэлтэй болоогүй гэдгийг тайлбарлаж, тэгснээ одоо яагаад мөнөөх 9 гишүүний мөн л Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг шийдээд яваад байгаагийн учрыг асууж, гишүүдийг “алаг үзэж болохгүй” гэсэн үг дайсан юм. Э.Бат-Үүл гишүүн энэ тухай УИХ-ын даргаас тодруулж асуумаар байгаагаа хэлж, Д.Дэмбэрэл даргыг иртэл хуралдаан хэсэг зуур хүлээсэн. Хүлээх зуураа мөн л хууль санаачлагч гишүүдээс ингэхэд ямар үндэслэлээр ийм хуулийн төсөл хийгээд ороод ирэв ээ? гэдэг дээр байнгын хорооны гишүүд тодруулж, бас хажуугаар нь бяцхан маргаад авсан юм.
Тэгтэл удалгүй УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуралдааны танхимд орж ирсэн бөгөөд “Ерөнхий сайдыг огцруулахтай” холбогдсон асуудлын хуулийн зүйл, заалтыг тойрсон маргаан болон саналаа өргөн барьсан, бариагүйн тухай хэл, яриа харин ч намжих шиг болсон.
УИХ-ын дарга хэлэхдээ, Э.Бат-Үүл гишүүн та бол тэрхүү саналаа өргөн барилгүй учрыг ойлгосон сайн талтай гэдгийг дурдаж, харин нөгөө 9 гишүүний тухайд өөр хэрэг. Чуулганы хуралдааны танхимд өргөн барих журам байхгүй. Уг нь би тэдэнд баасан гаригт уулзах цаг өгсөн юм шүү дээ, ярилцах боломж гаргах гээд. Гэтэл тэд яарч, чуулган дээр өгсөн нь илүү зан болсон юм болов уу даа. Нэгэнт өгсөн, тэгээд харьяаллаараа ТББ-ын хороо руу явуулсан хэрэг. Ер нь жирийн явж байгаа алба, ажлыг улс төр болгодгийг болих хэрэгтэй юм гэдгийг энд онцлох нь зүйтэй хэмээн тэрээр хэлсэн.
Ингээд гишүүд дэмий зүйл дээр маргаж, хайран цагаа барж байна гэдгийг зарим гишүүд тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Энхболд нар тулхтай хэлж, Байнгын хорооны дарга ч энэ бол эрх зүйн шинжтэй маргаан тул хуулийн хүрээнд нь л шийдээд явах нь зүйтэй юм гэж байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ