Д.Батжаргал: Өмнөх Засгийн тарьсан балгийг бид амсаад сууж байна
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Батжаргалтай ярилцлаа.
.
-Эдийн засаг хямарлаа гэж цөөнгүй эдийн засагчид дүгнээд байгаа. Та өнөөдөр манай эдийн засагт үүсээд буй энэ хүндрэлийг юу гэж дүгнэж байна?
-Эдийн засаг хямарна гэдэг өөр ойлголт л доо. Үйлдвэрлэлийн хэмжээ буурахыг ихэвчлэн хямрал гэж тодорхойлдог. Монголд өнөөдөр дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ буурсан зүйл одоогоор ажиглагдахгүй байна. Ажил эрхлэгчдийн тоо нэмэгдэж байна, бүтээн байгуулалтын тоо өсч байна. Тэгэхээр Монголд эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэж хэлж болохгүй.
.
Харин гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсантай холбоотойгоор валютын түр зуурын хомсдол бий болсон. Үүнээс үүдээд валютын ханш өсч, хүмүүсийн дунд хүлээлт үүсэн улам л үүнийг өсгөх байдалтай болгож болзошгүй байна. Энэ нь яваандаа дотоодын зах зээлд импортын үнийн өсөлтийг бий болгож, инфляцийг хөөрөгддөг хүчин зүйл болоод байна.
.
Хөрөнгө оруулагчдыг татахад дэд бүтэц хамгийн чухал
.
-Валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалт, экспорт хоёроо сайжруулах хэрэгтэй. Үүний тулд ямар арга хэмжээ авбал зохих юм бол?
-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй. Бид өнөөдөр гол хэрэглэгч болсон өмнөд хөршдөө нүүрсээ хүргэж өгч чадахгүй байна шүү дээ. Манайх нүүрсээ хүрздэж тэвшин дээр ачаад, улаан шороон манан татуулан зөөж байна. Уг нь манайхаас гарч буй нүүрс Австралийнхаас хямд байх бүрэн бололцоотой. Түүнчлэн хөрөнгө оруулагчдыг татахад ч дэд бүтэц хамгийн чухал. Хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг бүрдүүлж, урт хугацааны итгэл найдварыг төрүүлбэл угаасаа Монголд баялаг нь, зах зээл нь байна. Аяндаа хөгжих л байхгүй юу.
.
-Дэд бүтцийн асуудал өөрөө урт хугацааных. Ойрын үед экспортыг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ?
-Ойрын хугацаанд яаж шийдвэрлэх гэж? Нүүрсийг одоо 100 тоннын тэвшин дээр ачаад явж байна. Энэ нь хөрсийг эвдээд дуусч байна. Ийм хязгаарлалттай байгаа үед нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ гэж байхгүй. Өмнө нь Австралиас нүүрсээ авч чадахгүй болчихоод л хятадууд манайхаас авч байсан. Харин одоо Австрали нүүрсээ эргээд Хятадад нийлүүлээд эхлэхээр дэд бүтэц муутай манайхаас нүүрс авах сонирхол буурах нь мэдээж.
.-Тэгэхээр ойрын хугацаандаа валютын ханш тогтворжихгүй гэсэн үг үү?
-Гадны хөрөнгө оруулалтаа татаад эхэлвэл тогтворжино. Манайхан нэг их ард түмнийхээ өмч хөрөнгийг хамгаалдаг болох гээд бид өөрсдөө баялгаа ашиглана гээд байх юм. Энэ үзэл бодлоосоо татгалзах болоогүй юм уу?
Гадны хөрөнгө оруулагчид бизнесийн ашиг сонирхлоор орж ирдэг. Ашиггүйгээр тэд нар манайд хэзээ ч хөрөнгөө оруулахгүй. Энэ бол захын хүнд ойлгомжтой асуудал. Газар доор байгаа хөрөнгийг чинь бид өөрсдөө хайж чадахгүй байна шүү дээ. Гадныхан үүнийг нь олоод дээр нь гаргаж ирье гэхээр бид мөнгөгүй байж заавал түүнийг нь эзэмших гээд дайраад байдаг. Үүний оронд олоод гаргаад ирэхээр нь наад баялгийн чинь тал нь манайх шүү гэдэг байдлаар хандах хэрэгтэй. Энэ чинь бүтээгдэхүүн хуваах гэрээ. Дэлхий даяар энэ аргыг хэрэглэж байна. Манайх ч бас хэрэглэж л байсан. Харин бид гадныхантай тээвэрлэлт, байгаль орчны асуудал, Монгол ажилчдын эрх ашигийг хамгаалах талаараа тохирох ёстой. Үүнийгээ тохирохгүйгээс дараа нь “Дачин тамсаг” гэх мэт компаниуд дээр үүсээд байгаа шиг асуудлууд гараад байна.
.
Валютын ханшийг өсгөөд байгаа бас нэг шалтгаан нь хөөргөн, ойворгон хүмүүсийн хэлж байгаа үг. Хүмүүсийн 20 орчим жил хууртагдсан сэтгэлгээ нь одоо ханш өслөө гэнгүүт тийшээ нь улайрч улам үнийг нь хөөрөгдөөд байна. Инфляци валютын ханшны өсөлтийн нэг гол шалтгаан нь энэ байхгүй юу. Үүнийг хэвлэл мэдээлэл, сөрөг хүчин улам дэвэргээд байгаа юм болов уу.
.
Засгийн газар эдийн засгаа хүнд байдалд оруулчихаад байгаагаа л ойлгох хэрэгтэй
_
-“Оюутолгой”-оос бусад гадны хөрөнгө оруулалт манайд үндсэндээ буурчихсан. Гэтэл “Оюутолгой” далд уурхайгаа зогсоосноор манайд олон сөрөг үр дагаврыг авч ирээд байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна?
-“Рио Тинто” олох ашгаа бодно уу гэхээс юу гэж Монголын ард түмнийг бодох юм. Тиймээс ард түмнээ бодох ёстой Засгийн газар эдийн засгаа хүнд байдалд оруулчихаад байгаагаа л ойлгох хэрэгтэй. Манайх 34 хувийг эзэмшдэг юм бол уг нь шийдвэр гаргахад нь нөлөөлөх ёстой. Ингэх гэж л хувь эзэмшиж байгаа. Гэтэл анхнаас нь өөрсдөө ийм хэмжээнд дүрэм журмаа хийж чадаагүй. Уг нь 34 хувийн төлөөлөл зөвшөөрөхгүй бол дүрмээ баталдаггүй, шийдвэр гаргадаггүй байх ёстой. Бид эзэн нь юм бол яагаад тэд эзний үгийг сонсохгүй байгаа юм. Яагаад гэвэл өөрсдөө мөнгө зээлчихсэн болохоор шийдвэр гаргах хэмжээнд оролцож чадахгүй байна шүү дээ.
Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпорациудтай бий болгосон дүрэм журмын хүрээнд ярина шүү дээ. Түүнээс биш сониноор айлгадаггүй юм. Тэд нар үүнээс эмээх ч үгүй.
.
-Төсөв оны сүүлч гэхэд 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарах төлөвтэй байгаа. Тэгвэл энэ их алдагдлыг бууруулахад ямар арга хэмжээ авбал зохих вэ? -Эхлээд гадны хөрөнгө оруулагчтай харьцах харилцаагаа дэлхий нийтэд тогтсон, хамтран ажиллахад сайн засаглалд суурилсан тэр хэв маягт оруулж, хуульчилж өгөх хэрэгтэй. Энэ нь ойрын хугацаанд өөрчлөгдөхгүй гэсэн итгэл төрүүлэхүйцээр хуулийн өөрчлөлт оруулах ёстой. Бас үүний хажуугаар дуртай эх оронч нь орж ирээд бусниулдаг явдлыг хаах хэрэгтэй байна. Ийм л боломжийг бүрдүүлчихвэл Монгол улс тэртээ тэргүй хамгийн сонирхол татсан бүс нутаг байхгүй юу.
Хоёрдугаарт, дэд бүтцийн асуудлаа даруй шийдэх хэрэгтэй. Төр хувийн хэвшлийг дэмжсэн чиглэлээр буюу дулааны V цахилгаан станц шиг. Дэд бүтэц хөгжөөд, хуулийн орчин тогтвортой болоод ирвэл Монгол руу уул уурхайг чиглэсэн хөрөнгө оруулалт ороод ирнэ. Бид 17 хувийн эдийн засгийн өсөлтийг яаж л бий болгосон билээ. “Оюутолгой”-н гэрээ байгуулаад л манай улсад хөрөнгө оруулж эхэлсэн ш дээ.
.
Бүтцийн өөрчлөлт хийхгүйгээр эдийн засгаа эрүүлжүүлж чадахгүй
.
-Манай улс энэ жил бондын хөрөнгөөр олон замууд шинээр барьж байгаа. Энэ нь таны ярисанчлан хөрөнгө оруулалт татах дэд бүтэц байж чадах уу?
-Аймгууд руугаа зам татахаас илүүтэйгээр экспортын бүтээгдэхүүн гаргах дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй. Тодруулбал, эрчим хүч, төмөр зам, авто замаа хөгжүүлэх. Одоо бол зөв стратегиа барьж авч чадахгүй, хэтэрхий түр зуурын аргацаасан байдал руу шилжээд байна. Уг нь бол ерөнхийлөгчийн сонгууль дууссан яг энэ үед эдийн засгийн өсөлт дээр дорвитой өөрчлөлт хийж авахгүй бол дараа жил энэ боломжгүй болно. Бүтцийн өөрчлөлт хийхгүйгээр эдийн засгаа эрүүлжүүлж чадахгүй. Ирэх жилийн хавраас өмнө үүнийг зөв голидролд нь оруулж чадах юм бол энэ жилдээ эдийн засаг хэдий хүндэрч байгаа ч дараа жилээс хүндрэл саарна. Ингээд 2014 оны сүүлч, 2015 оны эхээр эдийн засаг өсөлтийн замд орох ёстой.
.
-Валютын ханш өсөх нь дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх сайн талтай гэдэг. Манай нөхцөлд энэ нь хэр биелэлээ олох боломжтой вэ?
-Валютын ханш өссөнөөр гаднаас бэлэн авах бүтээгдэхүүн үнэтэй болно. Ингэснээр дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сайжирдаг. Энэ бол Монголын үйлдвэрлэгчдэд сайн. Харамсалтай нь ийм үйлдвэрлэгчид манайд цөөн байна. Бид сүүлийн 20 гаруй жил мэргэжлийн ажилчдаа байхгүй болгочихсон учраас одоо нэг юм эхлэх гэхээр мэргэжилтэй ажилчин нь байхгүй байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийг хумих хүчин зүйл болчихоод байна. Мөн урт хугацаатай хөрөнгийн эх үүсвэр алга. Боловсролын салбар дахь гажуудал одоо эдийн засагт сөргөөр нөлөөлөөд эхэлчихлээ. Бүгдээрээ мундаг дээд боловсролтой мөртлөө юу ч хийж чадахгүй, худлаа мэдэмхийрч, шүүмжилдэг. Эх оронч царайлж, хөөрцөглөдөг хүмүүс болж.
Улс орны эдийн засаг гэдэг маань урт хугацааны зөв бодлогын үр дүнд улам чамбайрч хөгждөг юм. Буруу л зүйл хийсэн бол түүний үр дагавар мөд арилахгүй. Өмнөх Засгийн газрын тарьсан балгийг одоо хүртэл бид амсаад сууж л байна. Одоо энэ хийгээд байгаа буруу үйлдлүүдийн балгийг ч мөн адил амсч байна.
.
-Тэгвэл үүнийг яаж засах вэ?
-Эхлээд эдийн засгийн хөгжлийн стратегиа зөв тодорхойлох ёстой. Хамгийн түрүүнд эдийн засгийн өсөлтийг хангах уул уурхай эрдэс баялагтаа тулгуурлан маш богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах бодлого баримтлах хэрэгтэй. Энэ нь эрчим хүч, зам шүү дээ. Үүнийгээ эхэлж барихад хөрөнгө зарах хэрэгтэй. Ингэвэл хөрөнгө оруулалтаа татах боломж бүрдэнэ. “Оюутолгой”-г бид шахаж шаардах гэсээр байгаад цахилгаан станц ч бариулж, зам ч татуулж чадаагүй байна. Үүнээсээ хойшдоо сургамж авах хэрэгтэй.
Бүтээн байгуулалт руугаа эхний ээлжинд хөрөнгөө хийж, хууль эрх зүйн орчныг сайжруулаад хийх механизмаа төр, хувийн хэвшлийн түншлэл болох засаглалын зарчимдаа суулгаж ажиллах ёстой. Уг нь бол хялбархан жижигхэн эдийн засаг учраас өсөх уруудах нь их амархан.
.
-Монголбанкнаас авсан тогтворжуулах хөтөлбөрүүд хэр үр дүнтэй гэж та үзэж байна?
-Чингис бондын хөрөнгөөр үндсэндээ 5 тогтворжуулах хөтөлбөрийг хийсэн. Үүний ихэнхи нь богино хугацаандаа үнийн хөөрөгдөл, инфляцийг дарж авах байсан. Энэ зорилтоо ч биелүүлчихлээ. Нөгөө нэг зүйл нь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих байсан. Тухайлбал, барилгын салбар. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан. 8 хувийн хүүтэй зээлийг тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компаниудын барьж байгаа барилгуудад олгох ёстой. Тэд нар нь хямд байх ёстой. Гэтэл өнөөдөр ийм зүйл байхгүйгээс барилга орон сууцны үнэ өсөөд явчихлаа. Энэ Монголбанкны алдаа биш, Засгийн газрын алдаа.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ