Монголын оюуны спортын тамирчид 12 медаль хүртлээ
Энэ сарын нэгэнд буюу өнгөрөгч ням гарагт Турк улсын Анкара хотод “MEMORIAD-2013” ой тогтоолт, цээж бодолтын нээлттэй тэмцээн долоо дахь удаагаа болж өндөрлөлөө. Тус тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон “Монголын Оюун ухааны академи”-ийн тамирчид нийт 30 медалийн 12-ыг нь аваад эх орондоо ирж байна.
6
Нийт 121 оюуны спортын тамирчин насны ангилал харгалзахгүйгээр хоорондоо өрсөлдсөн. Ой тогтоолтын хамгийн хэцүү төрөл болох 30 минутын Тооны Марафон төрөлд манай тамирчид шилдэг нь байж, эхний гурван байрыг эзэлсэн. Тухайлбал, Үндэсний ой тогтоолтын аварга, 17 настай тамирчин Б.Намуунтуул 1200 цифр тогтоож нэгдүгээр байр, 15 настай тамирчин Ц.Бат-Эрдэнэ 940 цифр цээжилж хоёрдугаар байрт шалгарсан бол хамгийн бяцхан оролцогч, 12 настай Г.Тэмүүлэн 650 цифр тогтоож удаах байрт шалгарсан юм.
6
Мөн “Хөзөр цээжлэх” төрөлд Б. Намуунтуул 1 минут 5 секундэд 52 ширхэг хөзрийг дараалаар нь тогтоож алдалгүй нэрлэн, эхний байранд шалгарчээ. Үүнээс гадна Цээж бодолтын “Хүн хуанли” төрөлд хүрэл медаль хүртжээ. Хоёртын тоолол төрөлд нийт 93 тамирчин өрсөлдөж манай тамирчид дахиад алт, мөнгө, хүрэл медаль авчээ. Мөн харааны ой тогтоолтын төрөлд 80 тамирчин өрсөлдсөнөөс Ц.Бат-Эрдэнэ эхний байр, Г.Тэмүүлэн, Б.Намуунтуул нар удаах байруудыг эзэлсэн байна.
6
Харин нэр, зүс царай цээжлэх төрөлд Б.Намуунтуул мөнгөн медаль хүртэж, Ц.Бат-Эрдэнэ тусгай байрт шалгарсан бол баг тамирчдын дасгалжуулагч Х.Хатанбаатар багш тавдугаар байр эзэлжээ. Тэд англи нэрнүүд цээжилсэн бөгөөд буцааж санахдаа нэг л үсэг алдвал тухайн нэр дээр оноо авахгүй аж. Манай тамирчид үсэг алдаж нэрлэснээс болж нэлээд оноо алджээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ