“Урт нэртэй” хуулийг гацаанаас гаргах талаар зөвлөлджээ
Уул уурхайн яам/УУЯ/, Ашигт малтмалын газар /АМГ/-аас хамтран “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” буюу “урт нэртэй” хуулийн үйлчлэлийн хүрээлэлд хамрагдсан зарим аж ахуйн нэгжийн төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзаж, дугуй ширээний ярилцлага зохиожээ. АМГ-ын хурлын танхимд болсон дугуй ширээний ярилцлагад УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, АМГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх нар болон яам, агентлагийн холбогдох мэргэжилтнүүд оролцож аж ахуйн нэгжүүдийн санал бодлыг сонссон байна. Мөн “Алтан Дорнод Монгол”, “Багануур”, “Болд Төмөр Ерөө гол”, “Гэрэлт шинэчлэл”, “Их Дэлгэр мөрөн”, “Монголын алт” (МАК), “Мондулаан трейд”, “Монполимет”, “Орд-Талст”, “Эвэрпласт”, “Эрдэс Холдинг” зэрэг 16 компанийн төлөөлөл болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци/МУУҮН/, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо/МБМҮХ/-ны төлөөлөгчид оролцсон байна.
1
Урт нэртэй хуулийн үйлчлэлд ашиглалтын 427, хайгуулын 909 тусгай зөвшөөрөл хамрагджээ. Үүнээс Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хамгаалалтын бүсийн заагийг тогтоож, нийт 123 тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс нөхөн олговор авах хүсэлт гаргасан байна. “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх явцад нөхөн төлбөрийг хэрхэн тооцохоос эхлээд хүндрэл бэрхшээл тулгарчээ. Иймээс УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Хуулийг гацаанаас гаргах талаар ялангуяа алтны шороон орд бүхий аж ахуйн нэгжүүд, байгаль орчны төрийн бус байгууллагуудын саналыг сонсох, хамгийн гол нь улсын төсөв хүндрэлтэй байгаа үед хуулийн хэрэгжилтийг аль аль талдаа хүндрэл бага гарахаар хангах зэрэг асуудлаар санал бодлоо солилцохоор энэхүү ярилцлагыг зохион байгуулж байна. Хууль гарахаас өмнө үйл ажиллагаа нь явж байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлүүдийг үргэлжлүүлэх, хууль гацсан асуудлыг арилгах тал дээр судалгаа хийж байна” хэмээн ярив.
1
Хуулиа дээдлэсэн компаниуд нөхөн төлбөр хүсчээ
1
МУУҮА-ийн ерөнхийлөгч Д.Дамба “Урт нэртэй хуулийн байгаль орчны хамгаалах санаа нь зөв ч хэрэгжүүлэх механизм нь буруу учир 4 жил болоход энэ хууль бүрэн хэрэгжихгүй байна. Иймд тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд нөөцөө дуусгах боломж олгох хэрэгтэй. Ингэхдээ хязгаарласан, хориглосон талбайн хилийн заагийг тодорхой болгох, нөөцөө сорчилж биш бүрэн олборлож дуусгах, байгальд ээлтэй техник ашиглах, нөхөн сэргээлт хийх өндөр шаардлага тавих хэрэгтэй. Мөн цаашид гол мөрөн, ойн сав газарт дахин тусгай зөвшөөрөл олгохгүй байх, хууль гарснаас хойш гол, мөрний эх, ойн сан бүхий бүхий газарт олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцалж олборлолт хийлгэхгүй байх шаардлагатай” гэлээ. Тэрбээр мөн энэ хууль гарснаас хойш олон аж ахуйн нэгж хохирсоныг хэлжээ. Тухайлбал, 10 орчим компани уул уурхайн салбараас бүрмөсөн явсан байна. Түүнчлэн олборлолтоо зогсоож мэргэжлийн боловсон хүчнээ нинжа болгон алдсан, 4 жилийн хугацаанд харуул хамгаалалтанд хөрөнгө зарцуулсан гэх мэтээр хууль дээдлэж байгаа компаниудад нөхөн төлбөр олгох ёстой гэжээ. МУУҮА-ийн ерөнхийлөгч Д.Дамба гол, мөрний сав, ойн сан бүхий газарт олборлолт явуулж байгаа нинжа нарыг компанийн хэлбэрт шилжүүлж татвар төлдөг болгох гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг онцлосон байна.
1
Дээрх хууль гарснаас хойш үйл ажиллагаа явуулахгүй байгаа учир “Орд талст” компанийн төлөөлөл Б.Дүгэрсүрэнгийн хэлснээр тус компани татварын өртэй болсон аж. Мөн “Монполимет” компанийн хуулийн зөвлөх Л.Амарбаясгалан “урт нэртэй” хууль жигд үйлчлэхгүй, зөвхөн алт олборлодог компаниудыг хамарч буйг шүүмжилжээ. “Эрдэс Холдинг” компанийн төлөөллийн ярьж буйгаар “урт нэртэй” хуулийг хэрэгжүүлснээрээ тус компани хохирч байгааг сануулж, төрийн мэдэлд байгаа ордууд нь хэвийн үйл ажиллагаа явуулаад хууль адил тэгш үйлчлэхгүй байгааг анхааруулсан байна. Түүнчлэн “Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Цогтгэрэл нөхөн олговрыг 2 жилийн дотор олгоно гэсэн ч одоо болтол олгохгүй байгаагийн зэрэгцээ нөхөн сэргээлт хийсэн талбай дээр нинжа нар орж сүйтгэж байгаа зэрэг маш олон санал шүүмжлэлийг дугуй шинээрний уулзалтын үеэр ярьжээ.
1
Зөвхөн хувийн компаниудыг хуульд хамруулсныг шүүмжлэв
1
Нийслэлийн эргэн тойронд барилгын материал олборлох зөвшөөрөлтэй 200 гаруй аж ахуйн нэгж байгаагаас 84-ийх нь тусгай зөвшөөрөл “урт нэртэй” хуульд хамрагджээ. МБМҮХ-г төлөөлж ирсэн Э.Сүхбаатар “Хилийн заагийг алдаатай тогтоосон, харилцан адилгүй талбай олгосон гээд асуудалд орон нутгийн захиргаа асуудалд үзэмжээр хандаж байгааг болиулах хэрэгтэй. Төрийн захиргааны байгууллагууд аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах тал дээр тааруу байна” хэмээн шүүмжиллээ.
1
Түүнчлэн дугуй ширээний ярилцлагын үеэр “урт нэртэй” хууль нь “Байгаль орчны тухай” багц хуульд тусгагдсан санаа болохыг хэлжээ. Иймээс тусгай зөвшөөрөлтэй холбоотой заалтуудыг “Ашигт малтмалын тухай” хуулинд нэмж оруулж, бусад асуудлыг нь “Байгаль орчны тухай” багц хууль болон “Ашигт малтмалын тухай” хуулиараа зохицуулах хэрэгтэйг оролцогчид санал болгосон аж. Мөн Засгийн Газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, 2012 оны 194 дүгээр тогтоол хоёр хоорондоо зөрүүтэй байгааг нягтлан хянах, стратегийн ордуудыг буюу төр өөрийн мэдэлд байгаа ордуудаа хуулинаас гаргачихаад, хувийн аж ахуйн нэгжүүдийн ордыг “урт нэртэй” хуульд хамруулж байгаа энэ хууль бүрэн төгс хэрэгжих боломжгүй гэх мэт олон санал гарсан байна.
1
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ