V ДЦС-ын ирээдүй буюу “Самсунг консорциум”-ын санал болгож буй “Foster Wheeler”-д найдах нэг биш шалтгаан
6

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр ТЭЦ 5-ын тухай нэлээд шуугих болж. Сэтгүүлч миний бие ч гэсэн өөрийн байр сууринаас нэгэн нийтлэл бичихийг хүслээ. “Зуух” энэ бол цахилгаан станцын гол зүрхэн хэсэг бөгөөд станц гэсэн ярианы яг шилэн дээр яригддаг хамгийн чухал зүйл. Өөрөөр хэлбэл найдвартай станцыг найдвартай зуухтай эсэх гэсэн үзүүлэлтээр хэмждэг нь өнөөдөр дэлхийн жишиг.1927 онд Швейцарын Баар хотод бууриа засаж, тэр цагаас өнөөдрийг хүртэл швейцар цаг шиг найдвартайгаар сайн чанарын зуух дэлхий дахинд нийлүүлж ирсэн нөлөө бүхий компани “Foster Wheeler” Монголын зах зээлд орж ирэх боломжтой ажээ. Ирэх ирэхдээ улаанбаатарчууд бидний цахилгаан, дулааны хэрэгцээний амин судас болох учиртай V ДЦС-д бүтээгдэхүүн нийлүүлэх гэж. Өдгөө ТЭЦ 5-ын тендерт “Самсунг” консорциум, “IP Suez” консорциум хоёр тунаж үлдсэн бөгөөд “Самсунг консорциум” энэ зах зээлийн тэргүүнд явдаг “Foster Wheeler”-ийн зуухыг бидэнд санал болгож буй нь энэ.Нийслэл хотын маань дулаан, цахилгааны хангамж хэрэглээнийхээ өсөлтөөс хоцроод олон жил өнгөрсөн. Төвийн бүсийн цахилгааны хэрэглээ сүүлийн гурван жилд дундажаар долоон хувиар өссөн байна. Иймд зогсолтгүй өгсөж буй цахилгаан дулааны хэрэгцээг хангахын тулд “Улаанбаатар ТЭЦ 5” төслийг 450, 370 мВт гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж, нийт 820 мВт цахилгаан үйлдвэрлэх тооцоо хийгээд байгаа. Ерөнхийдөө бидний ирээдүй бөгөөд итгэл найдварыг тээж буй уг ТЭЦ 5-ын тендер жил жилээр хойшилсоор өнөөдрийг хүрсэнд олон хүн бухимдаж байгаа нь үнэн. Гэвч бүхэл бүтэн Монгол Улсын нийслэлийн эрчим хүчний хэрэгцээг хангах ийм том ТЭЦ 5-ын төслийг сэтгэлийн хөөрлөөр ч юм уу, эсвэл сэмхэн далдуур шийдчихвэл хэн хэндээ халгаатай. Манай эрчим хүчний салбарт урьд байгаагүй өндөр үнэ цэнэ бүхий ТЭЦ 5-ын тендерийн удаад буй шалтгааныг бид үүнтэй холбож ойлгож байна. Тендерийн сунгаа жил дамнан үргэлжилсээр, тунаж үлдсэн хоёр консорциумын тоглоомын дүрэм ерөнхийдөө дэлгэгдсэн.“Самсунг” консорциум дээр дурдсан “Foster Wheeler”-ийг санал болгож буй бол “IP Suez” болохоор яг ямар зуухыг хэрэглэхийн тухай мэдээлэгдэхгүй байна (зүгээр л foster wheeler or equivalent гэж бичсэн.). Хачирхалтай нь, энэ сарын 15-нд Монгол Улсын Засгийн газар болон тендерт шалгарч үлдсэн хоёр консорциумын уулзалтын үеэр “IP/Suez” консорциум “Hyundai heavy industry” компанитай “Mutual exclusivity agreement” буюу зөвхөн тус компанийн зуухыг худалдан авах хатуу нөхцөлтэй гэрээ хийсэн нь ил болсон. Шалгарч үлдсэн хоёр консорциум бидэнд тэнгэр газар шиг зөрүүтэй бөгөөд маш сонирхолтой хувилбар танилцуулж байгаа нь энэ. “IP Suez”-гийн санал болгосон зуух бол дэлхийн ДЦС-ын зуухны зах зээлд сүүлийн үеэс орж ирж буй бөгөөд энэ гээд хэлчих барим тавим бүтээн байгуулалт одоогоор байхгүй. Хэрэв энэ компанийн зуухыг ТЭЦ 5-д сонговол бид “туршилтын туулай” болох юм билээ. Олон улсад ажиллаж үзээгүй, мөн шинээр зуухыг үйлдвэрлэж байгаа компанид бүхэл бүтэн нийслэлийнхээ эрчим хүчний ирээдүйг даатгачихна гэхээр нэг л санаанд бууж өгөхгүй байгаа. Салбарын мэргэжилтнүүд хүртэл найдвартай ажиллах эсэх нь тодорхойгүй зуухыг сонгох хэрэг байна уу гэж санаа зовж буйгаа хэвлэлээр илэрхийлж эхэлсэн. “IP Suez” Монголын ТЭЦ 5-ыг томоохон туршилтын туулай болгох сонирхол их байгаа нь эндээс харагдаж байна.

Харин “Самсунг” консорциумын санал болгож буй “Foster wheeler” болон зуун жилийн түүхтэй, дэлхийн томоохон цахилгаан станцуудад туршигдаж, өндөр үнэлгээ авсан учраас бидэнд эргэлзэж мунгинах хэрэг алга. Бидэнд байгаа мэдээллээр өнгөрсөн зуун жилийн туршид “Foster Wheeler” компани дэлхий дахин 2465 томоохон дулааны цахилгаан станцид өөрсдийн зуухаа нийлүүлсэн бөгөөд тэдгээр нь он удаан жилийн туршид аюулгүй, найдвартай ажиллаж тус компанийн нэр хүндийн баталгаа болсон аж. Ялангуяа АНУ, Европын орнууд, Япон, БНСУ, БНХАУ-ын ихэнх дулааны цахилгаан станцид тус компанийн зуухыг өдгөө ч хэрэглэж байна. Мөн 2006 онд дэлхийн зуухны зах зээлийн 72 хувийг тус компани хангаж байсан бол 2010 онд 74, өөрсдийн шинэ технологийн зах зээлд нэвтрүүлснээр өдгөө тус компани зах зээлийн 92 хувийг эзэлж буй гэж “Foster Wheeler” компанийн албан ёсны цахим хуудаст бичжээ.
ТЭЦ 5-ын төсөлд “Самсунг” консорциум дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Foster Wheeler” компанийн зуухыг хэрэглэхээр санал оруулсан нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг бөгөөд их бүтээн байгуулалтын ажлаа санаа зовох зүйлгүйгээр эхлүүлэхэд томоохон түшиг болох юм. ТЭЦ 5 1-р шатанд нь нийт гурван зуух, таван турбинтай бөгөөд 450 мВт цахилгаан, 587 мВт дулаан гаргах хүчин чадалтай байхаар тооцож буй. Хэрэв “Самсунг” консорциум тендерт яалбал ТЭЦ 5-ийг 25 жилийн турш удирдаад Монголын ард түмэнд буцааж өгөх (BOT) нөхцөлтэй ТЭЦ 5-ийн зуух найдвартай байх хэрэгтэй гэдэг нь тодорхой юм. Ийм том бүтээн байгуулалтын ажлыг “Самсунг консорциум”, “Foster Wheeler”-т, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ хоёр том компанид даатгаад үзвэл ямар вэ. Энд бид туршилтын туулай болох тухай биш бид улсынхаа нийслэлийн эрчим хүчний ирээдүйн талаар ярьж байна шүү дээ.
5Б.УУГАНБАЯР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ