Олон улсын дугуйчдын уралдаан үргэлжилж байна

img

  Монгол Улсад дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Mongolia Bike Challenge” олон улсын дугуйн уралдааны нээлт өнгөрөгч бямба гаригт Цонжин Болдог дахь Чингис хааны морьт хөшөө цогцолборт боллоо. “Mongolian Expeditions” компаниас жил бүр зохион байгуулдаг тус уралдаан энэ жил “Genco Mongolia Bike Challenge-2013” нэртэйгээр зохиогдож байгаа аж. “Genco Tour Bureau” компанийн ивээн тэтгэлгээр зохиогдож буй  тус уралдаан наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 7-ны хооронд үргэлжлэх юм.  Тамирчид өчигдөр буюу есдүгээр сарын 1-нд “Цонжин болдог”-оос гараагаа эхэлж , энэ сарын 7-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “Genco Tour Bureau” компанийн “XIII зуун” цогцолборт барианд орох юм. Энэ жилийн уралдаанд 24 орны 108 дугуйчин нийт долоон гарааны туршид 850 км замыг туулан хаан, спортсмен, мастер-1, мастер-2, ахмадын, эмэгтэйчүүдийн болон тандем буюу хос дугуй гэсэн долоон ангилалд өрсөлдөх ажээ. Уралдааны хамгийн сонирхолтой ангилал болох мэргэжлийн дугуйчдын “Хаан” ангилалд 40 шилдэг дугуйчид өрсөлдөнө. Тэдний дунд “Mongolia Bike Challenge-2012” уралдааны аварга, Канадын дугуйч Кори Уоллос, Японы топ дугуйчдын нэг Коизуки Такэ, Испанийн шилдэг триатлонч Марсел Замора нарын шилдгүүд багтжээ. Уралдааныг дэлхийн дугуйн спортын топ сайтууд болох Cyclingnews.com болон Pinkbike.com сайтууд онлайнаар шууд түгээх аж. Уралдааны үеэр мөн Испанийн хэвлэл мэдээллийн томоохон агентлаг болох “MEDIASET” Монголын нүүдэлчдийн ахуй амьдралын талаар баримтат кино хийх юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ