Нийслэлчүүдийг тээвэрлэх нэгдсэн бодлого хаана байна

img

Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн сая хол давсан их хотын иргэдийн уур бухимдлыг төрүүлж, цаг хугацааны “гарлага” болсон замын түгжрэлтэй нүүр тулах нь гарцаагүй. Түгжрэлээс үүдэн өглөөд хичээл сургууль, ажилдаа цагтаа очих, оройд гэртээ эртхэн харьж, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх алтан цагаас “хумслуулдаг”. Замын түгжрэлд саатан зогсох хором мөч бүр дахин хэзээ ч олдохгүй, хайран цаг гэж харамсмаар үе бишгүй тохиолддог билээ.

Харин энэ намрын хувьд шинэчлэлийн Засгийн газраас эхлүүлсэн “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварыг шинэчлэн засварлах ажлыг хийж байгаа тул түгжрэл саарна хэмээн албаныхан үзэж буй. Нийслэлийн автозамын хөдөлгөөний урсгал нэмэгдэж ачаалал ихсэх цагтай уралдах шахам хийгдэх автозамын засвар, уулзварын шинэчлэлийн ажлуудтай холбоотойгоор хотын дарга захирамж гарган тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг эхлүүлээд байна.

Энэхүү тэгш сондгой дугаарын хязгаарлалт бүхий найм хоногт нийслэлийн иргэдэд 40 орчим троллейбус үнэ төлбөргүй үйлчилж байгаа. Гэвч иргэдийн ая тухтай, хурдан шуурхай үйлчилгээнд зориулж буй “Цахилгаан тээвэр” компанийн тролейбус нь “Үйлдвэр комбинат-Хороолол III-IV”, “Ханын материал-Офицеруудын ордон”, “Ботаник-Үйлдвэр комбинат” гэсэн гуравхан чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь зорчигчдын хэрэгцээг бүрэн хангахуйц үйлчилгээг үзүүлэх боломжгүй, дээр нь өдөрт 2-3 сая төгрөгийн орлоготой тус компанид нийслэлээс өдрийн 10 сая төгрөгөөр тооцон нөхөн олговор олгож байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зорчиж байна хэмээн салбарынхан нь дургүйцэж байгаа сурагтай.

Энд хэн нэгний хэдэн төгрөг олж байгаа, зорчигчид автобусанд сууж байна уу, тролейбусанд сууж байгаа юу гэдгийг тодруулахыг хүссэнгүй. Гагцхүү “Нийтийн тээвэр” хэмээх нийтэд үйлчлэх үйлчилгээний байгууллагын нэгдсэн бодлогод өөрчлөлт хийх цаг нь болсон гэдгийг сануулахыг хүссэн юм. Түүнчлэн нийслэлчүүдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэх чадалтай түгжрэлийг сааруулахаар зорьж дугаарын хязгаарлалт хийж байгаа нь оновчтой шийдэл биш гэдгийг ч хэлмээр байна.

.

Орлого гүйцээхэд сурагчийн 200 төгрөг их “жийрэгтэй”

.

Дэлхийн улс орны жишгээс харахад нийтийн тээврийн асуудлыг бодлогын түвшинд авч хэлэлцэн зөв зохицуулалт хийснээр иргэддээ эрсдэлгүй аюулгүй, түргэн шуурхай, соёлтой үйлчилгээг үзүүлж чаддаг аж. Тиймдээ ч нийтийн тээврийн үйлчилгээ ямар байгаагаас тухайн улс орны нийгэм, эдийн засаг, аж амьдралын хэв маягийг шууд харж болдог гэдэг. Гэтэл манай улсын нийтийн тээвэр ямархуу шатанд байгаа вэ. Нийтийн тээврийн салбарын шинэчлэлд зориулж энэ онд 28 тэрбум 800 сая төгрөгийг нийслэлийн төсөвт суулгасэн гэнэ. Үүнээс 25 тэрбумыг том, дунд оврын автобусны парк шинэчлэлд зориулж, харин үлдсэн дөрвөн тэрбум орчим төгрөгийг автобусны таван эцсийн зогсоол тохижуулахад, таксины зориулалтын таван зогсоол байгуулахад 100 сая, цахилгаан тээврийн арван ширхэг дуобус, монбус угсарч үйлдвэрлэхэд 2.1 тэрбум, “Цахилгаан тээвэр” компанийн автобус, троллейбусны угаалгын цехийн барилга барихад 300 сая, цахилгаан суудлын таван автомашин угсрахад 100 сая төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ. Энд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн жолооч, кондукторт зориулсан хувь хүний хөгжил, харилцаа, ёс зүйг сайжруулах нэг удаагийн сургалтын ч төсөв суугаагүй байна. Уг нь салбарын хөгжил хүний хөгжлөөс эхтэй баймаар. Тиймдээ ч жолооч, кондукторууд зорчигчийн ая тухтай байдал, соёлтой харилцааг үл тоож, хүн бүрийг мөнгө гэж хардаг гэлтэй. Тэгж харах нь аргагүй биз, орлогоороо цалинждаг тэд нэг буудлаас 10 хүн суулгалаа гэхэд ахмад астан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, төрийн зарим албаныхан гээд 6 нь үнэгүй зорчигч. Үлдсэн 4-ийн 3 нь дунд насныхан, 1 нь дунд сургуулийн сурагч байх жишээтэй. Сурагчдын амралтын үеэр нэг танил кондуктор маань “Ашгүй хэд хоногоос сурагчдын амралт дуусч, муусайн хүүхдүүд хичээл номдоо явах нь. Тэд чинь өдрийн орлогоо гүйцээхэд их “жийрэг” болдог юм. Энэ сарын цалин ч хэцүүхэн гарна даа”  гэж билээ. Харамсмаар бас өрөвдмөөр ч юм шиг энэ үгийг сонсож зогсоход үнэтэй утас, ганган хувцсаар чамирхсан залуус оюутан хэмээн үнэмлэхээ үзүүлээд зогсч л байсан.

Нийслэл хотод өнөөдөр 24 компанийн 900 орчим их багтаамжийн автобус, тролейбус үйлчилгээнд гардаг. Нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй 98 мянган оюутан, 28 мянган өндөр настан, 25 мянган  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаагийн алба хаагч гээд үнэгүй зорчигчдын нөхөн олговорт нийслэлийн төсвөөс энэ онд 46 тэрбумыг төсөвлөсөн аж. Дээрх мөнгө бол зөвхөн нийтийн тээврээр үнэгүй зорчигчдын нөхөн олговор.

Гэтэл 30 гаруй  мянган сурагч өглөө оройд нийтийн тээврийн хэнэггүй жолоочийн дугуйны нөхөөс болчих шахан дагаж гүйн арайхийн багтаж, хичээл сургууль гэр рүүгээ зорьдог. Тэднийг эвий минь хүүхэд гэж хэн ч өхөөрддөггүй. Харин ч хүний хөл дээр гишгээд байлгүй урагшаа яв гэж нударч, алив мөнгөө гэж кондуктор ширүүн харцаараа цоо ширтэн, чимхэх энүүхэнд. Зарим нэг кондуктор нь өөрийнхөө хүүхэд шиг санаж, үнэгүй зорчуулья гэвч орлого нь хаанаа ч хүрэхгүй байхад гэж бодохоор юун айлын хүүхэд өрөвдөж зогсох. Цалингаа бүтэн авахгүй бол өөрийнх нь хүүхэд өлсөнө.

Хувийн хэвшил давамгайлсан энэ салбараас төрийн өмчит гэх Автобус I, III, Цахилгаан тээвэр гэх гуравхан компани алдагдалтай ажилладаг эсэх нь хамаагүй төрөөс нөхөн олговор олгочихдог.  Хотын удирдлагууд солигдоод нийтийн тээврийн салбарт дорвитой шинэчлэл, өөрчлөлт хийнэ гэсэн ч автобус, такси нэгдүгээр эгнээгээр зорчино гэдгээс өөр онцгой өөрчлөлт гарсангүй.

.

Дугаарын хязгаарлалт “монголчлох” занг хөөрөгдөв

.

Нийтийн тээврийн салбарын нэр хүнд муу байгаа олон баримт жишээг дурьдаад барахгүй. Гэвч нийслэлийн иргэд аргагүйн эрхэнд автобус, тролейбусанд сууж явахаас өөр аргагүй үе цөөнгүй гарч байгаа. Тухайлбал, айл бүр шахам нэг хөл дүүжлэх унаатай болсон энэ цагт хотын даргын “дугаарын хязгаарлалт”-аас үүдэн нийтийн унаанд суухаас өөр аргагүй болдог. Зарим арга зальтай нэг нь автомашиныхаа сүүлийн дугаар руу  шавар цацаж, бөмбөлөг өлгөж, зарим нь буруу харуулан зүүж “монголчлох” болжээ. Тэгтэл энэ арга нь бүтэлгүйтээд ирсэн тул боломжтой айлууд нь эхнэр нөхөр хоёр тэгш, сондгой дугаартай машинтай болоод эхэлсэн гэнэ. Зарим нь ажлын таван өдөр ээлжилж унах унаагаа бэлдээд эхэлсэн аж.

Арга ч үгүй биз хүн болгон өөрийн ая тухтай байдлаа хангах, үр хүүхдээ хичээл сургуульд нь дөхүүлж өгөх, ажлаа хурдан амжуулах гэж машин унадаг. Гэтэл дугаараар нь хязгаарлаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх гэхээр нисдэг машин хөлөглөсөн мэт дөвхиж, кондукторт аашлуулж явахыг хүсэхгүй нь мэдээж.

Дайран дээр давс гэгчээр таксины үнэ км нь 1000 төгрөг болох талаар яригдаж эхэллээ. Ус, дулаан, цахилгааны үнэ нэмэгдсэн дуулиан намжаагүй байхад такси нэмэгдэх сургаар иргэд таксинд мөнгөө үрэхээ болье гээд хувийн машинтнууд улам нэмэгдэнэ. Тэр хэрээр замын бөглөрөл улам нэмэгдэж, “Гудамж төсөл”, дугаарын хязгаарлалт ч үр дүнгээ өгөхгүй л болов уу.

Тиймээс нийслэлийн иргэдийн төлөө нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, иргэдэд хандсан үйлчилгээний томоохон салбар гэдгээр нь хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Зам засч, уулзварыг томсгосноор бөглөрөл арилахгүй, хүчин чадлыг нь нэмэгдүүлж, цоо шинэ өнгө төрхтэй монголын цаг агаарт тохирсон тээврийн хэрэгсэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх цаг болсон. Түүнчлэн жолооч кондуктор нарын цалинг нэмж, тодорхой шалгуураар ажилд авч, иргэдээс гомдол санал авч, зохисгүй аашилсан жолоочийг ажлаас нь халдаг болох хэрэгтэй. Ингэж хариуцлага тооцсоноор  жолооч кондуктор нар иргэдэд үйлчилдэг үйлчилгээний байгууллагын ажилтан гэдгээ мэдэрнэ. Өнөөдрийнх шиг цагт баригдаж, орлогын хойноос хөөцөлдөж, бөглөрөлтэй газар сигналаа хангинуулж, хөдөлгөөн сийрэг газар “авторалли”-д оролцогч болоод байвал нийтийн тээврийн хөгжил, иргэдийн ая тухтай байдлын талаар ярих ч хэрэггүй. Нэг нэгнээсээ өрсч зорчигчийг хүн биш “400 төгрөг” гэж харахаар хичнээн сайхан замтай байгаад нэмэргүй, түгжрэл бөглөрөл байсааар, иргэд бухимдсан хэвээр л байна.

Тухайлбал, хотын нэг захаас нөгөө зах руу нэвт явдаг автобусны маршрут нь туйлын оновчгүй шийдэл. Үүний оронд хотын захаас ирж байгаа автобус нь их тойруу хүрээд буцдаг, зөвхөн хотын төвөөр явдаг автобусны чиглэлүүдийг буй болгох, хотын тээвэрт нэг өдрийн билетийг буй болгож тэр билетээрээ дараагийн чиглэлийн автобусаар саадгүй зорчих боломжтой байх зэрэг олон аргыг хэрэгжүүлж болно. Ингэж автобуснууд богино эргэлттэй болсноор хотын төв рүү шугам давхцуулан хэдэн зуугаараа орж ирэх шаардлагагүй болно. Харин иргэд хотын төвд хүрэхийн тулд 2-3 автобус сэлгэж сууна. Автобусны үйлчлэх минут нь 2-3 минутаар хэмжигдэх учраас хүлээх шаардлага бараг гарахгүй. Эцэстээ энэ бүхэн нь иргэдийн хувьд цаг хугацаа хэмнэх болж, автобуснууд шатахуунаа хэмнэнэ. Цогцоороо энэ нь эдийн засгийн хэмнэлт авчирна. Ингэж чадвал хүн бүр заавал машинаа унаж явах гэж зүтгэхгүй. Тиймээс нийслэлийн иргэдийг тээвэрлэх нэгдсэн бодлогыг сэтгэл гарган боловсруулж, төрийнх, хувийнх гэдэг ялгавартай ханддаг зангаа татах цаг болсныг бодлого боловсруулагчдад хэлмээр байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dorj:
avtobus ni 2-3 minutiin zaitai yavdag 1 tasalbar r odortoo xed ch zorchij boldog xotiin tov xotiin zax xeseg gex met ergelttei bval gdg sanaanuudiig demjij bna dr ni 6-100 nastai /tasalbariin une dr ni yalgavartai togtoox/xen guai ch mongoo toldog bol niitiin tever ni dampuuraxgui tugjrel saatal 1 ail n 2-3 mashin bxgui bolno shu de BAT-UUL dargaa DUGAAR-n xyazgaarlaltaa bolix xeregtei unaatai 100000 ailiin 1-2000 ail ni 2 daxi unaagaa avch bga bx shu toonii xoinoos xootsoldoxoor bodlogiin xoinoos xootsoldvol yamar ve Tanai 1111 ajilladagui yum bna le
2013-08-30
Тулгаа:
ЕБС-ийн сурагчдаас 200 төгрөг авах нь зөв. Нийтийн тээврээр зорчихдоо мөнгө төлөх ёстой гэдэг ойлголтыг багаас нь хэвшүүлэх хэрэгтэй. Оюутнуудын хөнгөлөлттэй картыг хүчингүй болгомоор. 70 мянгын тэтгэлэгтэй хүмүүс 400 төгрөгөө л төлөөд явна биз
2013-08-29
.....:
Энэ засагт ямарч бодлого толовлогоо байхгуй ээ.
2013-08-29
СОЛОНГО:
Оюутанууд автобусанд мөнгө төлдөггүй карт хэрэглэдэг атлаа шоучин.Харин хөөрхий аван жилийн жижиг хүүхдүүд томхон биетэй ахлах ангийн хүүхдээс 200 төгрөгийг кондуктор нэхээд авчихдаг.Ямар ч орлогогүй тэр хүүхдийн мөнгийг кондукторууд яаж загнаж авч байдгийг томхон албан тушаалтнууд юу ч мэдэхгүй шүү дээ.Хөөрхий хүүхдүүдийг хэзээ автобусанд мөнгө төлөхгүй явуулах юм бэ.
2013-08-29
zochin:
end harin ih zov sanaag helsen baina.uunees sanaa avch delgeruulj, zov yum hiigeesei dee, hotiin darga nar.gadaadad 1 $-iin avtobusnii bileteer 3-4 udaa ter odortoo oor avtobusand suuh bolomjtoi baidag geh met sain jishee bol ih bii dee.
2013-08-29
ЗОЧИН:
ОЮУТАН ГЭСЭН НЭР ЗҮҮСЭН ШОУЧИДАД 70000 ТӨГРӨГ ӨГӨӨД ДЭЭР НЬ НИЙТИЙН ТЭЭВЭРТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЯВДАГ ГЭТЭЛ ЯМАР Ч ОРЛОГҮЙ ХҮҮХДЭЭС 200 ТӨГРӨГ АВДАГ НЬ ДЭЭРЭМДЭЖ АВДАГ ЭМГЭНЭЛТЭЙ ЮМ.ТЭГЭЭД КОНДУКТАР ГЭСЭН НЭР ЗҮҮСЭН ХҮМҮҮС НЬ МӨНГӨНИЙ ТАСАЛБАРАА ОГТ ӨГДӨГГҮЙ Ш ДЭЭ.
2013-08-29