Ажиа Ринбүчий: Хүүхдийн эмнэлэг бол Монголын ирээдүйн төлөө хийж буй буян
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг баригдаж буй билээ. Энэхүү эмнэлгийг Ажиа гэгээн санаачлан түмний хандиваар босгож байна. Уг барилгын явц, санхүүжилт болон ирэх сарын 14-нд хурах номын хурлынх нь талаар Ажиа гэгээнтэй цөөн хором ярилцлаа.
.
-Сайн байна уу, та. Монголд та хэзээ ирэв?
-Юуны өмнө Монгол ахан дүүсийнхээ амар амгаланг эрэн мэндчилье. Миний бие ирээд нэг сар болж байна. Эх нялхсын эмнэлгийн хашаанд барьж буй эмнэлгийнхээ ажлаар ирсэн. Монголчууддаа монголын ирээдүй болсон хүүхдүүддээ буян хийхээр сүсэгтэн олныхоо буян хандиваар энэ эмнэлгийг барьж байна. Өнөөдөр хүүхдийн өвчлөл ялангуяа цусны эмгэг, хавдрын өвчлөл их байна. Тиймээс ирээдүй болсон хүүхдүүдийнхөө төлөө ийм эмнэлэг байгуулахаар болсон юм. Энэ эмнэлгийн барилга 7 давхар. 75 ортой байх юм. Дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван үндсэн тасагтай байна.
.
-Эмнэлгийн барилгын ажлын явц ямар байна. Ирэх сард нээлт хийнэ гэж сонссон?
-Явц гайгүй байгаа. Би Төвдийн Хөх нуурт төрсөн. Улс төрийн шалтгааны улмаас АНУ-д цагаачлаад 15 жил болж байна. Тэнд байгаа монголчуудтай нягт харилцаатай байдаг. Надтай уулзсан, ном уншуулдаг сүсэгтнүүд надад өргөл хандив өгдөг. Түүнийг нь цуглуулж байгаад нэг зүйл хийхээр бодож явсан юм. Эмнэлгийн гол хөрөнгө оруулалт нь тэдний өргөсөн хандив. Бид сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой орчин үеийн хамгийн сайн эмнэлэг байгуулна.
Миний бие маргааш гадагшаа явна. Тэгээд ирэх сарын 10-ны үеэр ирнэ. Ирэх сарын 21-нд барилгын нээлтээ хийхээр төлөвлөсөн. Ерөнхийдөө байшин босч буй тул билэг дэмбэрэлийг бодолцон нээлт хийж байгаа. Эмнэлгийн барилга ирэх онд ашиглалтад орох юм. Сүсэгтэн олны хандив тусламжаар босох эмнэлгээ ашиглалтад оруулаад улсад хүлээлгэн өгнө.
.
-Таныг монголчуудад хандан ном хурна гэсэн. Хэзээ, ямар ном хурах вэ?
-Ирэх сарын 14-нөөс гурав хоног Гандантэгчинлэн болон Дашчойлон хийдэд Манал бурхны тарни ном хурна. Эрүүл мэндийн Манал бурхны номыг ирэх сарын 21-нд “Улаанбаатар палас”-т болох концертын үеэр мөн хурна. Барилгын нээлтийг тохиолдуулаад олон сайхан дуучин оролцсон концерт хийлгэх санаа бий. Тэр үеэрээ ном хурах юм.
Түүнчлэн эмнэлгийн барилгын дээд талд буй долдугаар давхар нь монгол гэрийн хэлбэртэй бурхны өргөө байна. Энд Манал бурхан бүтээж залах юм. Энэ өргөө маань их утга учиртай. Ер нь гадаад улсын эмнэлэгт бурхан бүтээж залсан өргөө байх нь түгээмэл. Эмнэлэгт ийм өргөө байх нь эмчлүүлэгчийг тайвшруулах, бясалгал хийх боломжийг бий болгодог гээд их ач тустай.
.
.Ажиа Ринбүчий хоёр жилийн өмнө Монголд Энэрэл нигүүсэл оюун билгийн төв хэмээн ТББ байгуулсан юм байна. Уг төв боловсрол, эмнэлэг болон хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Энэ хүрээнд Монголд анх удаа хүүхдийн эмнэлэг байгуулах гэж байгаа ажээ. Ажиа гэгээний шавь Ч.Батнайрамдал доорхи зүйлийг нэмж тодотгосон юм.
.
Тэрбээр “Багш маань 1950 онд төрсөн, Төвдийн Гүмбүм хийдийн хамба лам. Богд Зонховын аавын наймдугаар хойд дүр. Багш маань Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад тулгамдаж буй асуудлыг бага ч болов шийдэх зорилгоор энэ эмнэлгийг санаачлан бариулж байгаа. Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг маань хэвтэн эмчлүүлэгчийн 50 ортой, нярайн эрчимт эмчилгээний 25 ортой, хагалгааны 2 тасагтай байна. Энд цусны оношлогооны аппарат зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий оношлогооны аппаратуудыг суурилуулна. Түүнчлэн гадны эрдэмтэн профессор эмч нарын баг ирэхэд байрлах байр, хичээл заах танхим зэргийг эмнэлэгтээ төвлөрүүлсэн байгаа. Цусны эмгэгтэй, хавдартай хүүхдүүд багадаа 3 сар хэвтэн эмчлүүлдэг. Гаднаас ирэх эмч нарын багийн байрлах, сургалт явуулах боломжийг бүрдүүлснээр тэд удаан хугацаагаар ирэх боломжтой болно. Эмнэлгийн барилгын нийт зардал 4.1 тэрбум төгрөг. Багшийн шавь нар, сайн санаат хүмүүсийн хандиваар 2 тэрбум гаруй төгрөг цугларч барилгын ажил сайн явагдаж байгаа” гэлээ.
.
Б.Баатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ