Ч.Сайханбилэг: Т.Блэйрийн төсөл хэрэгжихэд манайхаас нэг ч төгрөгийн зардал гарахгүй
Их Британийн экс Ерөнхий сайд Т.Блэйр манай улсад айлчилж, Засгийн газарт зөвлөгөө өгөх тухай мэдээлэл гадуур тархсан. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар бүх салбарт олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Энэ төсөл хөтөлбөрүүд гадаадын олон улсын бүх байгууллагуудыг хамарсан байдаг. Дэлхийн банк, олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголтын банк, бусад улсын Засгийн газар, төрийн бус байгууллагууд хооронд хэрэгжүүлдэг. Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Т.Блэйрийн тухайд улс төрийн карьераа дуусгасны дараагаар өөрийн нэрээр сан байгуулсан. Энэ сангийнхаа шугамаар дэлхийн 20 гаруй улсын Засгийн газартай хамтран ажилладаг. Ингэхдээ өөрийн туршлага мэдлэгээ бусад улсын Засгийн газарт зааж зөвлөдөг. Энэ үндсэн чиглэлийнхээ хүрээнд Засгийн газарт хүсэлт тавьсан. Ямар чиглэлээр тусламж, зөвлөгөө өгөх талаар бидний саналыг сонссон. Бид яамдаасаа санал авсны үндсэн дээр боловсрол, эрүүл мэнд, ажлын байр нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, орон сууцны санхүүжилтийн гэсэн таван чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Т.Блэйр сан нь манай улсад байнгын нэг жилийн хугацаатай ажиллана. Хүмүүс нь холбогдох байгууллагуудтай уулзаад, зөвлөгөө өгөөд явж байгаа. Т.Блэйрийн хувьд энэ хугацаанд Монголд гурван удаа ирнэ. Ингэхдээ төслийн явцтай танилцах юм. Эхний удаад есдүгээр сарын 7, 8-нд ирэхээр төлөвлөж байгаа. Энэ айлчлалын үеэр ямар нэг нууц асуудал байхгүй, төслийн шугамаар ирж байгаа юм” гэлээ.
.
Түүнийг мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авсан юм.
.
-Хөрөнгө оруулагчид хөрөнгөө буцаагаад аваад явчихдаг. Т.Блэйрийн удирдсан сан санхүүгийн луйвар, будилаанд холбогддог. Үүнийг судалж үзсэн үү. Хэдий хэмжээний хөрөнгө оруулж байгаа юм бол?
-Т.Блэйрийн улс төрийн үйл ажиллагаа нь дуусгавар болсон. Одоо туршлагаасаа үндэслэн зөвлөгөө, тусламж үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ төсөлд бүтээн байгуулалт хийх нэг ч зүйл байхгүй. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилт, ажлын байр гэсэн салбарт бидэнд бодлогын зөвлөгөө өгнө. Хамтарч ажиллахад бидэнд санхүүжүүлэх мөнгө байхгүй гэдэг саналыг Катарын талд тавьсан. Т.Блэйрийн Монголд байх хугацааны офиссын зардлыг Катарын тал санхүүжүүлэхээр болсон. Энэ төсөл хэрэгжихэд Засгийн газраас нэг ч төгрөгийн зардал гарахгүй.
.
-Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барьсан уу. Ямар өөрчлөлт оруулсан бол.
-Эдийн засгийн нөхцөл байдлаа харахад өсөлт хоёр оронтой тоон дээр байгаа. Ялангуяа барилга, зам тээвэр, хөдөө аж ахуй салбарт 11.3 хувийн өсөлтийг хангасан. Инфляцийн түвшин ноднин 14 хувьтай байсан бол одоо 8.3 хувьтай байна. Бид тавьсан зорилтоо хэрэгжүүлээд явж байгаа. Ажлын байрыг 2009 онд их хэмжээгээр алдаж байсан. Харин өнөөдөр 35 мянган ажлын байр бий болсон гэсэн статистикийн мэдээлэл байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа нь санаа зовоож байна. Үүнтэй холбогдуулаад валютын ханш өслөө. Тиймээс Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна. Энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлгээ Засгийн газрын хуралдаан дээрээ хийгээд УИХ-д өргөн барих болно. Хөрөнгө оруулалтын орчиндоо гадаад, дотоодын гэж ялгаварлахаа болино. Өмнө нь зөвшөөрлийн тогтолцоо гэж байсан. Харин шинэ хуулиар бүртгэл, зөвшөөрлийн тогтолцоог бий болгож байна. Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж байгаа хувь хэмжээнээсээ шалтгаалаад бүртгэлийн ерөнхий байгууллагаар дамжуулаад хуульд заасан хугацаанд бүртгүүлээд үйл ажиллагаа явуулах бололцоотой болгож байгаа нь хуулийн гол өөрчлөлт юм. Хөрөнгө оруулж байгаа гадаадын этгээдийн эзэмшлийнх нь 51 хувийг төрийн өмч эзэлж байвал бид тогтоосон хугацаанд зөвшөөрлийг нь олгоно гэдэг зарчмын том өөрчлөлт хийж байна. Хэрвээ хөрөнгө оруулагч тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд тухайн хугацаанд татварын хуулийн эрх зүйн орчин нь хэвээр үйлчилнэ. Монгол Улсад хөрөнгө оруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах энэ бүх үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан шинэ байгууллага хариуцан ажиллах юм. Хуулинд гол гэсэн ийм өөрчлөлтүүдийг оруулсан байгаа.
.
-Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүн солигдлоо. Яагаад шинээр томилгоо хийх болсон бэ?
-Бид гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, нөхцөл байдлаа сайжруулахын тулд хөрөнгө оруулалтын талаарх дохиогоо гадагшаа зөв өгөх ёстой. Өнгөрсөн хугацаанд “Рио Тинто”-той холбоотой хуримтлагдсан асуудлууд байсан. Энэ асуудлуудаа цэглье гэсний үндсэн дээр компанийн ТУЗ-д тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж байгаа. Шинэ баг, шинэ хүмүүс хоёр талын хооронд үүсээд буй асуудлуудыг яаралтай хугацаанд шийдэхэд тус нэмэр болох байх. Оюутолгойн шинэ бүрэлдэхүүн ойрын хугацаанд Рио Тинто компанийн удирдлагуудтай Лондон хотноо уулзаж, хэлэлцээр хийнэ. Тэд бие биедээ мэдэгдэл өгөх замаар биш харилцан тохиролцож, бизнесийнхээ хүрээнд асуудлуудаа шийдэх бололцоо байгаа байх.
.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ