Б.Эрдэнэбаяр: Мэдэгдэл авсан ажилчдад сул зогсолтын нөхөн олговор олгох ёстой
Оюутолгой компанийн Үйлдвэрчний хорооны дарга Б.Эрдэнэбаяртай үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.
1
-Танай үйлдвэрчний хороо мэдэгдэл авсан ажилчиддаа ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?
-Манай 61 хүнд ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгчихөөд быайгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ мэдэгдлийн дагуу манай үйлдвэрчний хорооноос Оюутолгой ХХК-ийн ерөнхий захирал Камерон Макевийн нэр дээр 2 зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Нэгдүгээрт, мэдэгдэл авсан үндсэн ажилтан 61 хүнийг “Оюутолгой” ХХК-ийн өөр хэлтэс салбар нэгжүүдэд шилжүүлэн ажиллуулаач. Нэгэнт далд уурхайд ажил байхгүй бол бусад хэлтэс салбар нэгжид орон тоо гаргах. Манай компани ажиллах хүч гаднаас сонгон шалгаруулалтаар их авдаг. Тиймээс тэдний оронд эдгээр ажилчдыг аваачээ. Эд нар маань мэргэшсэн, дадлагажсан, туршлагатай ажилчид.
Хоёрдугаарт, “Далд уурхайн үйл ажиллагаа бүр мөсөн зогсоогүй” гэж компанийн зүгээс мэдэгдээд байгаа. Үнэхээр л тийм юм бол сул зогсолтын нөхөн олговор олгох ёстой. Сул зогсолтын нөхөн олговор олгохоос гадна ажлын байрыг нь хадгал гэсэн шаардлагыг хүргүүлсэн.
1
-Шаардлагыг хүлээж аваад компанийн зүгээс ямар хариу өгөв?
-Шаардлагын дагуу өөр ажилд шилжүүлэхийг судлах ажлын хэсэг компани дээр байгуулагдсан. Эдгээр хүмүүс ажил мэргэжилийн хувьд ямар ажилд тэнцэх вэ, хааш нь яаж шилжүүлбэл болохоор байгааг судлах зорилготой юм. Ажлын хэсэг байгуулагдаад нэг хүнийг өөр ажилд шилжүүлсэн, өөр нэг ажилчинд өгсөн мэдэгдлээ цуцалсан. Дөрвөн хүний асуудлыг он гартал хойшлуулсан гэсэн нааштай үр дүн гарч байгаа. Ер нь цаашдаа бусад хүмүүсийг ч гэсэн шилжүүлэх л ажлын хэсэг гэж ойлгож болно. Ажлын хэсэг энэ долоо хоногт албан ёсоор манай үйлдвэрчний эвлэлд мэдээлэл өгөх байх.
1
-Ажилчдын асуудлыг хэрхэн шийдэх нь эцсийн байдлаар хэдийгээр гарах бол?
-Бөөнөөр нь халж байгаа үед ажлаас халагдсаны тэтгэмжийг хуулинд нэг ба түүнээс дээш гэж заасан байдаг. Манай Үйлдвэрчний хороотой компанийн захиргаа хэлэлцээр хийх ёстой. Тэтгэмж хэдэн сар байх ёстойг энэ хэлэлцээрээр ярина. Дараа долоо хоногоос хэлэлцээр товлогдсон. Хоёр талаасаа тэнцүү гишүүнтэйгээр хэлэлцэнэ дээ. Хэлэлцээр эхлээгүй учраас хэдэн сар гэдгийг хэлэхэд хэцүү. 45 хоног нь есдүгээр сарын 28 хавьцаа дуусна. Тэрнээс наана ажлын хэсэг аль болох идэвхтэй ажиллавал эдгээр хүмүүсийн ихэнхийг өөр ажилд шилжүүлэх байх гэж найдвар тавиад байна. Ингэвэл цалин нь төдийлөн буурахгүй.
1
-Дунджаар ажилчид хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ?
-Ажилчдын дундаж цалин 1.5 сая төгрөг байдаг. Харилцан адилгүй л дээ. Гэхдээ бусдын цалин хэд байгааг нарийн мэдэх боломжгүй. Ур чадвараар ч гологдохгүй. Бүх шалгуурыг даваад л ажилд орсон хүмүүс. 2003 оноос хойш өнөөг хүртэл ажилласан мэргэшсэн инженерүүд ч байгаа.
1
-Ажилчдын нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?
-Чөлөөлөх мэдэгдэл аваад сэтгэл санааны хувьд ч хэцүү байгаа. Мэдэгдэл авсан ажилчид сул зогсолтын олговор авах хүсэлтэй байна. Далд уурхайд эргэн ажиллах хүртэл сул зогсолтын мөнгө авмаар байна гэцгээж байгаа. Ажилчдын ихэнх нь орон сууцны зээл авчихсан. Зээлтэй хүмүүс байнгын орлогогүй болчихоор ар гэрийн амьдрал хүндэрнэ. Гэхдээ ажиллаагүй ч гэсэн одоогоор 45 хоногийнхоо цалингаа авч байгаа. Албан ёсоор ажлаасаа халагдаагүй учраас цалингаа авна. Албан ёсоор ажилгүй болбол орлогогүй ар гэрийн амьдрал хэцүүдэж, олон чанаргүй зээл үүсэх магадлалтай. Энэ бүхнийг шаардлагадаа тодорхой тусгаж өгсөн.
1
-Иймэрхүү нөхцөл байдалд ямар арга хэмжээ авахыг хөдөлмөрийн гэрээ юм уу, хамтын гэрээнд тусгаагүй байсан уу?
-Хамтын гэрээг жил болгон үйлдвэрчний эвлэлтэй байгуулдаг. 2011 оноос хойш хамтын гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журамд заагаагүй зүйлийг ажилчдад ашигтай нөхцөлтэйгөөр байгуулдаг гэрээ. Тэр гэрээг байгуулаад 2 дахь жилдээ явж байна. Одоо дахин шинэчилнэ. Хамтын гэрээ жил болгон сайжраад, ажилчдын саналыг тусгаад байгаа. Хамтын гэрээгээр уурхайн нэмэгдэл, хоол унааны мөнгө, сургалтын зардлыг компаниас төлөөлүүлэх, цалинтай чөлөө олгох зэрэг олон зүйлийг тусгаад зохицуулаад явж байгаа.
1
Ижил хөдөлмөрт ижил хөлс гэсэн Олон улсын 100 дугаар конвенц гэж байдаг. Монгол ажилчид яг адилхан ажил хийж байгаа гадаад ажилчнаас 12-13 дахин бага цалин авч байгааг эх сурвалжууд хэлж байна. Оюутолгойн гэрээний 8.12-т зааснаар хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараа 90 хоногийн дотор 5 жилийн хугацаанд монголын ажиллах хүчийг сургах хөдөлмөр сургалтын гэрээг хийнэ гэж заасан ч хэрэгжилт тун тааруу байгаа.
Оюутолгой компанид 7000 мянган монгол ажилтан бий. Өнгөрсөн оны байдлаар цалингийн нийт сангийн 84 хувийг гадаад ажилчдын цалин эзэлжээ. Монгол ажилчдын эзлэх хувь хэмжээ 90 хувь байна гэсэн гэрээний заалтыг зөрчиж байгаагаас гадна Оюутолгой 200-368 гадны иргэнийг илүү ажиллуулдаг нь хөдөлмөрийн яамнаас хяналтаар илэрсэн. Тэдний нийгэм даатгалын төлөлт ч бас хангалтгүй. 7000 ажилчдын 41 хувь нь шимтгэл төлдөг байна.
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ