Цэцэрлэгийн гадна үлдсэн 60 мянган хүүхдийн эрхийг хамгаална
Монголчууд эрт дээр үеэс хүн болох багаасаа гэж хэлж ирсэн. Үнэхээр хүүхэд 3-6 насандаа хүмүүжил төлөвшлийн суурийг эзэмшдэг тул сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүр хамрагдах ёстой гэсэн үг юм. Гэвч манай улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх цэцэрлэгийн хүрэлцээ хомс байдаг тул маш олон хүүхэд сурж, боловсрох эрх нь зөрчигддөг. Энэ онд л гэхэд сургуулийн өмнөх боловсролд 191805 хүүхэд суралцах бөгөөд нийт хүүхдийн 160201 төрийн өмчийн, 25438 нь хувийн өмчийн цэцэрлэгт суралцана. Харин цэцэрлэгийн байрны хүрэлцээ, хүртээмжээс шалтгаалан 60 мянга гаруй хүүхэд гэртээ хүмүүжихээс өөр аргагүй байгаа гэдгийг албаныхан мэдэгдэж буй.
Тиймээс нэ оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн С.Ганбаатар санаачлан УИХ-ын найман эмэгтэй гишүүдийн хамт “гэр цэцэрлэг” буюу “Хүүхэд харах үйлчилгээ”-ний талаар анх ярьж эхлэн "Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг их хуралд өргөн барьсан юм. Уг хуулийн төсөл хэрэгжсэнээр нийгэмд хүлээлт үүсч, маш олон эцэг эхчүүд үр шимийг нь хүртэх боломжтой. Тиймээс “Хүүхэд харах үйлчилгээ”-ний талаар УИХ-ын гүшүүн С.Ганбаатар, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Боловсрол шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг нарын холбогдох албаны хүмүүс өнөөдөр Төрийн ордоны Б танхимд хэлэлцлээ.
Энэхүү “Хүүхэд харах үйлчилгээ” хэрэгжүүлснээр гэртээ цоожлуулж, “хаалганы цаана” үлдсэн 60 мянга гаруй хүүхэд зайлшгүй сурах ёстой суурь мэдлэгийг эзэмшиж, хоолтой ундтай бүтэн өдрийн турш харж хандах хүнтэй болох юм. Эцэг эхчүүд ч мөн адил хүүхэд харах хүн хайж эрэл сурал болохгүй, арга ядахад хүүхдээ гэртээ цоожилж үлдээдэгээ болино. Өнгөрсөн онд л гэхэд бага насны хүүхэд гэртээ, хашаандаа цоожлуулж үлдсэнээс гал түймэрт өртөх, нүхэнд унах зрэгээр эндэж, хараа хяналтгүйгээс зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэргүүд цөөнгүй гарсан. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс энэ сарын 16-нд болох ээлжит бус чуулганаар “Сургуулийн өмнөх боловсролд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг зайлшгүй хэлэлцүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ