
Баян-Өлгий аймаг нь хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж буюу бидний хэлж заншсанаар группын мөнгө авдаг иргэдийн тоогоороо улсын хэмжээнд нэгдүгээрт бичигддэг байна.
Тус аймгийн нийт хүн амын бараг тэн хагас нь уг тэтгэмжийг авдаг гэсэн судалгаа бий. Сүүлийн үед уул уурхайн бизнес цэцэглэн хөгжиж байгаагийн хэрээр байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа ч Баян-Өлгий аймгийн хувьд байдал харьцангуй тайван.
Тэгвэл яагаад энэ аймгийн иргэдийн тал хувь нь хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр, тэтгэмж авах хэмжээний ийм хүнд өвчин эмгэгтэй юм бол гэж гайхаж магадгүй.
Тэгвэл үүний учир шалтгаан нь тус аймагт хаа сайгүй газар авсан авлига, хээл хахуультай холбоотой аж. Тус аймгийн эмч, эмнэлэгийн ажилтнууд, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудын хөдөлмөрийн чадвар алдалттай холбоотой асуудлыг шийддэг албан тушаалтнууд /хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох эмнэлэгийн магадлах комисс гэдэг байх/ нь өвчтэй, эрүүл ямар ч хүнээс 100-300 мянган төгрөгийн шан харамж авч асуудлыг шийддэг байна.
Өөрөөр хэлбэл тухайн хүнийг хөдөлмөрийн чадвараа алдсан хэмээн албан тушаалаа ашиглан худал магадлагаа гаргаж тэтгэмж тогтоолгож өгдөг байна. Харин жинхэнээсээ ажил хөдөлмөр хийж чадахгүй хэмжээний хүнд өвчтэй хүн дуур дурьдагдсан "гар цайлгах" мөнгийг өгч чадахгүй бол групп тогтоолгож авна гэдэг бол ёстой л "Гонжийн жоо" гэнээ. Харин тэдэнд энэ хэмжээний мөнгө өгсөн эрүүл хүн шууд л тэтгэмж тогтоолгодог явдал энэ аймаг бүр хэвийн үзэгдэл болсон байна.
Энэ асуудалтай холбоотой үлгэр домог шиг зүйлийг аймгийн иргэд амнаас ам дамжуулан цайны хачир хийж ярихаас цааш хэтэрдэггүй нь энэхүү албан тушаалаа урвуулан ашигласан бичил "бизнес"-ийг өөгшүүлдэг аж. Мафийн сүлжээ шиг болтлоо өргөжиж арга нь нарийссан магадлах комиссын бүрэлдэхүүнд нэлээн хэдэн байгууллагын төлөөлөл багтдаг бөгөөд тэдгээр байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд бүгд хороондоо холбоо сүлбээтэй байдаг гэх.
Тухайлбал, эмч нар нь тухайн хүний өвчний картанд худлаа онош бичиж харин комиссын гишүүд нь түүнийг магадлан дүгнэлт гаргадаг байх юм. Нэг удаагийн зөвлөлгөөнөөр комиссын гишүүд тус бүр өөрт нь авлига өгсөн хэдэн хүнээ оруулахаа ч хүртэл урьдчилан тохирдог ба нэг удаа 10 хүн оруулахад 1 сая төгрөгнөөс доошгүй хэмжээний мөнгө комиссын нэг гишүүний халаасанд ордог байна.
Дээрх асуудалтай холбоотой албан тушаалтнууд нь жирийн төрийн албан хаагчидтай адил хэмжээний цалин мөнгө авдаг ба тэдний эдлэж хэрэглэж байгаа машин байр нь төрийн албан хаагчийн цалингаар бүтэх эд биш аж. Тэд аймагтаа хувийн хаустай, нийслэл хотод 2-оос 3 өрөө орон сууцтай, ланд хөлөглөсөн эрхэмүүүд байдаг хэмээн эх сурвалж мэдээлсэн.
Үүнийг тус аймгийн хууль хяналтын байгууллагууд мэдсэн ч мэдээгүй л юм шиг нүдээ дараад чихээ бөглөөд өнгөрүүлдэг л "гаж зуршилтай" аж. Зарим учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар бол энэ асуудлыг шалгалаа ч ямар үр дүн гардаггүй гэх. Яагаад гэвэл эрүүгийн хуулинд өгсөн авсан хоёр хоёулаа хариуцлагад татагддаг тул тэдэнд мөнгө өгч групп тогтоолгож байгаа иргэд үнэнээ хэлэхгүй, тэгээд ч авлигатай тэмцэхийнхэн нэг их сүртэй хотоос хөдөөд ирээд хэдхэн хоногийн дотор хагас дутуу шалгасан болж байгаад тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй энэ хүмүүст хийсэн хэрэг алга гээд буцаад л өнөө хотруугаа яараад явчихдаг гэнэ.
Авлигатай тэмцэх газрынхан энэ аймгийн Засаг даргаас эхлээд нэр нөлөө бүхий албан тушаалтнуудыг иргэдийн мэдээллийн дагуу удаа дараа ирж шалгаад дээрх маягаар хариу өгөөд явсан байх юм. Авлига, хээл хахууль, тал тохой татах хэрэг энд хаа сайгүй газар авсан байхад өнөөдрийг хүртэл шүүхээр шийдвэрлүүлсэн нь нэгээхэн ч үгүй гэнэ.
Ж.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ