Хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал

img

Манай Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг нэгтгэж, зөвлөлдөх боломжийг бүрүүлдэг  “Invest Mongolia 2013” чуулга уулзалт үргэлжилж байна. Чуулганд гадаад дотоодын 60 гаруй илтгэгч, 250 гаруй төлөөлөгч оролцож байгаа.

 6

Чуулганы үеэр Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон гадаад дотоодын бизнесийн болон банк санхүүгийн төлөөлөгчид оролцож эдийн засаг, уул уурхайн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн юм. Чуулганд оролцогчдын анхаарлыг татаж байгаа гол асуудал бол хууль эрх зүйн орчин. Гаднынхан ч тэр бид өөрсдөө ч тэр хэлж, ярьж мэдсээр байгаа хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг таатай болгох нь нэг талаас Монгол улсын зайлшгүй үүрэг болчихоод байгаа мэт.

 6

Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний үнэ унаж, зэсийн үнэ дорвитой өсөхгүй байгаагаас үүдэн Монголын эдийн засгийн өсөлт саарсан. Уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн сул тал энэ.

Чуулга уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдын үзэж буйгаар Монголын хуулийн ихэнх нь тунхагийн шинжтэй, хэрэгжих боломжгүй байдагт шүүмжлэлтэй хандаж байна. Харин Монголын зүгээс хууль эрх зүйн орчин таатай болно гэдэгт найдан ирэх намрын чуулганыг хүлээж байгаа юм.

 6

Гэхдээ бас бүр уналтад ороод байгаа эдийн засагтай улс орон биш ээ манайх. Бэрхшээлийн хажууд үргэлж боломж гэдэг. Ямар боломж байгааг чуулганд оролцогчид олон талаас нь харж дүгнэн хэлж байлаа.

6

Монгол Улс, Хятад гэх дэлхийн хамгийн том зах зээлтэй ойрхон оршдог. Гэтэл энэ давуу талаа ашиглаж чадахгүй байгааг шүүмжилж байна. Тухайлбал, одоогоор өмнөд хөрш рүү экспортолж байгаа нүүрсийг автомашинаар тээвэрлэж буй нь нүүрсний өртөг зардлыг асар ихээр нэмэгдүүлж байгаа. 2013 оны эхний улирлын байдлаар тээврийн зардал нь бүтээгдэхүүний өөрийн бүрэн өртгийн 40 орчим хувьд хүрсэн байна. Тиймээс Тавантолгойн ордоос олборлосон коксжих нүүрсийг гол хэрэглэгч болох Хятад руу тээвэрлэх төмөр замын дэд бүтцийг бий болгох ажлыг Засгийн газрын зүгээс яаравчлах ёстойг оролцогчид анхааруулсан юм.  Хэрвээ алсдаа Япон, БНСУ-ын төмөрлөгийн үйлдвэрт монголчууд нүүрс нийлүүлэх зорилготой бол энэ төрлийн дэд бүтцийг зайлшгүй бий болгох шаардлагатай. Хэрвээ энэ тал дээр эртхэн анхаарал тавихгүй бол манай улс Австрали, Канадтай өрсөлдөх боломжгүй гэдгийг “CRU China” компанийн гүйцэтгэх захирал Жон Жонсон анхааруулсан.

 6

Уул уурхайгаас өөр эдийн засгийн боломжгүй улс болохгүй тулд эдийн засгаа солонгоруулах тухай яригдаад байгаа. Энэ тухай мөн л чуулганаар хэлэлцэгдлээ. Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан “Монголчууд экспортлогч орон болохын тулд эдийн засгаа төрөлжүүлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлохоос гадна эрчим хүч экспортлох боломж байгаа. Тэр дундаа цэвэр эрчим хүчийг Япон, Солонгост нийлүүлэх эрэлт хэрэгцээ байна” гэв. Ер нь манай улсад уул уурхайгаас гадна эдийн засгаа тэтгээд явчих хэд хэдэн салбар бий. Тухайлбал, хөрөнгийн бирж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гээд уул уурхайгаас хараат бусаар хөгжөөд явах боломжтой олон салбарыг хөгжүүлэхэд Засгийн газрын бодлого хэрэгтэй байгааг хуралд оролцогчид анхааруулж байлаа.

6

Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг намрын ээлжит бус чуулганаар танилцуулна. Гэхдээ хууль гаргах гэж байгаа бол тогтвортой байлгах нь хамгийн чухал. Удаан хугацаанд хамтарч ажиллах хөрөнгө оруулагчдыг урамшуулах зэрэг аль аль талдаа ээлтэй бодлоготой байх нь зүйтэй. Хэт богино хугацаанд их ашиг олох гэлгүйгээр төр засгаас тогтвортой урт хугацааны бодлого авах цаг болжээ.

6 Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ