Хамгаалах төслийн үр дүнг танилцуулав

img

Монголын Алтай Соёны Экобүсийн уулархаг нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах төслийн үр дүнг хамтран ажиллагч байгууллагууд, оролцогч талуудад танилцуулах уулзалт Ховд аймагт боллоо.

Уулзалтад аймгийн ИТХ, БОАЖГ, Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Мөнххайрханы БЦГ, Дэлхийн байгаль хамгаалах сан Алтай, Мөст Цэцэг, Мөнххайрхан сумдын төлөөлөл оролцов.

Монголын Алтай Соёны экобүсийн уулархаг нутгийн дэлхий дахинд ач холбогдол бүхий биологийн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортойгоор ашиглахад энэ төслийн үндсэн зорилго чиглэгддэг юм. Төслийг Тусгай хамгаалалттай газар нутаг болох Мянган угалзатын нурууны БЦГ, Мөнххайрханы БЦГ, Цэцэг, Мөст, Алтай, Мөнххайрхан сумдад хэрэгжүүлсэн билээ.

Төсөл хэрэгжих хугацаанд аймаг, сумын бодлогын баримт бичгүүдэд биологийн төрөл зүйлийн асуудлыг тусгасан, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, хил дамнасан биологийн төрөл зүйлийг хамгаалах талаар ШУӨЗОрны Алтай аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан, биологийн төрөл зүйлийн мэдээллийн систем, бааз үүсгэсэн, Байгаль орчны тасаг, хэсгийн зохион байгуулалтыг аймгийн ЗД-ын захирамжаар байгуулсан, шинээр УТХГ-д авах газрын үндэслэл боловсруулж УИХ-аар шийдвэрлүүлсэн байна. Мөн аргаль, янгир, ирвэсийн судалгаа хийж, аймгийн түвшинд нөхөрлөлийн холбоо байгуулсан зэрэг олон ажлын үр дүнг оролцогч талууд үнэллээ.

Мөн орон нутгийн иргэдийг зэрлэг ан амьтан хамгаалах үйл ажиллагаанд өргөнөөр татан оролцуулж, байгаль хамгаалах малчдын нөхөрлөлүүд байгуулах, чадавхижуулах, үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтын сайжруулахад дэмжлэг үзүүлсэн байна. Ингэснээр малчдын 15 нөхөрлөл байгуулагдан үйл ажилагаа нь жигдэрчээ гэж Ховд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн А.Нансалмаа мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ