Ш.Нэмэхбаяр: Солонгос сурагчдын эцэг эхчүүдэд монгол хэлний хичээл заалаа
“Монгол Солонгосын багш солилцооны хөтөлбөр”-т хамрагдан Солонгос улсад гурван сар гаруй хугацаанд туршлага солилцож, мэдлэг хуримтлуулсан багш нар өнөөдөр “Багшийн хөгжлийн ордон”-д ажлаа тайлагнаж байна.
6
Тус хөтөлбөр нь хоёр улсын Засгийн газрын хэлэлцээний дагуу өнгөрсөн оноос эхлэн ирэх оныг хүртэл хэрэгжих юм. Өнгөрсөн жил хоёр талаас нийт 80 багш хамрагдаж байжээ. Харин энэ удаа манайхаас хот болон хөдөө орон нутгаас ирсэн 25 багш Солонгос улсын Канвон аймгийн Чүнчон хотын бага, дунд, ахлах сургууль дээр ажиллаад ирсэн юм. Солонгос багш нар манай улсад ирээд байгаа бөгөөд тэдний ажил энэ сарын дундаас эхэлнэ. Ингэхдээ хотын болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр гурван сар гаруй хугацаанд ажиллана.
6
Энэхүү үйл ажиллагаа нь хоёр улсын боловсролын байгууллагын хөтөлбөр, сургалтын арга зүйн туршлага судлах, хэл соёл зэргийг харилцан сурталчилан таниулах ач холбогдолтой юм. БШУЯамнаас цаашид энэхүү хөтөлбөрийг Япон улстай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
6

-Туршлага солилцох үйл ажиллагаа ямар хөтөлбөрийн дагуу явагдав?
-Бидний туршлага солилцох хугацаа өнгөрсөн тавдугаар сараас эхэлж найман сарын 08-д дууссан. Миний хувьд ахлах сургууль дээр ажилласан. Бид эхний ээлжид Сөүл хотод Солонгос хэлний сургалтад сууж, 14 хоногийн хугацаанд Солонгос багш нарын хичээлд сууж ажиглалт хийсэн. Үүний дараа өөрсдөө монгол соёлын болон мэргэжлийн хичээлүүдээ удирдан явуулж байсан. Би ахлах сургуулийн нэг, хоёрдугаар анги буюу манайхаар 9, 10 дугаар ангийн сурагчдад хичээл орж байлаа.
6
-Монгол соёлын хичээл заасан гэлээ. Монголоо сурталчлах өөр ямар зүйл хийсэн бэ?
- Сурагчдад монгол хэл болон түүх соёлын хичээл заасан. Дотроо ёс заншил, хоол унд гээд төрлүүдээр задраад явдаг. Мөн Чүнчон хотын ахлах сургуулийн сурагчдын эцэг эхчүүдэд 20 цагийн монгол хэлний хичээл заалаа. Тэдгээр багш, сурагч монголын тухай тодорхой хэмжээний ойлголттой болсон.
6
-Солонгосын сургууль, багш нарын давуу тал нь юу байв?
-Олон давуу тал ажиглагдлаа. Тухайн сургуулийн болоод багш нарынх нь хийх ажил нь тодорхой байдаг болохоор ажил цалгардуулна гэсэн ойлголт огт байхгүй. Мөн цагийг маш сайн баримталдаг учир багш ажлаас хоцрох явдал гардаггүй. Бас нэг ялгаатай зүйл нь багш бүр сургалт, хүмүүжлийн болон нийгмийн олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог юм байна. Манайд бол хэдэн идэвхтэй хэд гүйгээд, ихэнх нь ард нь суугаад байдаг байхгүй юу.
6
-Эдгээрээс авч хэрэгжүүлмээр зүйл байсан байх?
-Байлгүй яахав. Тэнд багш нар нь бүтцийн зохион байгуулалтад орчихсон байдаг юм байна. Тухайлбал, судалгааны алба, сурагчдад зөвөлгөө өгөх алба, сургалтын алба нь тусдаа байдаг. Судалгааны алба нь сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх болон тэдэнд хэрэгтэй байгаа зүйлийн талаар судалгаа явуулж, үр дүнд нь явуулах ажлаа тодорхойлдог юм байна лээ. Тухайлбал, төгсөх ангийн сурагчиддаа зориулан мэргэжил сонголтын талаар болон өөрийн улсын, гадаад орны бүх их дээд сургуулийн мэдээллийг цуглуулан тарааж өгдөг. Үүнийгээ маш нарийн, удаан хугацааны судалгааны дүнд хийдэг. Эхний ээлжинд үүнийг хэрэгжүүлмээр санагдсан. Гэхдээ би шийдвэр гаргах түвшиний хүн биш болохоор төлөвлөж байгаад, удирдлагууддаа танилцуулна гэж бодож байгаа.
6
-Солонгос сурагч, манай сурагчдын ялгаатай тал нь юу байна?
-Хүүхдүүдийн төлөвшил маш сайн бөгөөд багаас нь анхаардаг юм байна. Манай улсад сурагчийг сахилгагүйтсэн тохиолдолд “сургуулиас чинь хөөнө” гэдэг үгийг л хэлдэг. Харин амжилт гаргасан хүүхдийг урамшуулдаг, алдаа гаргасанд нь арга хэмжээ авдаг журамтай юм байна лээ.
6
-Сургалтын онцлог, практик ач холбогдолын талаар?
-Манайд өглөө хичээл эхлээд, өдөр тараад л хичээлийн цаг дуусдаг. Харин тэнд үндсэн хичээл нь 04:30 цагт тардаг. Түүний дараа 18 цаг хүртэл дараах сургалт нь орно. 22 цагаас бие даах сургалт буюу сурагчид практик дээр ажиллаж эхэлнэ. Үүнээс гадна улирлын амралтын сургалт гэж байдаг. Энэ бүх сургалт явах анги танхим нь хүрэлцээтэй. Сурах орчин сайтай болохоор сурагчид хичээлдээ их мэрийж, сурлагын чанартаа анхаардаг нь ажиглагдлаа.
6
-Та эхний ээлжид өөрийн сургалтын арга барилдаа авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл байгаа байх?
-Байлгүй яахав. Би эхний ээлжид сурагчдынхаа багаар ажиллах чадвар дээр нэлээд анхаарч ажиллаж, үүнийг төлөвшүүлье гэж бодлоо. Манайд зохион байгуулагдаж байгаа уралдаан тэмцээн болон хичээлийн явцад ч ялгаагүй хүүхдийн ганцаарчилсан төрөл дээр анхаарч, багаар ажиллах чадварт сургадаггүй. Харин Солонгост бол эсрэгээрээ, спортын тэмцээн боллоо гэхэд 20 хүүхэд дээс тоглож, 12-уулаа хөлөө холбочихоод уралдаж байх жишээтэй. Орчин үеийн хүмүүст байх хамгийн чухал чадвар бол багаар ажиллах юм. Тиймээс энэ мэт багаас нь эхлээд маш олон сургалтын арга зүйг сургууль дээрээ цаашлаад дүүрэгтээ авч хэрэгжүүлмээр санагдсан.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ