Я.Нямбаяр: Монголд 22-30 орчим мазаалай байгаа

img

  Мазаалай баавгайг хамгаалах  ажлын хэсэг өнөөдөр хуралдаж 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг дүгнэн, цаашид юу хийх хэрэгтэй байгаагаа хэлэлцэж буй. Энэ үеэр “Говийн их дархан цаазат газар”-ын судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Я.Нямбаяраас мазаалайн тоо толгой болон явуулж буй үйл ажиллагааных нь талаар тодрууллаа. . -Манайд нийт хэдэн тооны мазаалай байгаа вэ? -Одоогийн байдлаар 22 гэж тогтоогоод байгаа. Гэхдээ энэ бол тэжээлийн цэг дээр ирж, байрлуулсан камерт бичигдсэн мазаалайн тоо. Үүний цаана тэжээлийн цэг дээр ирэхгүй хэдэн мазаалай байгааг мэдэхгүй. Ямар ч байсан 30 орчим мазаалай байгаа гэж үздэг. . -Хяналтын камерыг хэдэн газарт суурилуулсан бэ? -Шар хулстын нуруу, Сэгс цагаан Богд зэрэг нийт 17 газар тавьсан. Хяналтын камерт мазаалайнаас гадна цоохор ирвэс, хулан, шилүүс, хавтгай, аргаль зэрэг амьтдын хөдөлгөөн тоо толгой гээд олон зүйл бичигддэг. Энэхүү камер нь тэр болгон хүний нүдэнд үзэгддэггүй, ховор амьтдыг судлахад маш чухал ач холбогдолтой. . -Тэжээлийн цэг байгуулсан нь ямар ач тустай байв? -Энэ онд иргэд, ТББ, ААН-ын оролцоотойгоор мазаалайг ичээнээс гарахад нь таван тн нэмэлт тэжээлийг 28 цэгт тараан байршуулсан. Одоо намар буюу ичээнд орохоос нь өмнө таван тн-ыг нэмж тавихаар бэлтгээд байна. Шинээр 13 тэжээлийн цэг шинээр бий болгосон. Ер нь мазаалай баавгайн хоол тэжээл, тараг тэвээрэг сайн байвал тоо толгой нэмэгддэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. . -Мазаалайн хоол тэжээлд судалгаа хийж байгаа гэсэн. Ямар нэг дүгнэлтэд хүрэв үү? -Мазаалай нь бусад зүйл баавгайн адил холимог идэштэн бөгөөд амьтан ургамлын гаралтай зүйлийн аль алинаар нь хооллодог. Бид яг одоохондоо ургамлын гаралтай идэш тэжээлийг нь судлахаар болсон. Бажууна, хармаг, махирсын жимс, хөмөл зэрэг говийн ургамлаас өөр ямар ургамал иддэгийг нь судалж байгаа. Тэжээлийн цэгт тавьсан хорголжин тэжээлийг маш сайн иддэг нь ажиглагдлаа. Харин лууван, манжин гэх мэт хүнсний ногоог муу иддэг юм байна. . -Энэ жил ургамлын гарц муудсан гэж байна. Нэмэлт тэжээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? -Тийм, энэ жил говийн бүс нутагт хур тунадас муутайн улмаас ургамлын гарц муу байна. Иймээс хавар тэжээл дутагдах учир 25 цэгт тэжээлийн ургамал тарихаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Эхийн гол, Баян тоорой гэх газарт тус бүр нэг га талбайд туршилтаар шар, ногоон вандуй, эрдэнэ шиш тарьсан. Боломжийн хэмжээнд ургаж байна. . -Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ? -Мазаалайг хамгаалах ажлын хэсгийн төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлэн хийнэ. Мөн одоо байгаа судалгааны материалд үнэлэлт, дүгнэлт өгч, мазаалай баавгайн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв мэдээллийн санг бий болгоно. . Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Очир:
Delkhiid mash hovor geed delkhiin Panda Fond ajilladag, too tolgoi ny zooparkad baigaa 300-g oruulaad 2000 arai hurehgui gesen baina. Tegehed MAZAALAI maany 22-30 gedeg chiny barag mohoj sonoh zam ruugaa butsaltgui oroh bolchihson baina shdee...
2013-09-06
Ochir:
Delkhiin hamgiin hovor baavgai Panda-aas tsoohon yum baina shdee... Sain dorvitoihon hamgaalah yumsan daa
2013-09-06