С.Ням-Очир тавдугаар байрт шалгарчээ
Бразилийн Рио-де-Жанейро хотноо үргэлжилж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, 73 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Гавяьат тамирчин С.Ням-Очир нар, харин 57 кг-ын жингийн ангилалд ОУХМ Д.Сумъяа нар хүч сорилоо.
Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очирын хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, тавдугаар байрт шалгарсан бол Х.Цагаанбаатар ДАШТ-ий дэвжээнд анх удаа 73 кг-ын жинд зодоглож, хэсгийн шатны гурав дахь барилдаандаа ялагдсанаар энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлүүлсэн юм.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд нийт 79 жүдоч зодоглосон. С.Ням-Очир гавьяатын хувьд А хэсэгт барилдаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Ганын бөх Эммануэл Нартейг цэвэр, дараа нь БНАСАУ-ын Хун Кук Хьоныг торгуулийн оноогоор, Доминиканы тамирчин Лвилли Сантанаг цэвэр ялж, улмаар Японы шилдэг тамирчдын нэг Рики Накаяаг цэвэр ялснаар хэсгийн аварга болсон юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ