Дэглэгчдэд дэг хэрэгтэй юу
Цэргүүдтэйгээ зүй бус харьцах явдал маш их байгаа талаар 1988 онд “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” нийтлэл гарч нийгмийг донсолгож байсан. Энэ нь тухайн хаалттай нийгмийн үед далд байсан армийн дотор байх ёс мэт болсон хүчирхийллийг ил гарган баримт түшин бичсэн анхны шахуу ил тод нийтлэл байлаа. Тухайн үеийн МАХН-ын төв хэвлэл “Үнэн” сонинд Даваасамбуу хэмээх сэтгүүлчийн энэхүү нийтлэлд армид бугшиж байсан зөрчил дутагдал, офицер ахлагч нь цэргээ, хуучин нь шинэ цэргээ зодож дэглэдэг тухай бичсэн хэрэг.
.
Үүний дараагаар шүүмжлэл сонсч үзээгүй манай яамны сайд, дарга нар сандралдаж алдаа дутагдлаа арилгах гэж олон ажлыг зохион байгуулсан байдаг. Тэр үед хавтгайдаа байсан зодуур дэг нь мэдээж тийм амархан алга болчихоогүй, ямартай ч зодуурын эсрэг үг хэлж, хууль шүүхэд хандаж болно гэдэг ойлголт бий болгосон гавьяатай.
Ингээд ардчилал бий болж арми үндсэндээ хаягдсан гэхэд болно. Жилээс жилд албанд татагдах цэргийн тоо буурсаар байлаа. Залуус эр хүн болжээ гэж хэлүүлэхийн тулд заавал армид явж зодуур үзэж байх шаардлагагүй болов. Эр хүн яахав, 3 жил сайхан албаа хаагаад нэр төртэй хүрээд ирэхгүй юу гэж байсан бол дараа нь яахав хоол унд хувцас хунарыг нь дийлэхгүй бол цэрэгт явуулчихгүй юу ганц жил ч гэсэн хоол байртай байг гэх болсон.
.
Энэ нь хэн ямар нөхцлөл байдлаас хамааран цэрэгт татагдан тангараг өргөн эр цэрэг болдог болсныг харуулж байгаа хэрэг. Дээхнэ үед нэг цэргийн байранд хэсэг шинэ цэргүүд нь зодуур дэгийн эсрэг үг дуугарчээ. Жа буюу бага дарга нь хариуд нь тэдэнд хоёр сонголт байгааг хэлж.
Нэгд, дүрмээр явах нь урагшаа нэг алх. Хоёрт, зодуураа даагаад зохицоод явах нь байрандаа үлд гээд “Алхаад марш” команд өгчээ. Нийт 20-оод цэрэг байснаас тав нь л урагшаа алхаж. Өөрөөр хэлбэл, дүрмээр явах сонголтыг хийсэн байна. Жа нь “За ойлгомжтой, энэ 5 байлдагч өнөөдрөөс эхэлж дүрмээр амьдарна. Бусад нь ойлгомжтой. Дүрмийн тав үлдээд бусад нь тарж амар” гэжээ.
.
Ингээд нөгөө таван цэргийн дүрмийн амьдрал эхэлж.
“За одоо жагсаалын тухай дүрмээс эхэлье. Жагсаал гэж юуг хэлэх вэ, би нэг уншиж өгье, та нар сонсоод дараа нь яг хариулна шүү” гээд л дүрмийн ном барьсан Жа тэдний шинэ амьдралыг нь эхлүүлж дээ. Маргааш өглөө нь бослогын цагт босоод нөгөө тав дахиад л номхон зогсч байна. “За цэрэг хүн ахлах тушаалтны өмнө яаж харьцах ёстой билээ байлдагч Х хариул” гэх мэтээр өнөөх дүрмийн хичээл сургуулилт үргэлжилсээр. Зодуураар явья гэсэн хэд байр казармаа цэвэрлэн өөр зуур оногдсон ажлаа хийцгээн тааваараа шахуу. Үе үе тэгж ёсолдог юм уу, ингэж хийдэг юм уу гэх зэргээр зандруулж ганц элэгдүүлж, нэг шанаа аваад шууд дараагийн ажлаа үргэлжүүлнэ.
.
Харин дүрмийн хэд бол өөр дэгээр явж байлаа. Тэднийг хэн ч цохиж шанаадхаа болив. Гэхдээ дүрмийн нэг л алдаа гаргахад бүх үйлдлээ дахин, нөгөөх дүрмийн өгүүлбэрийг алдаагүй хэлж цээжилтлээ номхон зогсон жагсаалын бэлтгэл хийсээр амрах сэхээгүй. Амарч чадахгүй байгаа нь өөрсдөөс нь болоод байгаа хэрэг. Өнөөх дүрмээ цээжлээд ягштал биелүүлж чадахгүй байгаа болохоор хичээллэсээр сургуулилсаар. Зэвсэгтэй харьцах, рапорт өгөх гээд алхам бүрт л хэлцийн, гүйцэтгэлийн гээд дүрмийн алдаа гарна. Тэр бүр өнөөхөө номноос цээжлэн шон шиг хэдэн цагаар зогсч, эхнээс нь давтан хийнэ.
Энэ мэт 3 хоног өнгөрсний дараа өнөөх тав сайн дураараа гуйж байж хааяа нэг болохгүй зүйл хийснийхээ төлөө шанаа аваад зохицоод явж байх зодуурын сонголт руу шилжин оржээ.
.
Энэ бол тухайн нийгмийн үед армийг зодуур диктатураар барихаас өөрөөр дүрмийн зохицуулалтаар нь авч явах бараг боломжгүй хэмжээнд байсныг харуулсан жишээ гэж болно.
Арми гэдэг олон аавын хүүгийн бөөнөөр цуглан анд нөхөд болж хатуу бэрхийг даван туулж хэрсүүждэг алба гэдэг. Цэргүүдийн хувьд эцэг шиг нь санагддаг болсон Батлан хамгаалахын сайдынх нь баталсан цэргийн албан хаагчийн дүрмээр олон аавын, олон ааш аягтай хөвгүүдийг нэг мөр авч явна гэдэг өдөр тутмын үйл ажиллагааг нь хөтлөн явуулдаг дарга ахлагч нарт тийм амар ажил биш. Тодорхой хэм хэмжээ, эрх болоод үйлдлээ хязгаарлуулсан нөхцөлд олон эрчүүдээс ямар ч авир гарч болно. Үүргээ биелүүлэхээс зайлсхийнэ, өөр хоорондоо нэгийгээ дарамтлах гэнэ, гэр орноо, хайртай охиноо саналаа, хатлаа гээд оргоно юу эс болохов гэдэг л тохионо.
.
Энэ бүх зөрчилд нь оноох сахилгын шийтгэл арга хэмжээнүүд өнөөх дүрмэнд тодорхой байгаа. Үүнийгээ офицер ахлагч нар хэрэглэж л байгаа. Гэхдээ үүнээс нь айгаад номоороо мөрөөрөө яваад байх цэрэг тийм их биш. Тэгэхээр заримдаа шууд үйлчилдгээр нь нөгөө тохиролцооны шанааг ч өгч л байгаа. Цэцэрлэг биш арми болохоор ингэж нялцаахгүй шүү гэнэ. Энэ зодуурын гэх, эр хүн шиг байх тохиролцоогоо хэтрүүлснээс болоод нэг нь анги байрлалаа орхин оргон зайлж эс бөгөөс галт зэвсэг барин даргынхаа аминд хүрсэн тохиолдол, хар үйл явдлууд олон бий.
Армид соёлтойгоор, харьцааны зөрчил гэж нэрлэн авч үздэг цэрэг хүнд тавигдах шаардлага, түүнийг эс биелүүлэх хэгжүүрхэл хоёрын зөрчилд хамгийн эхлээд буруутан болдог нь цэрэг хариуцсан офицер, ахлагч нар ба шууд харьцаж буй дарга нар.
Саяхан нэг офицер цэрэгтээ зүү залгиулсан талаар шуугиан гарлаа. Үхээч гэсээр дараалан 4 зүү залгиулсан гэнэ. Одоогоор яг залгиулсан, түүнийг нь тэр тэр нар харж байсан нь тогтоогдсон гэх буюу өнөө харгислагч офицерийн буруутайг нотолсон албан мэдэгдэл харагдахгүй байна. Тийм болохоор одоо болтол чимээгүй байгаа даргыг нь харгислагч тамлагч гэж дайрах нь дэмий туйлшрал болох биз. Нөгөө талаасаа ямар нэг дарамтаас болоод цэрэг өөрөө залгиагүй гэдгийг бас тогтоох ёстой байх.
.
Цэрэгт янз бүрийн л амьдрал ахуй нийгмийн давхаргаас ирсэн харилцан адилгүй боловсрол мэдлэг, ухаан цараатай залуус татагдан ирдэг. Армийн цэрэг бүрт нэг мөр үйлчлэх дүрэм журам хэм хэмжээ, бэрхшээл саадыг өөр өөрийхөөрөө ойлгож хүлээж авах ба үзүүлэх хариу үйлдэл нь ч өөр байх нь дамжиггүй.
.
Нэг хэсэг нь цэрэг л юм чинь байх ёстой дэг журам гэж үзнэ. Зарим нь байж боломгүй доромжлол гэнэ, зарим нь хэзээ ч эндээс явахгүй үхэх юм байна гэж сэтгэлээр унана. Яаж хүлээж авч сэтгэж байна түүнтэйгээ яг адил хариу авир ааш үйлдэл гаргана.
Зарим нь оргоно. Зарим нь өөрийгөө гэмтээх, эрүүл мэндийн хувьд алба хаах боломжгүй байдалд орохын төлөө янз бүрийн л юм хийнэ. Зүү залгих бол их эртнээс ам дамжин яригдсан албанаас зайлсхийгч, амиа хоохойлогчдийн хамгийн түрүүнд хэрэглэхэд бэлэн байдаг арга. Цэргийн албан хаагчийн хувьд зүү утас бол малгайд нь бэлэн байж л байдаг гарын доорх эд.
.
Зүү албадан залгиулах бол ноцтой гэмт хэрэг. Бас зүү залгих ч гэмт хэрэг гэдгийг цэргийн албан хаагчид бас ойлгож байх ёстой.
Одоо эмнэлэгт шаналж байгаа байлдагчийн хувьд ийм тийм гэж хэлэх зүйл алга. Хэвлэлд тавьж мэдээлснээр дарга нь дарамталж хүчээр зүү залгиулсан гэж байгаа. Энэ хэрэг шалгагдаж тогтоогдох биз. Харин ардаа олон асуулт анхаарлыг үлдээж байгаа юм.
Алба хаах хугацаа багассанаар цэргийг хатуу чанга барьж, эмх цэгцтэй байлгадаг байсан оны ялгаа гэж бараг алга болсон. Энэ хэрээр олон аавын хөвгүүдийг цэрэг гэдэг нэг л төлөвшилд нэг жил барих үүрэг хүлээсэн дарга офицерүүдийн хариуцлага, ажил үүргийнхээ явцад хүлээх эрсдэл нь ихсэж байгаа юм.
.
Ер нь бол одоо цагт дүрмээрээ л явах ёстой. Гэхдээ дүрмээ эргэн харах ёстой. Шаардлага тавьж байгаад хэтрүүлсэн даргыгаа жоохон давсалж нэг матаад 10 жил шоронд хийж чадна гэдгээ сайн мэдэж байгаа гар утас барьж мессеж бичиж эрхлэх одоогийн цэргийг цэрэг шиг байлгахын тулд зөрүүлээд барих далайлгах юм дүрмэнд нь хэр байна.
Чангахан дуугарахад нь зандарсан гээд эцэг эхдээ мессеж савж байгаа цэргийг цэрэг шиг байлгах гэдэг хэцүү болсон талаар халуун амьдрал дунд ажилладаг офицерүүд ярьж байгаа. Аавын хүүг алаг үзэхгүй армийн амьдралаар амьдруулж, хэрэгтэй цагт буу атгаад дайсныхаа цээж рүү зөв шагайж сургах нэг жилийн төлөө хэн насаараа шоронд суухыг хүсэхэв. Миний хүүхдүүд гэсхийж байгаад бушуухан халаад явуулья гэх нь зөв болох юм.
.
Одоо цэрэгт байгаа залуусын зовлоготой биш тархитай нь сайн ажиллаж, хичээл сургуулилтаар шахаж завгүй байлган биеийн болоод сэтгэлийн хаттай болгоход түлхүү анхаарах болсныг дээр доор офицер дарга нар, хаана хаанаа ойлгодог болсон байгаа гэж найдья.
20-оод жилийн өмнө дэндүү том “моторгүй” л бол заавал цэрэгт явдаг байлаа. Энэ талаасаа дээд боловсролтой нэгэн, оюутан, малчин тариачин гээд нийгмийн бүхий давхарга цэрэгт татагдан очиж, энэ хэрээрээ бие биенээсээ суралцан төлөвшдөг байлаа. Одоо бол үнэндээ сургууль соёлд багтаж чадаагүй малчдын, нэг бол амьжиргаа тааруу юм уу, хүүхдэд тавих анхаарал сулхан айлын хүүхдүүд голдуу цэрэг армид “боловсрол” эзэмшихээр ирж буй.
Энэ хэрээрээ одоо цагийн цэргүүдтэй ажиллах бүр төвөгтэй нарийн болж байгаа. Офицер ахлагч нараас харьцааны нарийн мэдрэмж, дүрмийн хатуу шаардлага нэхэгдэж байгаа юм.
.
Дайсан ирж, танкаар галлаж байхад гал сөрж зогсдоггүй юмаа гэхэд, жирийн амьдралд гараад хүний үг дааж, хамт олны дунд биеэ зөв аваад явчихдаг болгоход л армийн нэг жилийн том гавьяа юм. Энийгээ ч армийнхан хийж л байна. Харин цэргийг цэрэг шиг байлгадаг байсан тэр хатуу диктатур дэг, зодуурыг халж цэрэг байлдагчдын гэм зэмийн зөрчилд оногдох сахилга хариуцлагын хэм хэмжээг нэмэгдүүлсэн дүрмийн өөрчлөлт хийгдсэн үү дээ.
Дэглэгчдэд дэг хэрэгтэй, харин дэггүй байлдагч нарт яаж хандах уу...
.
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ