Иод дутлын эмгэгтэй тэмцэх өдөр

img

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 1996 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын эхний долоо хоногийн амралтын өдрийг “Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний өдөр” болгон орон даяар тэмдэглэж ирсэн уламжлалтай. 18 дахь удаагаа тэмдэглэх гэж байгаа “Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ онд “Иоджуулсан давсыг тогтмол хэрэглэцгээе” уриан дор зохион байгуулахаар болжээ.

Иод дутлын эмгэг нь нас, хүйс, нийгмийн байдлыг үл харгалзан хүн амыг бүхэлд нь хамардаг тул түүнийг “Чимээгүй тахал” хэмээн нэрлэжээ. Иод дутлын эмгэг нь Хүнсний давсыг иоджуулж өдөр бүр тогтмол хэрэглэх нь “Чимээгүй тахал” хэмээн нэрлэгдэх энэхүү эмгэгээс бүх нийтээрээ сэргийлэх хамгийн найдвартай, хямд төсөр арга болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн.

Иоджуулсан давсыг тогтмол хэрэглэснээр хүүхдийн өсөлт, оюун ухааны хөгжил хэвийн явагдаж, сурах ба хөдөлмөрлөх чадвар нь дээшилдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Иод дутал нь хүний бие махбод ялангуяа бага насны хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдар, оюун ухааны хөгжилд сөргөөр нөлөөлж, оюуны чадамжийг 10-15 хувь хүртэл бууруулдаг болохыг Олон улсын түвшинд хийгдсэн удаа дараагийн судалгаагаар нотолсон байдаг байна.

Дэлхийн хүн амын 30 хувь нь иодын дуталтай бүс нутагт амьдарч байгаа юм. Монгол улсын газар нутгийн 80 гаруй хувь нь иодын дутагдалтай бүс нутагт хамрагддаг аж. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр манай улсын хүн амын дундах Иод дутлын эмгэгийн тархалтыг анх удаа 1992-1995 онд судалжээ. Энэхүү судалгаагаар Монголын хүн амын дундах Иод дутлын эмгэгийн тархалт 29.2 хувь, Хангайн өндөр уулархаг бүсийн зарим аймгийн хүн амын 36.8-55.9 хувь нь бамбай булчирхай томорсон буюу бахлууртай байгааг илрүүлсэн байна. Ийнхүү Монгол улсын дийлэнх бүс нутгийн хүн амын дунд иод дутлын эмгэг “Дунд” ба “Хүнд” зэргийн тархалттай байсан юм. Иймд Монгол улс “Иод дутлын эмгэгийг устгах” дэлхий нийтийн зорилтод нэгдэн орж 1996-2010 онд “Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэн байна.

НҮБ-ын Хүүхдийн сан, Японы ЖАЙКА, АХБ-ны техник, эдийн засгийн дэмжлэгтэйгээр манай улс 1996 оноос эхлэн давсыг иоджуулан хэрэглэж эхэлсэн бөгөөд “Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлснээс хойш Монгол Улсын хүн амын иоджуулсан давсны хэрэглээ тасралтгүй нэмэгдэж, өнөөгийн байдлаар нийт өрхийн 89.1 хувь нь иоджуулсан давс хэрэглэж заншсан байна.

Ийнхүү өрхийн иоджуулсан давсны хэрэглээ тасралтгүй нэмэгдэхийн зэрэгцээ хүн амын дундах иод дутлын эмгэгийн тархалт 29.2 хувиас 7.3 хувь хүртэл буурсан үзүүлэлт гарчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын дундах Иод дутлын эмгэгийн тархалтыг 5 хувь хүртэл бууруулвал тухайн орныг “Иод дутлын эмгэгийг устгасан орон” хэмээн үнэлдэг. Эндээс харахад манай улс “Иод дутлын эмгэгийг устгасан орон”-ы тоонд багтахад ойрхон байгааг холбогдох албаны хүмүүс онцолж байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ