Эмзэг эдийн засаг хямрахдаа хурдан
Монголын эдийн засагт хямрал нүүрлэж буйг иргэд өөр зуураа ярих боллоо. Тэд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1600 шүргэж, үнийн өсөлт хүчээ авсаар, Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт гурав дахин буурч, худалдааны алдагдал ч нэмэгдсээр байгааг үүний илрэл хэмээн хүлээн авч байна. Үнэхээр эдийн засагт хүндрэл үүсээд, хямрал хаалгаар ороод ирсэн эсэхийг эдийн засагчид ийнхүү тайлбарлаж байна.
.
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал, эдийн засагч Д.Батжаргалд хандахад гадаадын хөрөнгө оруулалт муудаж, валютын ханш өссөний хувьд өссөн. Гэхдээ энэ бол хямрал биш гэлээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурснаар валютын дутагдал болоод ханш өссөн. Дээр нь хүмүүсийн хүлээлт нэмэгдсэнээр ханшны хөөрөгдөл бий болчихоод байгаа. Төгрөгийн ханш огцом унаж байгаа нь хямралын өмнөх дохио мөн хэдий ч ганц энэ хүчин зүйл хямрал руу хөтлөхгүй гэж тайлбарлав.
.
МУИС-ийн эдийн засгийн багш Л.Оюун “Одоо хямрал болоогүй. Эдийн засаг ч өсөөгүй. Нөхцөл байдал ээдрээтэй байна. Гэсэн хэдий ч хямралд орчихоогүй. Энэ нөхцөл байдлыг хүндрүүлэх үү, эвтэйхэн аваад явах уу гэдэг нь Засгийн газраас л шууд хамаарна. Манайх хямарвал хямарчихаар эмзэг эдийн засаг. Учир нь уул уурхайн түүхий эд дээр суурилсан эдийн засаг нь дэлхийн үнээс шууд хамааралтай. Тиймээс дэлхий хямраад, манай гаргадаг бүтээгдэхүүний үнэ багасаад, нүүрсний үнэ буураад ирвэл орлого багасна. Одоо бол Засгийн газрын маш зөв бодлого хэрэгтэй” гэж байлаа.
.
Эдийн засагчид монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг хямрал гэж үзэхгүй байна. Хөрөнгө оруулалт буурч, уул уурхайн салбар түр зогсонги байдалтай байгаа. Тоон үзүүлэлтээр бол 2012 онд өмнөх 2011 оныхоос хоёр дахин буурсан гадаадын хөрөнгө оруулалт 2013 оны эхний хагаст 2012 оноос 40 хувь буурсан үзүүлэлттэй гараад байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин таагүй нөлөө үзүүлээд байгааг харуулж байгаа юм. Гол нь уурхайд хөрөнгө оруулах уу үгүй юу гэдэг хүлээлт, эргэлзээ хөрөнгө оруулагчдын дунд үүсчихсэн байна. Мөнгө алга болоогүй, хэн нэгний халааснаас гараад өөр хүний халаасанд л ороод явж байгаа болохоос биш дэлхийд хөрөнгө дутагдсан хэрэг огт биш. Тиймээс хөрөнгө оруулагчид байж л байгаа. Харин хөрөнгөө хаана оруулах нь илүү ашигтай вэ гэдэг хүлээлттэй л байна.
.
Гинжин холбоогоор холбогдсон эдийн засгийн энэ нөхцөл байдлыг эдийн засагч Ч.Хашчулуун ингэж харж байна. Тэрбээр “Дэлхийд ч Монголд ч эдийн засгийн хямрал болоогүй. Тэгэхээр манай эдийн засгийн нөхцөл байдал хүндрэхэд голдуу өөрийн байдалтай их холбоотой. Жишээлбэл, хөрөнгө оруулалтын бодлого их муу байсан, макро эдийн засгийн бодлого үгүйлэгдэж байгаа, төсөв их алдагдалтай байна. Яахав дэлхийгээс хамаарсан зүйл бол нүүрсний борлуулалт муу байсан явдал. Бусад нь бол манай өөрийн зохион байгуулалтын бодлого боловсруулалтын л арга хэмжээний асуудал” гэж тайлбарлаж байна. Тэгэхээр эмзэг эдийн засгийн шалтгааныг дотоодоосоо хай гэсэн үг.
.
“Дөрвөн жилийн шинж чанартай бодлого бус 40 жилийн цаад хөгжлийг харсан бодлогыг тодорхойлох хэрэгтэй. Өнөөдөр иргэдийн дэмжлэг авахгүй байсан ч маргааш “тэдний зөв байж шүү” гэж бодогдох холч эдийн засгийн бодлого алга. Өөрөөр хэлбэл, зоригтой шинэчлэл хийх хэрэгтэй. Энэхүү шинэчлэл нь зөв байх ёстой” хэмээн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, судлаач Б.Эрдэнэбат нэгэн ярилцлагандаа дурдсантай агаар нэг.
.
Засгийн газрын зөв бодлого хэрэгтэй байна
.
Тэгэхээр эдийн засгийн холч, зөв бодлого л үгүйлэгдээд байгааг хаа хаанаа харж мэдээд байгаа ч хэрхэн хийх ухаанаа олохгүй байгаа бололтой. Эмзэг эдийн засгаа хямраачихгүй байхын тулд юу хийх ёстой тухайд эдийн засагчид бүгд засгийн газрын бодлого гэсэн хариу өгч байгаа юм.
Эдийн засагч Д.Батжаргал “Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулаад тэр дэд бүтцийг бас сайжруулах хэрэгтэй. Засгийн газрын баталсан хуульнаас нь болоод гадаад хөрөнгө оруулагчтай яагаад хамтрах вэ гэдгээ одоо хүртэл ойлгохгүй байна шүү дээ. Хамтарч ажиллаж ч чадахгүй байна” хэмээсэн бол эдийн засагч Л.Оюун “Эдийн засаг их аюултай л даа. Гал унтраасан аргацаасан арга хэмжээ аваад яваад л байвал ийм байдал байнга л тохиолдоно. Зоригтой их зөв урт болон дунд хугацааны бодлого тодорхойлогдож тэрийгээ хэрэгжүүлж явах юм бол дархлаагаа сайжруулаад л явчихна.
.
Монголбанк бол долларын ханшийг нэг их өсгөчихгүй л байх ёстой. Эдийн засагт ханш айхтар нөлөө үзүүлдэг. Тиймээс үүн дээр хиймэл аргаар биш бодит байдал дээр тэмцэх хэрэгтэй. Доллар олохын тулд экспорт чухал. Дотоодын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрийг дэмжих гэж хараад байгаа юм” гэж байлаа.

Макро эдийн засгийн тал дээр төсвийн алдагдал маш их гарах гээд байгаа, мөнгөний бодлого их сул дээрээс нь бондын санхүүжилт, татварын үр ашиггүй зарцуулалт өрийн дарамт гэх зэрэг асуудал байна. Энэ бол цэвэр манай бодлого боловсруулалт байхгүйтэй холбоотой зүйл гэдгийн эдийн засагчид дахин дахин хэлж байна. Ер нь эдийн засгийн ямарваа арга хэмжээний үр дүн нь хугацаа шаарддаг тийм болохоор хугацааг хүлээх ёстой. Тэрийг л их зөв тооцолох ёстой. Өнөөдөр нэг арга хэмжээ аваад үр дүн нь маргааш гарах ёстой гэж хүлээх хүлээлт буруу. Авч байгаа арга хэмжээгээ ард түмэндээ их ойлгуулж, байнга тайлбарлах нь их зөв гэж бодож байгаа. Нөгөө талаас эдийн засгийн бүх асуудалд төр оролцож, асуудлыг шийдэхийн тулд Засгийн газрыг нь өөрчлөх хандлага Монголд хүчтэй илрэх болжээ. Харин энэ удаад хэний ч засаг шинээр гараад Монголын эдийн засгийн асуудлыг шийдэх боломжгүй бөгөөд засаглалын суурь зарчмыг өөрчлөх гарц шаардлагатай юм.
.
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ