
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хуульд эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг нь тодорхой болгох, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага бий болсон учир дээрх хуулийн төслийг боловсруулжээ.
Эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд бүрэн шилжих тохиолдолд цахилгаан, дулааны үнэ тариф, түүнийг үйлдвэрлэхэд ашиглагдах түлшний үнийг хянах механизм нь төдийлөн уялдаатай биш байгаа аж. Эрчим хүчний нөөцийн баланс гаргах, гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн хохирлын хор нөлөөг багасгах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх зэрэг асуудлуудын хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдээгүйгээс дээрх асуудлууд орхигдоод байгаа юм байна.
Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх, үнийн нөлөөллийг тооцох аргачлал, урт хугацааны зохицуулалтын механизм үгүйлэгдсээр байгаа бөгөөд дээр дурдсан хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх, оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлох зэрэг нь Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах практик шаардлага болжээ.
Уг төслийн талаар болоод төслийг ажлын хэсгээр хэлэлцсэн тухай УИХ-ын гишүүн А.Тлейхан танилцуулсны дараа гишүүд асуулт асууж хариултаа авлаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эрчим хүчний зохицуулах зөвлөл гэж байсныг Хороо болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Хороо аймаг бүрт салбар, орон тоотой байх нь. Одоо хууль батлах бүртээ орон тоо, зардал нэмдэг болоод байна. Ирэх онд Төрийн албан хаагчдын тоо 9500-гаар нэмэгдэхээр болж байна. Манай улс эрчим хүчийг нэгдсэн бодлогоор зохицуулж чадаж байгаа. Ингэж чадаж байхад Хороо болгон өргөтгөж, зардал, төсөв, орон тоо нэмэх шаардлага байгаа юм уу хэмээн лавлалаа.
УИХ-ын гишүүн А.Тлейханы тайлбарласнаар, Зохицуулах зөвлөл гэхээр олон нийтийн байгууллага юм шиг болоод байгаа учир мэргэжлийн байгууллага гэдэгт нь тохируулан Зохицуулах хороо болгон оруулж ирж байгаа аж. Хуучин Зохицуулах зөвлөл аймаг бүрт орон тооны бус гурван гишүүнтэй юм байна. Энэ гурван гишүүн нь бүгд мэргэжлийн бус байдаг бол шинэ хуулиар нэгийг нь орон тооны болгон, тэр хүн нь мэргэжлийнх байхаар тусгасан байна. Эрчим хүчний үнэ, тарифын талаар маргаан их гардаг болохоор мэргэжлийн хүн тооцоогоо хийж үндэслэлээ гаргах шаардлагатай болоод буй аж. Урамшуулал аван явдаг орон тооны бус гурван гишүүний нэгийг нь орон тооны болгосноор төсөвт ачаалал нэмэгдэхгүй гэж А.Тлейхан гишүүн тайлбарлалаа. Тус зөвлөл нь төсвөөс нэг ч төгрөг авдаггүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хураамжаар санхүүжиж явдаг юм байна.
Ямартай ч эрхэм гишүүний хэлснээр энэ хуулийн төсөл батлагдсанаар эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд бүрэн шилжих үед Зохицуулах хорооны бие даасан байдал бүрэн хангагдсан байх юм байна. Гишүүд ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Үүний дараа Газрын тосны салбарт төрөөс 2015 он хүртэл баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэхүү тогтоолын төсөл дээр ажлын хэсэг, дэд хэсэг зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан хэмээн ажлын хэсгийн ахлагч Д.Одхүү хэлж байлаа. Ажлын хэсэг газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлогыг 2015 он биш 2017 хүртэл хэрэгжүүлэхээр санал оруулж ирсэн ч олонхийн дэмжлэг авсангүй. УИХ-ын гишүүн Д.Одхүү, манай улс 2015 он хүртэл гуравхан жилийн хугацаанд газрын тосны үйлдвэр байгуулах гэх мэт олон ажлыг амжуулах боломжгүй хэмээн учирласан боловч 2015 гэсэн тоо хэвээр үлдлээ.
Түүнчлэн ажлын хэсгээс оруулж ирсэн нэг санал нь Газрын тосны үндэсний компаний байгуулах гэсэн санал байлаа. Засгийн газраас дэмжлэг аваагүй дээр санал Байнгын хороодын гишүүдийн дэмжлэгийг мөн авсангүй. Ажлын хэсгийн ахлагч Д.Одхүү газрын тос олборлодог 32 орны туршлагаас харж судлах нь зүйтэй хэмээн гишүүдэд хэлж байлаа.
“Манай улс ОХУ-ын ганцхан компаниас нефьтийн бүтээгдэхүүнээ импортолдог. Дотоодын олон компани дээрх нэг компанид очин гуйж барин тус бүртээ гэрээ хийн оруулж ирдэг. Харин энэ байдлыг эцэс болгон төр ганцхан цонхоор л харах хэрэгтэй” хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байлаа. Төр нефьтээ импортлон оруулж ирээд дотоодын компаниуд түгээх, худалдах ажлыг хариуцвал илүү зохистой. Тэгэхээр газрын тосны үндэсний компанийн нэг чиг үүрэг нь энэ байж болно гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн талаар тэрбээр гишүүдэд тайлбарласан юм.
Түүнчлэн улсынхаа нутаг дээрээс олборлож буй газрын тосыг боловсруулах үйлдвэр нь төрийн өмчийн оролцоотой байх саналыг мөн тусгасан байсан. Энэ талаар ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, “Өөрт ноогдож буй газрын тосыг боловсруулах үйлдвэр байгуулах тохиолдолд төр тодорхой хэмжээний хувь, оролцоотой байх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн” хэмээн тайлбарласан. Гэхдээ төр 100 хувь биш, 5, 10 хувийн ч оролцоотой байж болох юм байна.
Гишүүд газрын тосны үндэсний компани байгуулах нь зүйтэй эсэх дээр нэлээд ярилцсан бөгөөд Засгийн газраас дэмжлэг аваагүй дээрх саналыг ажлын хэсэг татан авснаар уг тогтоолын төслөөс хасагдсан юм.
Уг тогтоолын төсөл дэх өөр нэгэн заалтыг гишүүд нэлээд нухацтай хэлэлцсэн. Газрын тосны борлуулалтын орлогын 30 хүртэл хувийг хуримтлуулан сан байгуулах тухай байв. Гишүүд сан байгуулахыг үгүйсгээгүй бөгөөд харин уг бодлогод сангийн хуримтлуулах мөнгөний хувь хэмжээг тодорхой заах шаардлагагүй гэж үзлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ