
Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журам”, мөн “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ыг батлан хэрэгжүүлж байна. Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу шалгаруулалтыг энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Шалгаруулалтыг тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, утга соёлын өвийг өвлөн эзэмшигч гэсэн 7 төрлөөр явуулдаг бөгөөд шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3,0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цом /300.0 мянган төгрөгийн үнэ бүхий/ гардуулдаг нэр төртэй шагнал юм.
2010 онд шилдэг уран бүтээлч шалгаруулахад байгууллага хамт олноос 7 номинацид 26 хүнийг нэр дэвшүүлснээс
тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Буур хээрийн домог” дуулалт бүжгийн найруулагч Сэвжидийн Сүхбаатар,
тайз, дэлгэцийн шилдэг жүжигчнээр Красногоровын “Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Намсрайн Сувд,
шилдэг дуучнаар “Экспо-2010”, Канадын Торонто “Red Sky” наадмын Гран при,“Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн Данзанравжаагийн дүрээр Үндэсний Дуу, Бүжгийн Эрдмийн Чуулгын дуучин Б.Батмэнд,
шилдэг бүжигчнээр “Салхит шувуу”, “Жороон жороо”, “Аягат”, “Бие чинь болёо”, “Бөө” бүжгийн гоцлолоор Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Ш.Одонтуяа, П.И.Чайковский “Нойрссон гүнж” балетийн гол дүрээр Дуурь, бүжгийн эрдмийн театрын бүжгийн жүжигчин О.Ганцоож,
шилдэг хөгжимчнөөр “Найруулга-2010” тоглолт, “Чавхдас нүргэлсэн хэмнэл”, “Beet street” шинэ уран бүтээлүүдээр Улсын филармоний хөгжимчин Б.Зоригт,
шилдэг утга соёлын өвийг өвлөн эзэмшигчээр Монгол бүжгийн дэг жаягийн үндэс суурийг тавихад оруулсан хувь нэмэр болон “Бийлэхийн чиг хандлага” номоороо Соёл, урлагийн их сургуулийн үндэсний бүжгийн багш, ахмад бүжигчин Д.Нанжид нар тус тус шалгарч байсан.
Энэ жилийн “Оны шилдэг уран бүтээлч”-ээр нэр дэвшүүлэх шалгаруулалтын материалыг уран бүтээлчид, соёл, урлагийн байгууллагаас 2011 оны 12 дугаар сарын 25-ны дотор хүлээн авч 2012 оны 1 дүгээр сарын 31-ний дотор зохион байгуулах гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ